Увс аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх зорилтод “Сэтгэдэг сургууль, бүтээдэг аймаг” гэсэн томоохон бодлого дэвшүүлсэн. Энэ бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимид, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ядамсүрэн нар аймгийн төвийн зургаан сургууль, Улаангом Политехник коллежийн технологийн багш нартай уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Уулзалт ярилцлагын гол сэдэв нь аймгийнхаа 90 жилийн ойтой уялдуулан бүтээлч санаачилгыг өрнүүлж, ажил хэрэг болгох явдал. Гудамж талбайн тохижилт, хөшөө дурсгал, бэлэг, сувинер, лого бэлгэ тэмдэг гээд уран бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийн санаачилга, оролцоо чухал хэрэгтэй байгааг энэ үеэр ННХ-ийн дарга Б.Ядамсүрэн онцолж байлаа. Тухайлбал “Сэтгэдэг сургууль, бүтээдэг аймаг” бодлогын хүрээнд хүүхэд нэг бүр бүтээл хийж “Авьяас-2015” уралдаанд оролцох. Улмаар сурагчдын шилдэг бүтээлийг аймгийн 90 жилийн ойн бэлгийн дээжид оруулах, сурагчдын бүтээлээр дагнасан дэлгүүр ажиллуулах зэргээр хүүхдээсээ эхлээд, багш эцэг эх, хувийн хэвшлийнхний ашиг орлогыг нэмэгдүүлэх ажлыг үр ашигтай зохион байгуулах нь 90 жилийн ойн хүрээнд иргэддээ оруулж буй хөрөнгө оруулалт байх болно гэсэн.
Мөн гудамж талбай тохижуулах, бэлэг дурсгалын зүйлс хийж, худалдах, хогоо хэрхэн шийдсэн зэрэг асуудлуудын хүрээнд гадаадын орнуудыг туршлагыг аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд багш нартай хуваалцсан. Ингээд 90 жилийн ойн хүрээнд бэлэг дурсгал, сувинер, зам талбайн тохижилт, хөшөө дурсгалын загвар,зохион байгуулалтын ажилд өгөх бүтээлч санаагаа цаасан дээр буулгаж, загвар дизайныг нь гаргаад 3-р сарын эхээр дахин уулзахаар тогтлоо. Иргэд, хувийн хэвшлийнхний бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах зах зээл бий болгох нь 90 жилийн ойн гол зорилгуудын нэг байх учраас иргэд, олон нийтийг шинийг санаачилж, төрөөс санаачлан хийж буй ажлуудыг дэмжиж, санал өгч хамтран ажиллахыг уриалж байна.
Эх сурвалж: www.uvs.gov.mn