Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун анхны гадаад айлчлалаа ОХУ-ын нийслэл Москва хотод хийх болсныг Кремлийн эх сурвалжууд мэдээлжээ. ОХУ ирэх тавдугаар сарын 9-нд болох “Ялалтын баяр”-т олон орны төр, засгийн тэргүүнийг урьсны дунд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун багтсан юм. Кремлийн хэвлэлийн дарга Дмитрий Пешков ирэх тавдугаар сарын “Ялалтын баяр”-т оролцохоо мэдэгдсэн 20 орны төрийн тэргүүний нэрийг зарласны дунд Ким Чен Ун байгаа аж. ОХУ нь Хойд Солонгосыг үүсгэн байгуулагдах үеэс хойш дотно харилцаатай явж иржээ.
Өмнө нь 2005 онд ОХУ “Ялалтын баяр”-ын 60 жилийн ойд Хойд Солонгосын өмнөх удирдагч Ким Чен Ирийг урьсан боловч оролцоогүй аж. Ким Чен Ун 2011 онд эцэг Ким Чен Ирийг нас барсны дараа Хойд Солонгосын удирдагч болсон ч хараахан аль нэг улсад айлчлаагүй байгаа юм.
Дэлхийн II дайн дууссан тавдугаар сарын 9-ний өдрийг ОХУ-д Ялалтын баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters, Yonhap