Монголд төрсөн минь азтай

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Монголд төрсөн минь азтай

Цас хялмаалсан морин жилийн өвлийн адаг сарын Балжиннямтай өдөр. Азийн цээжинд орших Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авснаа зарлав.

Хацар хайрсан жавартай өдрүүдийн хамгийн сайхан мэдээ энэ байлаа.

 

 

Атга арвай дээшээ цацахад зүүний үзүүр дээр тогтохтой хүмүн төрлийг олох хувь заяаг адилтгадаг. Тэр тусмаа Монголд төрнө гэдэг азтай хувь тавилан.

Алтан дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би
Алтан дэлхийд төрсөн минь учиртай
гэж их зохиолч Б.Явуухулангийн бичсэн энэ шүлгийг мэдэхгүй, сонсоогүй монгол хүн байхгүй л болов уу. Бид алаг дэлхийд, Азийн Монголдоо төрсөн минь ч учиртай.

Тийм ээ, би монгол хүн. Өнөөдөр өлгийдөн авсан өөдөсхөн үр минь ингэж хэлэхдээ өөрөөрөө бахархана гэдэгт итгэлтэй байна. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нэгэнтээ “Малчны гэрт, монгол хэл соёлын тулганд, онгон байгальдаа ойрхон, би ямар азаар Монголд төрөв өө гэж” уулга алдсан нь бий.

Хэдийгээр Улаанбаатар минь утаа униартай, Монгол минь жижигхэн, буурай ч гэлээ туурга тусгаар улс.

Дэлхийд Монгол гэсэн зургаан үсэгтэй нэрээрээ, алтан соёмбот сүлдээрээ гоёдог ард түмэн.

Бусдын хүсээд ч, тэмцээд ч олохгүй байгаа тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан Монгол Улсад амьдарч байгаадаа бид азтай.

Парисын халдлага, Украины дайн. Сирийн алан хядлага, төвдүүдийн насан туршийн тэмцэл. Өлсгөлөн, ядуурал, шашин хоорондын мөргөлдөөн, терроризм… Цэнхэр бөмбөрцөг дээр олон орны ард түмэн нүдэндээ нулимстай, сэтгэлдээ зовлонтой амьдарч байна. Зэвсэгт халдлага, терроризмын золиос болж үй олноороо амиа алдаж, үймээн самуун дунд өдөр хоногийг өнгөрөөж байна.

Байгалийн гамшигт хэдэн зуугаараа, хэдэн саяараа үрэгдэж байгаа ард түмний амссан зовлонг бид мэдрээгүй. Монголчууд өлсч үзээгүй.

Бидний өнөөдрийн амсч, мэдэрч байгаа тусгаар тогтнол, эрх чөлөө, амар амгалан амьдралыг өвөг дээдэс маань алтан амиараа сольсон юм шүү дээ. Зовсон, өлссөн, даарсан, дайны хөлд нэрвэгдсэн, гамшигт өртөн, сүйрсэн ард түмний дэргэд монголчууд дэндүү азтай.

Өнөөдрийн эдийн засгийн хямрал бол жижигхэн асуудал. Бид үүнийг давж гарах нь тодорхой. Тиймээс утаатай байна, хямралтай байна гэж харахаасаа илүү өөрсдөдөө байгаа эрхэм зүйлдээ сэтгэл хангалуун байя.

Нэг л өдөр Улаанбаатар маань утаагүй болно. Нэг л мэдэхэд эдийн засгийн хямрал ард үлдчихсэн байх болно. Монголчууд бид эвтэй байж чадвал хөгжил бидний толгойд, гарт минь байгаа. Тэгэхээр өнөөдрийг шүүмжлэхээсээ илүү бидэнд байгаа үнэт баялгаа, тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, амар амгалан амьдралаа маргааш хамгаалж үлдэх нь чухал юм.

Монгол өнөөдөр гурван саяулаа боллоо. Маргааш дөрвөн сая, таван сая… Бид бүр олуулаа болох ёстой. Монголын үрс маш олон болтугай.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж