Монгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт энэ сарын 24-ний өдөр мэндлээд байгаа. Эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин нэгдүгээр сарын 24-ний өдрийн 73 дахь төрөлт болж бүртгэгджээ. Харин тухайн өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд мэндэлсэн 181 хүүхэд 3 сая дахь иргэний чацуутнаар тодорч байна. Тэдний гурав нь хилийн чанадад мэндэлсэн бөгөөд бүгд АНУ-д мэндэлжээ. Хилийн чанад дахь гурван төрөлтйн нэг нь хоёр ихэр байсан байна. Гурван сая дахь иргэнийг ямар аргачалаар хэрхэн тодруулсан талаар Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханаас тодрууллаа.
-Гурван сая дахь иргэнийг ямар аргачлалаар тодруулав?
-Нэгдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын хүн ам хэд хүрснийг тооцоод 5-ны өдөр 2 сая 995 мянга 949 байна гэж мэдээлсэн. Үүнээс хойшхи бүх төрөлтийг бүртгэж, цаг минут, секундээр нь жагсаасан. Энэ хугацаанд нас баралт ямар байсан тоог сүүлийн 3 жилийн дунджаар гаргахад 32 минут 13.868 секундэд нэг хүн нас барж байна гэдэг статистик тооцооллын үндсэн дээр нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын иргэн 3 саяд хүрч байгаа.
-Гурван сая дахь иргэн мэндэлсэн 24-ний өдөр 181 хүүхэд чацуутнаар мэндэлсэн. Үүнийг яаж тодруулсан бэ?
-Монгол Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хэдэн хүүхэд мэндэлж, хүн ам хэд болсныг тоогоор гаргахад 3 сая арай хүрээгүй байсан. Тиймээс нэгдүгээр сарын 19-ний шөнийн 00.00 цагаас нэгдүгээр сарын 26-ны өдрийн 00 цаг хүртэл бүх төрөлтийг цаг минутаар нь бүртгэж авсан. Ингэхийн тулд Эрүүл мэнд, спортын яамнаас бүх төрөх тасгуудын цагийг стандарчлал, хэмжил зүйн этлон цагтай тааруулж, тухайн хүүхэд мэндэлсэн цагийг тусгай хуудаст бүртгэн, хүүхдийн эхэд нэг хувийг, нөгөө хувийг хадгалж үлдсэн.энэхүү мэдээллийг Үндэсний статистикийн хорооны вебсайтад байршуулна.
-Гурван сая дахь иргэн тодорлоо. Монгол Улсын хүн ам цаашдаа хэр эрчимтэй өсөх тооцоо байгаа вэ?
-Өнөөдөр хүүхэд төрүүлж байгаа, аав болж байгаа залуус Монгол Улсын төрөлт хамгийн өндөр байсан 1988 онд Монгол Улсын төрөлтийн үе буюу 75 мянган хүүхэд мэндэлсэн байдаг. Тэр үед төрсөн хүүхдүүд өнөөдөр 26, 27 нас хүрч, хүүхэд төрүүлэх, нөхөн үржихүйн насны залуус болсон. Харин 1990-2000 оны хооронд төрөлт багассан. Энэ үед төрсөн хүүхдүүд өнөөдөр нөхөн үржихүйн насанд ирж байна. Тэгэхээр хүн амын өсөлт буурах төлөвтэй. Тиймээс Монгол Улс 4 сая руу богино хугацаанд ойртоё гэвэл энэ хугацаанд төрөөс хүн амаа өсгөх бодлогод онцгой анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
С.ОТГОНСҮРЭН