Хяналтын камерын бичлэгийг худалд

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Хяналтын камерын бичлэгийг худалд

-Ослын мэдээллийг төлбөртэйгээр өгдөг, түүнийг нь авч хэрэглэдэг болгоод сургачихвал дараа жилийн төсвөөрөө камерын хяналтын бүсээ өргөтгөх зардалтай болчихно-

“Замын хөдөлгөөнд оролцогчдыг хамгийн ихээр бухимдуулдаг асуудал юу вэ?” гэх судалгаанд “түгжрэл” хамгийн өндөр оноогоор тэргүүлжээ. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд замын ажил эрчимтэй өрнөсний үр дүнд машин эвддэг “эвдрэлтэй зам” түрүү байраа түгжрэлд өгсөн байна.

Түгжрэл үүсгэж буй шалтгаануудыг дурьдвал, автомашины тооны өсөлтөөс гадна, дүрэм зөрчигчдийн буруугаас үүссэн зохиомол түгжрэл, буруутан нь тодорхой ч замын цагдаа хүлээсэн ялихгүй осол зэрэг байдаг аж.  Тэгвэл эдгээрээс ядаж ослыг түгжрэлийн шалтгаан болгохгүй байх боломж бий.

Үүнийг ердөө дүрс бичлэгийн камерын нэгдсэн систем болоод бага зэргийн ухамсар л шийддэг. Яг л төрийн байгууллагуудын төсөв зардлын мэдээлэл Шилэн дансны хуулийн дагуу ил болж байгаа шиг камерын нэгдсэн системд бичигдсэн бичлэг, мэдээллүүдийг авахад хялбар болгож, ашигладаг болгоод эхэлбэл түгжрэлийн асуудал шийдэгдэх боломжтой. 

Машины араас мөргөсөн тохиолдолд 100 хувь ар талын машины жолоочийн буруу болдгийг хүн бүр мэддэг. Гэвч ийм тодорхой тохиолдолд ч замын цагдаа дуудаж, хоорондоо маргалдаж, бүр даатгал ирэхийг хүлээнэ гэж зөрүүдлэдэг жолооч нар олон бий. Үүнээс болж тухайн автозамын урсгал түгжирч, өнөө мөргөлдсөн хоёрын машиных нь ослоос ч  илүү хор хохирол учирч байхыг үгүйсгэх аргагүй болдог. Заавал цагдаа ирж, хэмжилт хийж, хоёр жолоочийн бичгийг хурааж аваад явах, дараагаар нь өнөө хоёр жолооч Замын цагдаагийн газарт очиж хүлээх зэрэг олон шат дамжлагын аль алийг нь хүмүүс хүсдэггүй ч энэ дагуу л явж байж маргаанаа эцэслүүлдэг. Ядаж байхад “мөргөлдсөн газраасаа жаахан л хөдөлчих юм бол хохирлоо олж авч чадахгүй” гэх итгэл үнэмшил бүх жолооч нарт бат бөх суусан байдаг тул замын цагдаа иртэл нь түгжрэл үүсгээд л сууж байдаг. 

Гэвч бусад олон оронд ийн осол гаргасан ч “хөдлөхгүй” хэмээн таг зогсохын оронд аль болох хурдан замаа чөлөөлөн, зогсох боломжтой хамгийн ойрын зогсоол дээр машинаа тавьсны дараа жолооч нар учраа олдог аж.

Үйлдэл бүр нь тэртэй тэргүй хяналтын камерт бичигдсэн байдаг, түүнийг шаардлагатай гэж үзвэл цаг минутаар нь хуулж авдаг төлбөртэй үйлчилгээ байдаг тул замын голд удаан хугацаагаар бухимдах хэрэг байхгүй. Тухайн бичлэгийг үндэслээд л замын цагдаа нь гэм буруутайгийнх нь хэмжээг, даатгалын компани нь хохирол барагдуулах шалтгааныг нь тодорхойлчихдог аж.

Яг ийм тохиолдлыг Италийн Милан хотод томилолтоор явах үед нүдээр үзэж байв.

Хэвлэлийнхнийг тээвэрлэж явсан автобусны хажуугаар нэгэн автомашин хурдтайгаар өнгөрч, урагш гэрлэн дохион дээр зогсож байсан машины яг араас нь ороод, зогсож амжилгүй мөргөчихөв. Машин дотроос хүмүүс гарч ирж, маргалдаад л, юу юу болох бол гэж таамагласан ч тийм зүйл огт болсонгүй. Бүр машинаасаа ч бууж ирсэнгүй. Ногоон гэрэл асахыг хүлээн, дараагаар нь уулзвар өнгөрч, замаас гаран, машинаа зогсоож байгаа харагдлаа. Ийм л болоод европын орнуудаар явж байхад осолтой таараад байдаггүй байх нь. Өөрөөр хэлбэл, энд хаа сайгүй мөргөлдсөн, шүргэлцсэн машин тааралдах Улаанбаатар хотынхоос ялгаатай, өөр дүрэм үйлчилж, тэр нь үр нөлөөтэй байна гэсэн үг.

Нэг үеэ бодвол Улаанбаатар хот замын хөдөлгөөн хяналтын дүрс бичлэгийн сүлжээнд боломжийн хэмжээнд хамрагдчихсан.

Ийм байхад осол бүрт цагдаа очиж, хэмжилт хийх шаардлага байхгүй л байлтай.

Ядаж л ослын мэдээллийг төлбөртэйгээр өгдөг, түүнийг нь авч хэрэглэдэг болгоод сургачихвал дараа жилийн төсвөөрөө камерын хяналтын бүсээ өргөтгөх зардалтай ч болчихно. Осол мөн гэхэд ч хэцүү, биш гэхэд ч хэцүү хоёр нөхрийн маргаж дуусахыг хараад түгжирч суумааргүй л байна.

Цагдаа ирэхийг хүлээж, огтхон ч хөдөлж болохгүй гэж муйхарласаар байх цаг зав ч алга.

Б.ЭНХМАНДАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж