Бразилийн Сан-Паулод ирэх наймдугаар сарын 11-16-нд болох Дэлхийн ур чадварын олимпод Монгол Улс анх удаа оролцоно. Эгнээндээ 70 гаруй улс орныг нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагад манай улс өнгөрсөн жил элссэнээр тус байгууллагаас гишүүн орнуудынхаа дунд хоёр жил тутамд зохион байгуулдаг эл тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.
Олон улсад ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү тэмцээнд оролцох манай багийг Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOIKA/ санхүүжүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичиг өнөөдөр байгууллаа.
Гурван талт харилцан ойлголцлын санамж бичигт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч хатагтай Улрике Эбелин, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгч Хеин-Юл Чой нар гарын үсэг зурав. Санамж бичиг байгуулснаар газар газраас ирсэн, гарын ур, ухааны хүчээрээ гайхуулах шилдэг залуустай дэлхийн түвшинд анх удаа өрсөлдөх Монголын охид хөвгүүдэд зохион байгуулалтын болоод хөрөнгө санхүүгийн томоохон дэмжлэгийг гурван тал үзүүлэхээр болж буй юм. Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд манай улс токарь, цахилгаан, гагнуур, өрөг угсралт, мужаан, тогооч, үсчин, гоо сайхан гэсэн есөн мэргэжлээр оролцохоор урьдчилсан байдлаар бүртгүүлээд байгаа. Мэргэжил тус бүрт хоёр оролцогчийг өнгөрсөн жилийн “Монгол ур чадвар-2014” тэмцээнээс шалгаруулсан бөгөөд тэдний дунд дахин шалгаруулалт явуулсны дараа Бразилд өрсөлдөх баг тодрох юм байна.
Ур чадвараараа эх дэлхийгээ хөгжүүлэх зорилготой Дэлхийн ажил мэргэжлийн хамгийн том олимпод Монголын мэргэжилтэй залуусыг оролцоход дэмжлэг үзүүлж манай улсын мэргэжлийн боловсролын салбарын нэр хүндийг дэлхий дахинд таниулахад хувь нэмрээ оруулж байгаа дээрх хоёр байгууллагад Хөдөлмөрийн сайд С.Чинзориг талархлаа илэрхийлээд “Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Монголын багийг дэмжиж Герман болон БНСУ-аас тус бүртээ 100 мянган ам.доллар өгч буй бөгөөд бид энэ мөнгөөр Бразилийн тэмцээнд оролцогчдод зориулан олон улсын стандарт хангасан багаж тоног төхөөрөмж худалдаж авахаас гадна зургаан мэргэжлээр БНСУ-д залуусаа бэлтгэхэд зарцуулах юм” гээд бусад донор байгууллагаас дэмжлэг авах шаардлага байгааг ч онцолсон.
Энэ үеэр хатагтай Улрике Эбелин болон ноён Хеин-Юл Чой нар дэлхийд Монголын нэрийг гаргах залуусаа бэлтгэхэд Монголын Засгийн газар бидэнд итгэж хамтран ажиллаж буйд талархлаа илэрхийлж, монголчууд энэ тэмцээнд амжилттай оролцох бүрэн боломжтойг хэлж байлаа. Мөн Олон улсын ур чадварын олимпод нэрээ гаргасан хүн дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг гэдгийг ч дуулгав. Өмнөх тэмцээн Германы Лейпцигт болсон. Энэ тэмцээнд БНСУ-ын баг тэргүүлсэн бөгөөд солонгосууд Ур чадварын олимпийн сүүлийн дөрвөн тэмцээнд амжилтаараа илүүрхсэн. Ийм туршлагатай улс Монголын багийг бэлтгэж буй юм.
Г.НАРАН