“Манга”-ны уралдаанаас гранпри шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

“Манга”-ны уралдаанаас гранпри шагнал хүртлээ

Дэлхийн комикс урлагийн нэр хүнд бүхий олон улсын “МАНГА” уралдаанаас Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн зурган номын зохиолч, зураач Н.Эрдэнэбаярын бүтээл "Бумбардай Аргалд явсан нь" хүүхдийн зурган ном ГРАНПРИ шагнал хүртлээ. Энэ жилийн уралдаанд 60 гаруй орны 300 орчим бүтээл өрсөлдсөн юм байна. Тус шагнал нь дэлхий дахинд түгсэн манга, комиксийн соёл, урлагаар дамжуулан олон улс хоорондын харилцаа, харилцан ойлголцолыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Япон улсын гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг тус салбарын томоохон арга хэмжээ бөгөөд олон улсад манга ,комикс хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр үзүүлсэн хүнд өгдөг шагнал юм.

Н.Эрдэнэбаяр нь хүүхдийн зурган номын чиглэлээр 10 гаруй жил ажиллаж 100 гаран хүүхдийн зурган ном уншигчдын хүртээл болгосон.

"Бумбардай 108" цуврал  номын төслийг  дэлхийд хосгүй нүүдлийн соёл, иргэншлээ даяарчлагдан буй энэ ертөнцөд хэрхэн авч хойч үедээ уламжлуулан өөрийн онцлог хэв шинжээ хадгалах, дархлааг тогтоох зорилгоор 2013 онд эхлүүлсэн. Одоогийн байдлаар эхний 9 цуврал ном бүтээгдсэн байгаа билээ.

“Бумбардай Аргалд явсан нь“ номын зохиолд монголчууд хэрхэн байгаль дэлхийтэйгээ ээлтэйгээр зохицон амьдардаг болон монголын ахуйн өв болох араг саварыг гол сэдвээ болгосон.Түүнээс гадна эх үрийн хайр, хүйн холбоо, монгол домын тухай уран сайхны аргаар өгүүлсэн юм.

Шагналыг хоёрдугаар сарын 12-нд Японы Токио хотод Япон улсын гадаад хэргийн сайд гардуулах бөгөөд энэ үеэр Японы хуучин нийслэл болох Киото хотын Манга музейд "Бумбардай" зурган номыг залах хүндэтгэлийн арга хэмжээ бас болох юм байна.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж