Лиценз олголт тойрсон эргэлзээ

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Лиценз олголт тойрсон эргэлзээ

Таван жилийн турш хориотой байсан хайгуулын лиценз олголт энэ сарын 26-наас буюу даваа гаригт эхлэв. Урьд өмнөхөө бодвол энэ удаагийн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо өргөдлийг цахимаар авах, мөн хэн түрүүлж өргөдлөө өгнө, тэр хүнд эхэлж лиценз олгохоор шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд тусгасан бий.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохтой холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар баталсан юм.  Уг хуульд заасны дагуу, мөн хуультай холбоотойгоор Засгийн газраас  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон.

Ашигт малтмалын газар даваа гаригаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар авахдаа саатал үүсгэж, үүнээс болоод зарим нэг хардлага ч төрүүлэхэд хүргэсэн юм.

Тагнуулын ерөнхий газраас Ашигт малтмалын газрын толгой компьютерийг битүүмжилсэн гэдэг мэдээлэл хэвлэлээр цацагдаж, үүний хариуд Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа “Тус газраас хийдэг ээлжит шалгалт байсан. Толгой компьютерийг битүүмжилсэн асуудал байхгүй” гэсэн тайлбар өгч байна. Харин тагнуулынхан энэ талаар ямар нэгэн хариулт одоогоор хийгээгүй байгаа билээ.

Тагнуулын ерөнхий газраас лиценз олгохтой давхсан Ашигт малтмалын газрын компьютерийн сүлжээнд шалтгал хийснийг зүгээр ч нэг тохиодлын хэрэг гэж хэлэхэд хэцүү

Өмнө нь ТЕГ-аас ийм шалгалт хийдэг байсан эсэхийг үнэндээ хэн мэдэх билээ. Тиймээс л хайгуулын лицензийг цахимаар олгох ажлын цаана ямар нэгэн “но” нуугдаж байв уу гэсэн эргэлзээтэй асуултыг олон нийтэд үлдээж байгаа юм.

Цахим системд нэврэх зөвшөөрлийг АМГ-ынхан 500 мянгаас хоёр сая төгрөгөөр үнэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл,  Ашигт малтмалын газраас зохион байгуулж байгаа цахим системд долоо хоногийн турш нэвтрэх эрх авахад 500 мянган төгрөгийн төлбөр төлөх гэнэ.

Харин нэг сарын турш нэвтрэхээр бол хоёр сая төгрөг. Хэрэв хоёр сарын турш уг цахим системд нэвтрэх бол дөрвөн сая, гурван сарын турш нэвтрэх бол зургаан сая гэх мэтчилэнгээр мөнгө  төлнө.  Мөн цахимаар нэвтэрч, өргөдөл гаргах дугаар авсан аж ахуйн нэгж, хувь хүнд өргөдлийн үйлчилгээний хураамжид 250 мянган төгрөг тушаах гэнэ. Мэдээж, сонирхож буй талбай бүхэндээ өргөдөл гаргах бөгөөд өргөдөл тус бүртээ 250 мянган төгрөгийг төлөхөөр журамд заажээ.

Энэ мөнгө Ашигт малтмалын газар юм уу, Уул уурхайн яамны дансанд орохгүй Төрийн санд төвлөрөхийг Б.Батхүү дарга онцлов. Үүнийгээ Уул уурхайн яам эрсдлээс хамгаалах үйлчилгээ гэж тайлбарлаж байна. Учир юу вэ гэвэл хэн нэгэн цахимаар хайгуулын тусгай зөвшөөрлийн олголт хүссэн өргөдөл авчихаад цаашдаа дамлах, эсвэл хайгуулын тусгай зөвшөөрлөө хэн нэгэнд дамжуулан худалдах вий гэсэн болгоомжлолын үүднээс ийн багагүй мөнгөний хураамжаар асуудлыг аль болохоор эрсдэл багатай зохицуулах оролдлого гэнэ.

Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг тогтоохдоо Монгол Улсын зарим нэгэн хууль дүрэмд нийцүүлсэн гэнэ. Урт нэртэй хуулийн дагуу ой, ус, гол мөрний сав газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй  болохыг онцлов.

Аж ахуйн нэгжийн тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг орон нутагт  явуулж, зөвшөөрлийг нь авахаар Ашигт малтмалын хуульд тусгажээ

Хэрэв орон нутгийн  удирдлагууд тухайн талбайд зөвшөөрөл олгохгүй гэвэл ямар хуулийн заалтын үндэслэн байгаагаа тайлбарлах гэнэ. Ямар нэгэн хуулийн тайлбаргүйгээр зөвшөөрөл олгохгүй гэсэн орон нутгийн шийдвэр хүчингүйд тооцогдох аж.  Гэхдээ орон нутгаас зөвшөөрөхгүй  гэсэн хариулт ирэхгүй, яагаад гэвэл бусад хуультай зөрчилдөх талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл хүлээж авахгүй болохоор тэр гэдгийг салбарын яамныхан тодотгож буй юм.  Орон нутгаас хувь хүн, аж ахуйн нэгжийн гаргасан өргөдөлтэй танилцаад зөвшөөрлийг нь өгвөл 30 хоногийн дараа тусгай зөвшөөрлийг нь гаргаж өгөхөөр Ашигт малтмалыг тухай хуулийг хэрэгжүүлэх журамд тусгажээ.

Ашигт малтмалын газраас цахимаар өргөдөл хүлээж авах үйлчилгээ ямар нэгэн доголдолгүй болохыг онцолж буй ч эхнээсээ асуудал дагуулсан энэ үйлчилгээ багагүй эргэлзээ төрүүлж буйг хэлэх хэрэгтэй юм. 

2010 оноос хойш хориотой байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхэлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.доллараас 845 сая болтлоо буурсан нэг шалтгааныг  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосонтой холбоотой гэх хүмүүс байдаг.

Ийнхүү таван жил хүлээлт үүсгэж, хориотой байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажил эхэлснээр багагүй хэл ам, хардлага шүүмжлэл ч гарч эхэллээ.

Нэгэн цагт Монгол орны нийт нутгийн 40 хувийг эзэлж байсан хайгуулын тусгай зөвшөөрөл одоо  долоон хувийг эзэлж байгаа. Хэсэг хугацааны дараа Тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхэлсэн ч өмнөх шигээ замбараагүй байдал үүсэхгүй гэдгийг Уул уурхайн яамныхан амлаж байна. Гэхдээ хариуцсан байгууллагуудын хариуцлага, иргэн бүрийн хяналт хэрэгтэй. Тэгж байж энэ чухал асуудал үнэн шударга үргэлжлэх билээ.

Ж.НЯМСҮРЭН


ХОЛБООТОЙ МЭДЭЭГ ҮЗЭХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж