Дэлхийн кино урлагийн томоохон наадмуудын нэг "29th ASC Annual Awards" буюу Америкийн шилдэг кино зураглаач шалгаруулах 29 дэх удаагийн наадмыг “News” агентлаг албан ёсны эрхтэйгээр сурвалжлахаар боллоо.
Америкийн кино зураглаачдын холбооноос зохион байгуулдаг 29 дэх удаагийн наадамд дэлхийн алдартай жүжигчид, найруулагчид, наадамд нэр дэвшигчид болон кино түгээгч, үйлдвэрлэгч байгууллага болох "Universal Studios", "Warner Bros", "Paramount Pictures", "Sony pictures" зэрэг томоохон компаниудын төлөөлөгчид, дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 1600 гаруй зочин оролцох юм.
Америкийн кино зураглаачдын холбоо нь 1920 онд байгуулагдаж, 1986 оноос хойш шилдэг зураглаач шалгаруулах наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.
Холливудын төдийгүй дэлхийн чадварлаг киночдыг өндөр босго, хатуу шалгуураар шалгаруулан, эгнээндээ нэгтгэдэг эл холбоонд Монгол Улсаас анх удаа гишүүнээр элссэн уран бүтээлч бол зургийн найруулагч Д.Ангараг юм.
Америкийн шилдэг кино зураглаач шалгаруулах 29 дэх удаагийн наадам хоёрдугаар сарын 14-нд Лос Анжелас хотноо болно. Наадмын үеэр манай агентлаг дэлхийн алдартай жүжигчид, найруулагчидтай хийсэн ярилцлагыг цаг алдалгүй уншигчиддаа хүргэн, ажиллах болно.
Э.ТЭКҮ