-“Монголд үйлдвэрлэв, цагаан сар 2015” үзэсгэлэн худалдаанд 800 гаруй аж ахуй нэгж оролцож байна-
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ес дэх жилдээ “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо”-д нээлтээ хийлээ.
Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 4-нийг хүртэл “Мишээл экспо”-д үргэлжилнэ. Тодруулбал, “Драгон төв”, Үндэсний үйлдвэрийн худалдааны төв буюу хуучнаар /Шөнийн зах/ болон нийслэлийн төвийн зургаан дүүрэгт сар шинийн баяр хүртэл зохион байгуулагдах юм. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд нийт 800 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.
Үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Аж үйлдвэрийн сайд “Аж үйлдвэрийн яам, мэргэжлийн холбоод үйлдвэрлэгчдийг дэмжих, дотоодын бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч, өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж хэвших чиглэл рүү нэгдсэн бодлогоор ажиллаж байна. Үүний нэгээхэн хэсэг нь энэ удаагийн “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа юм. Эдийн засгийн хүндрэлийг бид үйлдвэрлэгчдээ дэмжиж, хамтын хүчээр даван туулах боломжтой. Монголынхоо нэрийг дэлхийд гаргах сайхан боломж гэж харж байна. Тиймээс ч Аж үйлдвэрийн яам бодлогын хүрээнд импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа. Хэдийгээр өнөөдөр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн тоо буурсан ч үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ өсөн нэмэгдэж, чанаржиж байгаа нь сайшаалтай. Бид өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ дотоодын бүтээгдэхүүнээр хангаж, хамтдаа бүтээцгээе” гэсэн юм.
Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодолд анхаардаг болжээ. Тухайлбал, “Их тайга” цайны нэр төрөл олон болж, импортын ямар ч бүтээгдэхүүнтэй энэ зэрэгцэн өрсөлдөхүйц савлагаатай болсон байлаа. Ноос, ноолуурын салбарынхан мөн бүтээгдэхүүнээ өдөр тутмын хэрэглээнд илүү нийцүүлж, өнгө загварын хувьд өргөн сонголттой болгожээ.
Г.НАРАН