Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Хэний ч сэтгэлийг хөдөлгөм энэ зураг дэлхий дахинаа “Итгэлийн гар” нэрээр алдаршсан юм. Энэ зураг амьдралын төлөөх тэмцэл, алтан гартай эмч нарын ур чадварын гэрч билээ. Эмчийн хуруунаас атгасан энэ бяцхан гар өдгөө 15 настай Самуэл Александр Армас хүүгийнх. Таван сартай урагт хагалгаа хийх үеийн торгон агшныг Майкл Клэнси гэгч хальсанд мөнхөлж амжжээ.

 

 

Монгол Улс гурван сая дахь иргэнээ угтан авч, монгол хүн бүр үр хүүхдийнхээ заяа буяныг хурайлан хайрласан баярт өдрийг тохиолдуулж, энэ гайхам түүхийг эргэн сануулахыг бодсоноо дашрамд өгүүлье.

 

Самуэл Александр Армас хүүд Нашвилл хотын эрүүл мэндийн төвийн эмч Жосеф Брунер ураг байхад нь хагалгаа хийсэн аж. Таван сартай ургийг “хийсвэр” хагалгаагаар эхийн хэвлийгээс гаргаж, нурууны гажиг засах эрсдэлтэй мэс засал  хийсэн нь маш амжилттай болжээ. Хагалгаа дуусах үед хараахан мэндлэх болоогүй хүү “Амьдрал бэлэглэсэнд нь талархлаа илэрхийлэх мэт” эмчийн хурууг бяцхан гараагаа чанга гэгч нь атгасан аж.

 

Самуэл хүүгийн ээж Жулие Армас Атланта хотын эмнэлэгт эх барихын сувилагчаар ажилладаг байв. Тэрээр хэвлий дэх ураг нь төрөлхийн нурууны гажигтайг олж мэдсэний дараа Жосеф Брунер эмчид ханджээ. Жосеф Брунер бол 50 гаруй урагт энэ төрлийн хагалгаа хийсэн туршлагатай чадварлаг эмч гэдгийг Жулие мэддэг байв.

 

Хожим нь Жосеф Брунер эмч “Хуруунаас минь бяцхан гар чанга гэгч нь атгах тэр мөчид би хөшиж орхисон” хэмээн дурсан ярьсан байдаг. Харин Самуэл хүүгийн ээж хагалгааны зургийг олж үзсэнийхээ дараа хэдэн өдөр нулимсаа тэвчиж чадаагүй гэнэ лээ. Хагалгаа амжилттай болсноос дөрвөн сарын дараа буюу 1999 оны арванхоёрдугаар сарын 2-нд Самуэл Александр Армас хүү хорвоод мэндэлж байжээ. Одоо тэр хүү 15 настай, эрүүл саруул өсөн торниж байна.

 

Дэлхийд шинэ хүн ирэх мөч бүхэн дээдийн дээд аз жаргал билээ. 

 

Б.АНХТУЯА

 

Самуэл хүү /12 настайдаа/ ээж Жлие болон Майкл Клэнсийн хамтаар

 

Самуэл хүү аав Алекс, ээж Жулиегийн хамт.

 

Самуэл бяцхан дүү Захарийн хамт.

 

Самуэл Александр Армас

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж