Хунгийн дуу дуулмааргүй байна

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Хунгийн дуу дуулмааргүй байна

Хил дээр очихоор “Хунгийн дуу” чихэнд сонсогддог сон.  Одоо харин, орчин үед яагаад ч юм энэ дууг дуулмааргүй, гэгэлзмээргүй, сэтгэлээ тэнд тогтоомооргүй санагдах…

Сумын төв… Сум доторх суурин. Хуучны нэг давхар шавар байшингууд…

Орхигдсон, хуучирсан тэр байшингуудад хилчид амьдардаг.

Өдөртөө байрнуудын эргэн тойронд эзэнгүй гэрээ манаж үлдсэн хэдэн хүүхдүүд шулганалдаж, оройн бор хоногтоо л хил, застав дээрээсээ аав, ээж нь ирж харагдана. Амьдралаас элдэв хэрэглээ хүсэхээ больсон хилчдийн даруухан ертөнц… Цэргийн эрээн хувцастай хүмүүс өглөө, оройдоо орж гарах нь л харагдах ийм ажин түжин амьдралыг Монголын хил дагуугаас хэдэнтээ харж болно.

Нэгэн цагт эх орныхоо торгон хилийг манах энэ үүрэг эрхэм байжээ.

Эрхэм санагдуулахаа больсон шалтгаан нь хот суурингаас хол нутагшсан тэдний бодит амьдралыг мартаж орхисон явдал.

Харахад хал суусан цэргийн улс болохоос халдахад тэдний амьдрал хэтэрхий даруу, хэт сэтгэл ханамжгүй. Хилээс хил, заставаас заставт томилогдон очих, тогтвор суурьшилгүй, тохь тухгүй ийм амьдралд нэг насаа үдэж байгаа хилчин хосууд ирээдүйд эх орноо хамгаалуулахаар хүүгээ илгээнэ гэдэг халшрам санагдахаар.

Аав, ээжийгээ даган хэн ч очдоггүй шахам хилийн дэргэд өсч байгаа хүүхдийн ирээдүй ямар байх вэ?

“Монгол Улсны хил зөрчилгүй, тайван хонолоо” гэсэн мэдээ өгөхөөс хилийн заставын амьдрал эхэлнэ. Эх орны минь торгон хил амгалан хоножээ…

…Буцах хунгийн дуунаар сэрсэн

Буурал намрын цагаан шөнөөр

Анхны цасны ширхэгт шингээд

Сормуусан дээр чинь хайлах дөхлөө…..

Хил дээр очихоор “Хунгийн дуу” чихэнд сонсогддог сон.  Одоо харин, орчин үед яагаад ч юм энэ дууг дуулмааргүй, гэгэлзмээргүй, сэтгэлээ тэнд тогтоомооргүй санагдах.

Үүнийг ойлгохын тулд хил дээр очоод үзээрэй.

Бидний амар амгаланг манаж суугаа хилчид ямар гэрт, ямар байранд, яаж амьдардгийг хараарай. Хараад та гайхна.

Тэдэнд ар гэрийн амьдрал гэж байхгүй. Үүрийн гэгээнээр гэрээсээ гарсан хилчид үдшийн бүрийд оронгийнхоо барааг хардаг.

Өөртөө битгий хэл үр хүүхэд, хань ижилдээ халамж тавьж чадахгүй, цаг наргүй ажиллах хилчдийг хүйтэн гэр, ундаассан хүүхдүүд угтах нь ердийн үзэгдэл. Гэвч, хилчид хэзээ ч энэ амьдралдаа гомдож, бас өргөсөн тангарагаасаа зугтаж үзээгүй.  Цалин хөлс нэмж, хангамжийг маань сайжруулж гэж жагсаал цуглаан болж байсангүй. Гэхдээ хүн л болсон хойно тэдэнд хүнд хэцүү зүйлс олон бий. Ядаж л хил дагуух хэдэн заставаа дулаан байр, нийтийн тухтай орон сууцаар хангамаар байна. Хилийн манаанд хүйтэнд хөрч, халуунд халж, унтах нойроо хугаслан зүтгэдэг тэр хүмүүсийг хаана ч нүүж, томилогдож очсон шавар дагзанд амьдардаггүй болгомоор байгааг хөндмөөр санагдав. Шувуу ч нисэхгүй газар амьдарч байгаа хилчдийн амьдрал хэдийгээр сайжирсан гэх ч хэдийд ч нураад унахад бэлэн шавар амбаарт амьдарч, хоолтой, хоолгүй хонох өдрүүдийг туулж явна.

Өнөөдөр захын нэг уурхайн кэмп Монгол Улсын хилийн заставын байр, сууцнаас тохилог, тав тухтай байгаа.  Гэтэл эргэх дөрвөн улиралд ээлжгүй, эх орныхоо торгон хил дээр ажиллах хилчид зөөврийн устай, галладаг пийшинтэй, үеэ өнгөрөөсөн шавар байшинд залуу нас, жаргаж туулах амьдралаа элээж байна. Дал, наян жилийн өмнө барьсан хилчдийн суурингууд элэгдэл, хорогдлын туйлд хүрснийг Монголын ямар ч застав, ямар ч суманд очсон харж болно.

Тэнд уг нь ямар ч сайхан залуу дэслэгч очсон хэнээс ч дутахгүй амьдралаа эхлүүлж, хилийн цэргийн хүнд албаас залхаж төвөгшөөдөггүй орчин бүрдүүлбэл чухал.

“Шинэ сум” гэдэг шиг “Шинэ цагийн хилчид” гээд орон сууцжуулж болно.

Хил манаж байгаа хэдэн сайхан эрсээ хүйтэн, хуучин байшинд бээрүүлж суулгамааргүй байна. Хүйтэн, нойтон байшинд зутруу амьдарч байгаа хилчдийнхээ ажлын онцлог, нөхцөл байдалд нь тохирсон амьдрах сууцаар хангаж өгөхгүй бол хил дээр насаа барж байгаа хилчид чинь хэцүүдэж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй.

Хилийн застав үнэхээр хүний тэсвэр тэвчээрийг шалгасан амьдрал ажгуу. Тийм ч учраас хэр баргийн хүн хилчин болдоггүй гэдэг үнэн бололтой.  Нөгөө талаар, тэдний амьдарч байгаа орчин нөхцөл ч нөлөөлдөг биз. Хүн л болсон хойно ядарна, шантарна. Тэр бүхнийг төр л дэмжихгүй бол тангараг өргөсөн гээд хилийн манаад өдөр, шөнөгүй зогсоо хэдэн хилчдээ зоргоор нь орхиж боломгүй мэт. 

Эх орны маань хил тайван байх нь энэ хэдэн хилчдээс хамаарна.

Хилийн тэнгэр цэлмэг байг, хилчдийн амьдрал ч бас цэлмэг байг ээ. Хэзээ нэгэн сайхан цагт хил дээр очиж, “Хунгийн дуу” дуулмаар л байна, уг нь.

Ж.ЭРХЭС

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж