Олимпийн ерөнхийлөгчийн үг

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Олимпийн ерөнхийлөгчийн үг

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж тэргүүтэй спорт холбоодынхон мэдэгдэл хийж, 2001 оноос өнөөдрийг хүртэл тус байгууллагыг удирдаж байгаа МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн 2012 онд дахин сонгогдож, 2016 он хүртэл МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллах болсонд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байсан билээ.

Спорт холбоод “Олимпизмийг аврах хөдөлгөөн” байгуулсан байгаа бөгөөд үүнд их аварга Д.Дагвадорж, Монголын олимпийн медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан, Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, спортын сэтгүүлч Н.Тамир нар нэгдэн, МҮОХ-ны удирдлагыг чөлөөлөгдөхийг шаардаж байгаа. Тодруулбал, тэд,“МҮОХ-ны удирдлагууд ёс зүйгүй, ОУОХ-ноос ирүүлдэг төрөл бүрийн санхүүжилт, Азийн олимпийн зөвлөл, дотоод, гадаадын компани, байгууллагуудын дэмжлэг болоод тэдгээрийн санхүүжилтийг хэрхэн ямар зорилгоор зарцуулагддаг нь тодорхойгүй, удирдлагууд нь байнга гадаад руу томилолтоор явдаг, Д.Загдсүрэнгийн шүүхээс ял шийтгэгдсэн байдал нь Олон улсын Олимпийн Харти, Олон улсын Олимпийн хорооны ёс зүйн дүрмийг зөрчиж байна” гэх мэдэгдлийг хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нээлттэй захидал явуулсан юм.


Харин “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ийхний тавьж буй асуудалд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өчигдөр /I.28/ анх удаа албан ёсоор хариу мэдэгдэл хийлээ. Түүний хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн тайлбарыг хүргэж байна.

Д.ЗАГДСҮРЭНТЭЙ ХОЛБООТОЙ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТУХАЙД:

-Би МҮОХ-ны ерөнхийлөгчөөр 12 ажиллаж байна. Энэ хугацаанд миний хийсэн ажил, бүтээн байгуулалтын талаар би ярихгүй. Даамын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ намайг АТГ-т  гомдол гаргаж, 2013 оны хоёрдугаар сараас шалгуулсан. Бүтэн нэг жилийн хугацаанд намайг болон манай олимпийн хорооны бүх бичиг баримт, сүүлийн 10 жилийн санхүүгийн үйл ажиллагааг шалгасан. Ингээд 2014 оны хоёрдугаар сард шүүх хурал болж, дараах зүйлийг шалган тогтоож, шийдвэр гаргасан юм.

Нэгдүгээрт, Д.Загдсүрэн нь МҮОХ-ны болон олон улсын байгууллагаас ирсэн хөрөнгө мөнгийг завшсан зүйл байгаагүй.

Хоёрдугаарт, Д.Загдсүрэн нь Тамирчдын сэргэлтийн төвийн барилгыг МҮОХ-ны санхүүжилтээр бариулаагүй.

Гуравдугаарт, Харин МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлын шийдвэргүйгээр МҮОХ-ны эзэмшил газраас “Нийслэл өргөө” ХХК-д 30×100 метрийн хэмжээтэй газрыг олгосон нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 266-гийн 2-т зааснаар 3 жил хорих, 2 жил албан тушаал эрхлэх эрхийг хассан ял оноосон. Энэ зүйл анги нь 2009 оны Өршөөлийн хуульд хамрагдаж, өршөөгдсөн.

МҮОХ-НЫ ЭЗЭМШИЛ ГАЗРЫН ТУХАЙД:

-МҮОХ-ны Удирдах дээд байгууллага бол Олимпийн чуулган. Чуулганаас Гүйцэтгэх зөвлөл сонгогддог. Энэ чуулганаас надад “Спорт” зочид буудал барих, байт харвааны олон улсын стандартад нийцсэн талбай байгуулахыг үүрэг болгосон чуулганы тогтоол 2004 онд гарсан юм. Энэ тогтоолын дагуу “Нийслэл өргөө” ХХК-тай гэрээ байгуулж, тэд өөрийн хөрөнгөөрөө “Спорт” зочид буудал барихаар болж, дээрхи 30×100 метрийн хэмжээтэй газрыг “Нийслэл өргөө” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн, миний гарын үсэгтэй албан бичгийг Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн юм. Газар шилжүүлэх, эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр олгодог. Материалаа бүрдүүлээд Газрын албанд чуулганы шийдвэрийн хамт өгсөн. Ингээд 2006 онд газрыг “Нийслэл өргөө”-д шилжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл тэр газар дээр байт харвааны тамирчид бэлтгэлээ хийсээр байгаа. Харин Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар энэ асуудлыг оруулж, шийдвэр гаргаагүй нь миний алдаа байсан. Дээрхи “Нийслэл өргөө” ХХК-д шилжүүлсэн газрыг хуулийн байгууллага 47,0 сая төгрөгөөр үнэлүүлж, ийм хэмжээний хохирол байгууллагад учруулсан гэж үзсэн. Одоо энэ газар шүүхийн шийдвэрээр буцаад МҮОХ-нд шилжиж байгаа.

ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРООНЫ БАЙР СУУРЬ ЯМАР БАЙГАА ВЭ?:

-Миний талаар Ч.Бат-Эрдэнэ /Даамын холбооны дэд ерөнхийлөгч/, Д.Жаргалсайхан /Оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/ нар удаа дараа Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-нд захидал хүргүүлж ирсэн. Тэд өнгөрсөн оны сүүлээр ОУОХ-нд захидал бичиж, надтай холбоотой шүүхийн шийдвэрийн хамт хүргүүлсэн юм билээ. Саяхан ОУОХ-ноос ирүүлсэн албан бичигт “ОУОХ-нд ирүүлсэн мэдээлэл болон холбогдох бичиг баримтуудыг ОУОХ-ны Ёс зүйн хороотой хамтран нарийвчлан шалгаад, Олон улсын олимпийн хартийг зөрчсөн зүйл байхгүй байна” гэсэн хариу бичиг ирүүлсэн.

МҮОХ-НЫ САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙД:

-Нэгдүгээрт, МҮОХ төрөөс санхүүжилт авдаггүй, төрийн бус байгууллага. Хоёрдугаарт, МҮОХ нь Олон улсын байгууллагаас сар бүр 200,000 ам.доллар авдаг гэсэн буруу мэдээлэл ярьж байна. МҮОХ-нд сар бүр биш, жилд дунджаар 300,000 ам.долларын санхүүжилт орж ирдэг юм. Дээрхи 300,000 ам.доллараас 125,000 ам.доллар нь захиргаа, аж ахуйн зардалд, үлдсэн нь хөтөлбөр, төсөлд зориулагдсан байдаг. Жишээ нь, дасгалжуулагчдын сургалт, тамирчдын тэтгэлэг, олимпийн сургалт, сурталчилгаанд, спорт холбоодод дэмжлэг үзүүлэх гэх мэт. Бид хөтөлбөр бүрийн тайланг тухай бүрт нь гаргаж ОУОХ-нд явуулдаг. Манай хорооны ажилтнууд доллараар цалинждаггүй, ажилласан жил, эрхэлж буй ажлаас шалтгаалан дундаж цалин нь 450,000-600,000 төгрөг байдаг. МҮОХ-ны санхүүгийн үйл ажиллагааг Хянан шалгах зөвлөлөөс жил бүр шалгадаг, мөн хөндлөнгийн аудитээр ч бид ордог. Нууж хаагаад байх зүйл байхгүй. Жил бүрийн бүх гишүүдийн хуралд санхүүгийн тайланг мэдээлж, сэтгүүл болгон гаргаж хүргэдэг.

МҮОХ-НЫ ГИШҮҮДИЙН ХУРЛААР Д.ЗАГДСҮРЭНГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙД:

-МҮОХ-ны дүрмийн дагуу жил болгоны арванхоёрдугаар сард Гишүүдийн хурал болдог юм. Тус хурлаар тухайн жилийн үйл ажиллагааны тайлан, хянан шалгах зөвлөлөөс санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, мөн гишүүн байгууллага, гишүүдийг нөхөн сонгох чөлөөлөх тухай асуудал хэлэлцдэг. Энэ хурлаар Ч.Бат-Эрдэнэ /МҮОХ-ны гишүүн бус/, Д.Дагвадорж /МҮОХ-ны гишүүн бус/, Д.Жаргалсайхан, Н.Баярсайхан нарын хүсэлтээр намайг цаашид МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллуулах, итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад, гишүүдийн 96,89 хувь нь надад итгэл хүлээлгэх нь зүйтэй гэсэн Гишүүдийн хурлын шийдвэр гарсан.

ЭНЭТХЭГИЙН ОЛИМПИЙН ХОРООНЫ АСУУДАЛД:

-Энэтхэгийн олимпийн хорооны сонгуулийн үйл ажиллагаанд Засгийн газар нь оролцож, Олимпийн хартийг зөрчсөн тул Энэтхэгийн олимпийн хороог ОУОХ-ны гишүүнээс хасах шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас гаргасан юм. Төрийн бус байгууллагын сонгуулийн үйл ажиллагаанд төр оролцсоноос болж ийм хэрэг болсон. Олимпийн хартийн 27-р зүйлд “Үндэсний олимпийн хороод нь бие даасан байдлаа бүрэн хангаж, улс төр, хууль эрх зүй, шашин, бизнесийн аливаа дарамт шахалтыг эсэргүүцэж, хараат бус байна” гэж заасан байдаг. Манай төр, засгийн байгууллагаас МҮОХ-ны үйл ажиллагаанд дарамт шахалт үзүүлэх, дотоод ажилд оролцох аливаа тохиолдол байгаагүй. Гэхдээ 2012 оны чуулганы өмнө, тухайн үед ССАЖЯ-ны Газрын дарга байсан Д.Жаргалсайхан “Чуулганыг хойшлуулах тухай” албан бичгийг яамнаас манайд ирүүлж байсан. Энэ үед дэд ерөнхийлөгч Ц.Дамдин ССАЖЯ-ны сайдтай уулзаж, МҮОХ нь Олимпийн харти, дүрмийнхээ дагуу хурлаа хугацаандаа хийхээ мэдэгдэж байсан юм.

МҮОХ-НЫ ЭЗЭМШЛИЙН БУС ГАЗРЫН ТУХАЙД:

-МҮОХ-ны газар дээр “Хюндай” автомашины төв бариулсан гэсэн утгатай зүйлс хүмүүс ярьж байсан. Энэ хэсэг газар хэзээ ч МҮОХ-ны эзэмшилд байгаагүй. Энэ газар дээгүүр дулааны ил шугам байсан. Дараа нь газарт булаад, энд “Хюндай”-гийн төв баригдсан. Бид барьж байгаа компанийн хүмүүстэй нь тухайн үед уулзаж, МҮОХ-оог халхалсан ийм барилга барихгүй байхыг сануулж, хүсэлт гаргаж байсан. Дахин хэлэхэд, энэ манай газар биш юм.

СПОРТЫН БАРААНЫ ДЭЛГҮҮРИЙН ТУХАЙД:

-Надад Спортын төв ордонд ажиллуулдаг тийм дэлгүүр байхгүй.   

МҮОХ-НЫ АЖИЛТНУУДЫН ОРОН СУУЦНЫ ТУХАЙД:

-МҮОХ-ны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын банкнаас барих байшингаа зээлэнд тавьж, зээлээр 36 айлын орон сууц бариулсан. Энд МҮОХ-ноос санхүүжилт хийгдээгүй. Үүнийг мөн хуулийн байгууллага шалгасан. Харин үүний үр дүнд манай ажилтнууд зах зээлийн үнээс хямд үнээр амьдрах орон сууцтай болсонд би баярлаж явдаг.

ЛОНДОНГИЙН ОЛИМПИЙН СҮҮ, ТАРАГ ТАРААСАН ГЭХ ТУХАЙД:

-МҮОХ гашилсан тараг, сүү тамирчдад өгсөн гэж ярьсан. МҮОХ-ноос ийм зүйл хийгээгүй, тамирчдад тараг, сүү тараагаагүй гэдгийг мэдэгдэж байна.

СПОРТ ХОЛБООДЫГ ХУВЬЧИЛСАН ГЭЖ ТЭД ЯРЬЖ БАЙНА:

-МҮОХ-ны гишүүдийг өөрийгөө тойрон хүрээлүүлж, бэлэг сэлт өгөх, гадаад явуулах зэргээр тэднийг өөрийн талд ажиллуулдаг гэсэн утгатай зүйл ярьж байх юм. МҮОХ-ны гишүүдийг спортын холбоод, олимпийн зөвлөлөөс нэр дэвшүүлж, Чуулганаас сонгодог. Эдгээр гишүүд нь өөр өөрийн бодолтой, сонгох, сонгогдох эрхтэй хүмүүс. Миний хэлсэн ярьснаар хөдөлдөг гэж манай гишүүдийг үл хүндэтгэж болохгүй. Ийм зүйл огт байхгүй. Спортын холбоод нь төрийн бус байгууллага, тэдний удирдлагыг мөн холбоо хурлаасаа сонгодог.

Б.ЭНХ


ХОЛБООТОЙ МЭДЭЭ ҮЗЭХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж