Залуусын сонсох дуртай, поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлаг Бээжинд одтой байлаа. Тэд БНХАУ-ын төв телевиз BTV-гээс зургаа дахь жилдээ зохион байгуулсан “You can” дуучдын олон улсын уралдаанд амжилттай оролцож шилдэг хамтлагаар тодорсноор БНХАУ-ын томоохон Еntertainment production-уудтай гэрээ байгуулах болжээ. “S4” хамтлагийнханд одоогоор Бээжин болон Шанхайн менежментийн компаниуд хамтран ажиллах санал тавиад байгаа юм байна.
Уг уралдааны эхний шатанд Испани, Орос, Аргентин, Япон, БНСУ, Америк зэрэг олон орны 8000 гаруй уран бүтээлч авьяас чадвараа сорьсноос 140 гаруй нь хоёрдугаар шатанд уригдаж өрсөлдсөн. Тэднээс шилдэг 14-ийг тодруулахад манай “S4” багтсан юм. Тус хамтагтай beat box Бачка хүч хавсарсан.
Уралдааны журамд дуучид, хамтлагууд өөрсдийн уран бүтээлээс нэгийг, мөн өөрсдийн тааллаар сонгосон нэг хятад дууг хүссэнээрээ найруулж дуулна гэж заасан. Тус хамтлагийг уг уралдаанд оролцуулах продюссерийн ажлыг алдарт “Эргүна” хамтлагийн дуучин Нарсу хийсэн байна.
Р.ОЮУНЖАРГАЛ