Дэлхийн хамгийн хурдан хүн, 100, 200 метрийн гүйлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Ямайкийн спринтер Усаин Болт есөн сар гаруй хугацаанд уралдааны талбарт өрсөлдөөгүй ч өчигдөр Италийн Ром хотноо болсон Даймонд лигийн улирлын гурав дахь гараанд нутаг нэгт өрсөлдөгч Асафа Павеллийг ардаа орхин түрүүлжээ. Болт 9.91 секундын амжилт үзүүлсэн нь дэлхийн рекорд амжилтын эзний хувьд чамлалттай боловч бусад өрсөлдөгчдөө ардаа орхиход хангалттай байсан. “Цахилгаан” Болтын гол өрсөлдөгчдийн нэг Павелл 9.93 секундээр хоёрт орсон бол Францын Кристоф Леметр 10.0 секундын амжилтаар гуравдугаар байрт шалгарсан байна. Бариандаа орсны дараа Болт “Хэдийгээр төгс байж чадаагүй ч баяртай байна. Үүнээс илүү сайн байх боломж байсан. Гэхдээ одоо өнгөрснийг биш, ирээдүйгээ харж, улирлын хоёр дахь уралдаандаа бэлтгэх хэрэгтэй байна. Хамгийн чухал нь би түрүүлж чадлаа. Энэ л давуу тал” хэмээн ярьжээ.
2009 онд Германы нийслэл хотноо 100 метрийн зайд дэлхийн дээд амжилтыг 9.58 секунд болгон шинэчилсэн Болт ийнхүү Асафа Павеллтай хамт уралдсан сүүлийн 10 уралдааны есөд нь түүнийг ардаа орхиж байна. Өчигдрийн уралдааны эхний 50 метрт Павелл тэргүүлж байсан ч Болт төгсгөлөө гайхалтай хийдэг чадвараа харуулж, сүүлийн хагаст цахилгаан мэт хурдалснаар түрүүлжээ.
Өнгөрсөн жилийн наймдугаар сард АНУ-ын спринтер Тайсон Гейд ялагдсанаас хойш багагүй хугацаанд эмчилгээ хийлгэсэн Болт ийнхүү эргэн ирэлтээ амжилттай хийлээ.
С.Цэлмэг