Удахгүй худалдаанд гарах “Зөв ярих ухаан” номын хэсгээс….
Хүн,
хэл, хил гурав бол улс үндэстний тусгаар тогтнолын тулгын гурван чулуу
билээ. Өөрийн гэсэн хилгүй хүн ардыг тусгаар улсад үл тооцно. Өөрийн
гэсэн хэлгүй хүн ардыг сэтгэлгээний тусгаар тогтнолгүйд тооцно. Хэл бол
улс үндэстний соёлын салшгүй хэсэг, хүн ардын оюун санааны дархлаа,
тэдний мөн чанар, оршихуй юм. Монголчууд бид гайхалтай сайхан хэл
соёлтой, онгон дагшин оюуны дархлаатай хүмүүс. Үүний баталгаа нь сүүлийн
400 жил 7100 хэл мөхөж устсан байхад эх хэл маань тэсч үлдэж чадсан
явдал юм. Энэ нь монгол хэлний торгон “хил” халдашгүй, монгол хүний
сэтгэлгээ дархлаа сайтайн тод илрэл биз ээ. Энэ мэтчилэн туурга тусгаар
та бидэнд бахархан омогших зүйл олон бий.
Монголчууд бид мянга мянган жилээр аж
төрөн амьдарсаар ирсэн газар шороо, өвөг дээдсээ онголсон ашдын заяат
өргөн цэлгэр нутаг дэвсгэр, аялгуу төгс монгол хэл, хэлэндээ зохицсон
бичиг соёлтой зон олон. Монгол хэл дээрх 7100 хэлний жагсаалтад өнөөдөр
ороогүй ч өнө хойчид Энэхүү айсуй цагийн аясаар хад мэт хатуу босоо
бичиг соёл минь эмтэрч эхэллээ. Хуучны үгс ховордож, босоо
бичгийн хэрэглээ эрс багасч гангарааны төдий л болж хувирчээ. Чихний
чимэг хэмээгддэг тансаг сайхан монгол хэл маань хойд эцгийн харцаар
хөдөлдөг өргөмөл хүүхэд шиг өмөөрч хамгаалах эзэнгүй болоод буйг
анхаарах цаг нэгэнт болсон.
Өдөр тутам хоорондоо ярилцаж буй эх
хэлний хэрэглээг эргэн нэг анзаарвал ээдэж гашилсан сүү шиг “амтгүй”,
эмх замбараагүй, эрээвэр хураавар болжээ. Үгийн арвин баялаг нь хомсдож,
уран тод дүрслэл нь сүүдэртэж, яруу тансаг найруулга нь ядмаг болж
байна. Зарим судлаач монгол хэлийг мөхөх хэлний жагсаалтад оруулжээ. Энэ
байдлыг шүүмжилж суух биш өөрчилье, өв соёлоо хадгалан хамгаалахын
төлөө хамтдаа зүтгэе. Агуу зүйл энгийнээс л эхэлдэг. Утсаар захиа
явуулахдаа, цахим сүлжээгээр харилцахдаа монгол үгээ түлхүү ашиглацгаая.
“Hi how are you”, “Hi so sa” гэхийн оронд “Сайн байна уу, сонин сайхан ихтэй юү”
гэж мэндлэхэд сая гаруй үгийн сантай монгол хэлний ирээдүйг үндсээр нь
хамгаалахгүй ч хэрэглээг нь нэмэгдүүлэх үйлст хүн бүр ямар их нөлөөлж
чадахыг хэлэх аргагүй юм. Монгол хэл, бичгийг бид л ашиглахгүй бол өөр
хэрэглэх билээ. Даяаршлын давалгаагаар гадаад үг хэллэгээс зугтаж үл
чадах ч Монгол нутагтаа монголоороо л ярьцгаая. Яагаад гэвэл монгол хүн
монголороо байхад, Монгол Улс монголоороо мөнхөд оршиход монгол хэл
хэрэгтэй. Бид чадна аа, би итгэж байна. Танд амжилт хүсье.
Улс төр судлаач Цэндийн Баатархүү