Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Дорнодын цэнхэр аялгуу” уран бүтээлийн тайлан тоглолтоо маргааш Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармонид хийх гэж байна. Тэрбээр тоглолтынхоо тухайд “Өнгөрсөн жил Дорнод аймгийнхан намайг нутагтаа урьсан юм. Тэндээс хэд хэдэн уран бүтээлийн санаа төрж, Дорнодын сэдэвтэй хөгжмийн бүтээл, дууны ая зохиосон. Бүтээлүүдийг минь нутгийн зөвлөлийнхөн болон Дорнодоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд сонсгохоор тус аймгийн харилцаа холбоо сүлжээний компани санхүүжүүлэн, тасалбаргүй тоглолт зохион байгуулж байгаа нь энэ” хэмээв. Дорнодын сэдэвтэй шинэ уран бүтээлүүдийн анхны сонсогчид нь тус тоглолтын үзэгчид байх юм. Тоглолтод “Их талын уудмыг ээ”, “Түмэн зээрийн хурдныг ээ” “Их Бурхантын өршөөлийг ээ”, “Талын морьтны жавхааг ээ” гэсэн дөрвөн ангитай цомнол, Г.Жамъян хуурчийн дурсгалд зориулсан хөгжмийн бүтээл болон зургаан шинэ дуугаа толилуулах гэнэ. Тоглолтод “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал, “Сүлд” чуулгын Г.Ариунбаатар, дуучин Э.Төрмандах гэсэн залуу дуучид, “Морин хуурын чуулга”-ынхан оролцох аж. Мөн тэрбээр энэхүү тоглолтдоо хөгжмийн зохиолчид, судлаачдыг урин, бүтээлүүд нь үнэлэгдвэл намраас энэ тоглолтоо нийтэд зориулан тасалбартай хийх гэнэ.
А.Болд
А.Болд