Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын аравдугаар багийн иргэн Д.Баасангийн адуун сүрэгт ихэр унага төржээ. Түүний адуун сүргийн есөн настай хүрэн гүү гурав дахь төлөөрөө зээрд зүсмийн хоёр охин унага эзэндээ бэлэглэсэн нь энэ аж. Энэ бүс нутгийнхан эртнээс гүү ихэрлэсэн тохиолдолд халуун хошуут адуун сүрэг өсөхийн бэлгэдэл хэмээн баярлаж, хошуу ноёндоо айлтгадаг байсан уламжлалаа бодож, малчин Д.Баасан аймгийн Засаг даргатай уулзаж энэ тухай хэлсэн байна. Мөн тэрбээр гүүний эзэн шинэ эмээл төхөөрдөг ёс заншлыг гүйцэтгэх аж.
Тус аймаг 108 мянган толгой адуун сүрэгтэй бөгөөд энэ хавар 35600 гүүнээс төл хүлээн авах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар үүнээс 24 хувь нь унагалаад буй талаар “Монцамэ” агентлаг мэдээлжээ.