Хакүхогийн талаар гадаадын иргэд ингэж ярьжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Хакүхогийн талаар гадаадын иргэд ингэж ярьжээ

Хакүхо М.Даваажаргалын тогтоосон Мэргэжлийн сүмогийн оргил амжилт 33 түрүүгийн тухай зөвхөн Япон, Монголд шагшигдан яригдаж, бичигдэж байгаа хэрэг биш юм. Дэлхий даяар орчин цагийн хамгийн энгүй агуу аваргуудыг нэрлэхэд Хакүхогийн нэр заавал багтдаг болсон байна.

Japan Times-ийнхан Хакүхо-г дэлхий даяар хэрхэн магтан, сайшааж буй талаар нэгэн нийтлэл гаргажээ. Түүнээс та бүхэндээ хэсэгчлэн хүргэж байна.

asen02

Сэнторюү

Цагтаа Томозүна дэвжээнээс Сэнторюү нэртэйгээр мэргэжлийн сүмод барилдаж явсан АНУ-ын иргэн Хенри Миллер ёкозүнагийн талаар: “Хакүход хамгийн олон түрүүлсэн агуу аварга болсонд баяр хүргэе! Би түүнийг анх сүмод орж байсныг сайн санаж байна. Би түүнтэй бэлтгэл хийж барилдаж байсан л даа. Тэгэхэд л би түүнийг сайн бөх болно гэдгийг олж харж байсан ч сүмогийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн агуу ёкозүна болно гэж төсөөлөөгүй” гэжээ.

 

asen03

 

Жон Трэйл цагаан мавашитай нь

Сонирхогчдын сүмогийн Олон улсын холбооны удирдлагуудын нэг Жон Трэйл: “Хакүхо сүмогийн дээд амжилтыг эвдэж, шинэчлэн тогтоож буйг харж, нэгэн цаг үед амьдарч байгаа минь нэр төрийн хэрэг. Тэр бол жинхэнэ ёкозүна ямар байх ёстойгийн үлгэр жишээ болсон хүн” гэсэн байна.

asen04

Ялалт байгуулж буй нь Стилян Георгиев

 

Сонирхогчдын сүмод барилддаг Болгарын бөх Стилян Георгиев М.Даваажаргалын тухайд ярихдаа “Тэр өөртөө маш их итгэлтэй бөх учраас өрсөлдөгчдийнхөө зүрхэнд шар ус хуруулдаг. Бэлтгэл нь бүрэн ханаагүй хэрнээ л тэр өрсөлдөгчдөө ялагдалгүй, түрүүлж чаддаг гайхалтай бөх.

Тэр хэнтэй яаж барилдахаа маш сайн мэдэж, мэдэрдэг. Мөн спортын ёс зүй их сайтай, үнэхээр хүндлэл хүлээсэн их аварга. Өрсөлдөгчид нь ч түүнийг их хүндэлдэг” хэмээн ярьсан байна.

asen08

 

Сонирхогчдын сүмо бөхөөр Европ тивдээ шаггүй бөхөд тооцогддог Нидерландын Франсуаза Хартевелд Хакүхогоос өөртэйгээ төстэй чанарыг ч олж харсанаа ярьжээ. “Тэр цүппари хийлгүйгээр үргэлж мавашины барьцнаас барилдахыг зорьдог. Үүгээрээ би түүнтэй төстэй. Мавашины урдаас атгаж барихдаа их сайн. Тэр бэлтгэл тааруу байлаа ч гэсэн өрсөлдөгчөө маш түргэн дэвжээнээс түрж гаргаж чаддаг” гэж Хартевелд магтсан байна.

asen07

 

Мөн спортын гол амин сүнс болсон үзэгч, хөгжөөн дэмжигчид, фанатуудын зарим яриаг нийтэлжээ.

Израилийн Моти Дичне хэмээх сүмо сонирхогч “Хакүхо боломжгүй гэгдэж байсан дээд амжилтыг эвдлээ. Зарим хүмүүс Хакүхогийн талаар “Тэр яг хүчтэй бөхчүүдийн үед барилдаагүй болохоор л ингэж цойлж байгаа юм” гэж ярихыг би сонсож байсан. Миний бодлоор бол Хакүхо бүх цаг үеийн хамгийн агуу ёкозүна. Тэр өөрөө их хүчтэй болохоороо л өрсөлдөгчөө хүчтэй султай мэт харагдуулж чаддаг юм. Энэ башёд л гэхэд Хакүхогийн бэлтгэл бүрэн ханаагүй нь анзаарагдаж байсан. Тэгсэн хэрнээ л хүнд хэцүү барилдаануудад ялагчаар тодорч чадаж байлаа. Тэгээд л түрүүллээ” гэжээ.

 

asen09

Японы Харума Каная харин Хакүхогийн талаар хэлэхдээ “Түүний амжилт үнэхээр олон жилийн турш оргил нь байх болов уу. 33 дахиа түрүүлэхийг нь харахдаа бүгд л сэтгэл нь хөдөлж, хөөрч байлаа. Гэхдээ япончуудын хувьд ах дүү Ваканохана, Таканоханагийн үе шиг япон ёкозүна төрж, Эзэн хааны цомыг олон удаа гардана гэсэн найдлага байсаар байдгийг нуух хэрэггүй” гэжээ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж