“Шилэн нам” хэмээх шинэ ойлголт

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

“Шилэн нам” хэмээх шинэ ойлголт

Намуудын санхүүжилт, түүний зарцуулалтын талаар уншигч та хаа нэгтэйгээс мэдээлэл  харж байсан уу. Олонх нь үгүй гэж  хариулах байх.  Намууд санхүүжилтээ хаанаас олж, юунд зарцуулж байгаагаа мэдээлдэггүй, мэдээлсэн ч хүн үзэх вий гэсэн аятай албан ёсны вэб хуудасныхаа  булан тохойд нь  байрлуулж байна. Иргэд, олон нийт намд хэн хэдэн төгрөг хандивлаж байна, түүнийг нь  хэрхэн зарцуулж байгаад эргэлздэг ч, нууц, далд байх ёстой мэтээр асуудалд хандах нийтлэг хандлага давамгайлж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд ч сонгуулийн бус, сонгуулийн үеийн намын санхүүжилтийн мэдээлэл хангалтгүй, хаалттай. Төрийн алба хаагчид, өндөр албан тушаалтнууд Авлигын хуулийн хүрээнд Хөрөнгө орлогын мэдүүлэг  өгдөг болсоор хэдэн жилийн нүүр үзэж байгаа ч олон нийтэд ойлгомжтой, хангалттай мэдээлэл алга л байна. Намуудын санхүүжилт, улстөрчдийн хэлхээ холбоо, ашиг сонирхлын талаарх мэдээллийг нээлттэй ил тод болгох Шилэн нам төслийг “Нээлттэй нийгэм  форум”, “Мидас” ТББ-тай хамтран эхлүүлжээ.

Төслийг санаачлагчид  Улстөрийн намын тухай хуульд заасаг санхүүжилт ил тод байх  заалт бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаагаас улсын төсвийн хариуцлага сулрах, мөнгөний зарцуулалтад улстөр бизнесийн бүлэглэлийн сонирхол давамгайлах, иргэн хяналт тавих  боломжгүй зэрэг сөрөг үр дагаврууд бий болж байна гэж үзжээ. Тиймээс улстөр дэх мөнгөний хяналтыг сайжруулах  нь тулгамдсан асуудал гэж тодорхойлсон байна. Төслийн хүрээнд  гадны улсуудын  хэрэгжүүлсэн намын санхүүжилт, улстөрчдийн хөрөнгө  орлогын мэдүүлэг, тэдний  холбоо сүлжээ, эрхэлдэг бизнес гээд олон нийтэд  мэдээллийг ойлгомжтой ил тодоор авах боломж олгохоор зорьж буй. Ингэхдээ гадны улс орнууд ийм төрлийн мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, цэгцтэй хүргэж буй зарим вебсайтаас санаа авсан байна. Ингэснээр Хөрөнгө орлогын мэдүүлэгт үндэслэсэн улстөрчдийн санхүүгийн мэдээллийн сан, улстөрчдий намтар, бусад мэдээлэлд суурилсан хэлхээ холбоосын мэдээллийн сан, Сонгуулийн ерөнхий хорооны  тайланд үндэслэсэн намуудын санхүүгийн мэдээллийн сан бий болох аж.жишээ нь opensecrets.org  веб сайтад намын санхүүжилт маш  нарийвчлалтай  мэдээлдэг  гэнэ.

Салбар салбараар нь хамгийн их хандив өгсөн хандивлагч, хандивыг хэнд өгсөн болон бусад лобби бүлгүүдийн талаар мэдээлсэн байдаг аж. Энэхүү жишээг дурдаж байгаа нь  Монгол Улсад намын санхүүжилт, хандивын талаарх мэдээлэл байгаа ч хэнд ч хэрэггүй, ашиглахад ойлгомжгүй байгааг өөрчлөх нь энэхүү  төслийн зорилго юм.   Төслийн хүрээнд намуудын санхүүгийн үйл ажиллагааны тайлан мэдээлэл бүхий веб www.shilennam.mn веб сайт, шилэн нам facebook хуудас, twitter аккаунт, shilennam.gmail.com хаяг  ирэх дөрөвдүгээр сард бэлэн болно.  Мэдээлэл цуглуулах ажил тавдугаар сар хүртэл үргэлжилж,  төслийн багийнхан 3 жилийн хугацаанд мэдээллээ шинэчлэх юм. Намын санхүүжилтийг ил болгох нь хандив өгөхийг хориглож  байгаа зүйл биш. Гагцхүү хэнд ямар ашиг сонирхол байгааг,  улстөрд ашиг сонирхлоос үүдэлтэй албан тушаалын наймаа, тохиролцоо явж буй эсэхэд хяналт тавихад чиглэж буй. www.shilen.mn веб сайтад парламентад суудалтай болон суудалгүй намуудын сонгуулийн болон сонгуулийн бус   үеийн санхүүгийн тайлан , сонгуульд хэр хэмжээний мөнгө зарцуулсан тухай, ямар ашиг сонирхолын зөрчилтэй болох, аль салбарын тусламж, хандивын мөнгөөр парламентад сонгогдсон зэрэг чухал ач холбогдолтой мэдээллүүдийг нийтэд хүргэх юм.  Мөн энэ сэдэвтэй холбоотой хууль тогтоомж, хуулийн төсөл, олон нийтийн хэлэлцүүлэг, судлаач шинжээчдийн байр суурь, нийтлэл зэрэг мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой болох аж.

Их хэмжээний мөнгө улстөрчид, намуудад эрэлдэж, эрх баригчдын хөрөнгө  тогтмол өсч буй энэ үед намуудын санхүүжилтийг ил тод болгох нь чухал алхам.  2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам 11.2, МАН 10.1 тэрбум, бүх нам нийтдээ 35.7 тэрбум төгрөг зарцуулсныг Сонгуулийн ерөнхий хороо мэдэгджээ. Тайланд МАН-д 2525, Ардчилсан намд 3000, “Шударга ёс” эвсэлд 1300 хүн тус бүр хуульд зааснаар нэг хүртэл сая төгрөг хандивласан талаарх СЕХ-ны мэдээ бий.  Энэ сонгуульд 76 тойрогт 354 хүн нэр дэвшиж, намын жагсаалтаар 190, бие дааж 26 хүн буюу нийт 544 хүн оролцсоныг дунджаар тооцвол нэр дэвшигч тутамд 65 сая төгрөг  ногдож буй нь бодит байдалтай нийцэхгүй гэж үзэх нь бий. Учир нь намууд жагсаалтаар нэр дэвшүүлсний шанд гишүүн бүрээс хандив нэрээр мөнгө татсан байх магадлалтай. Энэ дүнгээ тайландаа  тусгахгүй байхад л хангалттай учир дээрх тоо бодит байдалтай нийцэхгүй гэж үзэх нь нэг талаас зөв.

Энэ мэт гажуудал, хаалттай ойлгомжгүй байдлыг  өөрчлөхөд “Шилэн нам” төсөл үр дүнгээ өгнө  гэж найдаж байна. Үүнд намуудын өөрсдийнх нь хүсэл зориг чухал гэдгийг  онцолъё. “Шилэн нам” хэмээх шинэ ойлголт, шинэ хандлагын төлөө тэмүүлцгээе.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж