Дэлхий нийтийг түгшээж буй эбола вирусын халдвар тархсан тивд Монгол Улсын иргэд зорчсон гэх мэдээлэл байна. Бидэнд олдсон мэдээллээр халдварын бүс нутаг болсон Африк тивийг Монголын 10 гаруй иргэн зорьж, уул уурхайн чиглэлээр ажиллахаар явжээ. Тодруулбал, сэлбэг хэрэгслийн худалдаа, өрөмдлөгийн үйл ажиллагаа эрхэлдэг “Уран дрийлэнг” ХХК монгол ажилчдыг өрөмдлөг хийлгэхээр явуулсан бөгөөд ирэх сард ч мөн хэд хэдэн хүн нэмж явах сурагтай.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Африк явсан ажилчид явахаасаа өмнө эболагийн халдвараас сэргийлэх тарилга хийлгэсэн байна. тарилга хийлгэхдээ Этиоп улсад зорчино гэж бичүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх тарилгад 100 хувийн баталгаа өгч чадахгүй байгаа, дэлхийн бусад улс орнууд халдвар тархсан, бүртгэгдсэн бүс нутгуудад зорчихгүй байхыг анхааруулж байгаа энэ үед заавал Африкийг зорьсон нь болгоомжлол төрүүлж байна.
Баруун Африкийн Гвиней улсаас 2013 оны 12 сараас эхлэн тархсан Эбола вируст халдварын дэгдэлт газар авч, 2015 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи зэрэг дэлхийн 10 улсад тархаад байгаа. Өссөн дүнгээр 21790 хүн өвчилж, 8691 хүн буюу нийт өвчлөгсөдийн 39 хувь нь нас барсан гэж Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвийн шинэ мэдээнд дурьдсан байна.
С.СҮРЭН