Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.28-нд нийтлэгдсэн

Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэллээ

Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдаж тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа болон ажлын хэсгийн бусад гишүүд оролцлоо.

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы танилцуулснаар Монгол Улсын 3 сая дахь иргэн энэ 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн байна. Гурван сая дахь иргэнийг 1000-ны нарийвчлалтайгаар, 1 дүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулжээ.

Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт  1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна.

Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  “3 сая дахь иргэнээр охин хүүхэд тодорч, араас нь ихрүүд мэндэлсэн нь Монгол Улсын хүн ам өсөн дэлгэрч, улам олуулаа болохыг бэлгэдлээ” гэлээ.

 


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсын 3 сая дахь иргэн тодорсныг айлтгалаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлсэн тухай өнөөдөр морин цагт буюу 11.40 цагт айлтгав.

Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан монголчууд гурван саяулаа болсныг Төрийн тэргүүнд айлтгалаа.

Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт иргэд ээ,

Шинэхэн цас бударсан дүн өвлийн энэ сайхан өглөө Монгол Улсын иргэн гурван сая болсон тухай баярт мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгч танд болон нийт ард түмэндээ Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүнийг чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах Комиссын нэрийн өмнөөс айлтгаж байгаадаа туйлын баяртай байна.

Монголчууд айл гэрт шинэ хүн, шинэ хувь заяа мэндэлж “хүү төрвөл хил манах хүнтэй боллоо, охин төрвөл гал манах үртэй боллоо” хэмээн бэлгэшээн угтдаг. Монгол Улсын гурван сая дахь иргэн болж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Энхтүвшингийн ХАТАНБОЛД, Ганбатын АЗЗАЯА нарын гэр бүлээс 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 8 цаг 27 минутад ОХИН мэндэлллээ.

Энэхүү хүндэт танхимд манай Комиссын орлогч дарга, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Комиссын гишүүн Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Монголын үндэсний олон нийтийн Радио, Телевизийн  ерөнхий захирал Ц.Оюундарь нар, Комиссын нарийн бичгийн дарга, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын яамын төрийн нарийн бичгийн дарга н.Отгонжаргал, ҮСХ-ны даргын зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирээд байна.

Монгол Улсын Стаистикийн тухай хуулийн дагуу гурван сая дахь иргэнийг хэрхэн тодорхойлсон талаар ҮСХ-ны дарга С.Мэндсайхан танд илтгэхийг зөвшөөрнө үү” гэлээ.

ҮСХ-ны дарга С.Мэндсайхан Монгол Улсын 3 сая дахь иргэн энэ 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлснийг 1000-ны нарийвчлалтайгаар,1 дүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулсан талаар илтгэлээ.

Монгол Улсын нийт хүн ам энэ 2015 оны 1 дүгээр сайрын 1-ний байдлаар 2.995 949 хүн амтай байсан байна. Хүн амын тоо дахин 4051-ээр нэмэгдэж байж 3 сая дахь иргэнтэй болно гэсэн тоо бүртгэлийг оны эхний өдөр гаргаж нийтэд албан ёсоор зарласан бөгөөд ийнхүү 1 дүгээр сарын 24-ний өглөө 8 цаг 27 минутад  гурван сая дахь иргэн мэндэлснийг бүртгэн авчээ.

Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт 1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна. Монголын 3 сая дахь иргэн Э.Хатанболдын ууган охин болж төржээ. Мөн өдөр Монгол Улсын хүн ам 181 шинэ иргэнээр нэмэгдсэн бөгөөд нийслэлийн Сүхбаатар дүүрэг, АНУ-д тус бүр ихэр хүүхэд төрсөн байна. Шинээр мэндэлсэн 181 иргэний гурав нь хилийн чинадад, 178 нь Монгол Улсынхаа нутаг дэвсгэрт төржээ.

Засгийн газрын тогтоолоор гурван сая дахь иргэнийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс хоёр өрөө байр буюу эсвэл түүнтэй тэнцэх урамшуулал, тэтгэмжээр мялаах аж. Мөн түүнтэй цаг, минут, секундын хувьд хамгийн ойр төрсөн 20 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 29 хүүхдийг тодруулж тусгай тэтгэмж урамшуулал олгох юм байна. Түүнээс гадна 1 дүгээр сарын 24-нд төрсөн бүх хүүхдэд урамшуулал олгохоор Засгийн газраас шийдвэрлэжээ.

Монголчууд улам олуулаа болохыг бэлгэдэн 3 сая дахь иргэн мэндэлснийг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч мялаалгын үг хэллээ.

Монгол Улсын иргэд 1962 оны 10 дугаар сард нэг сая, 1988 оны 7 дугаар сард 2 сая болсон бол ийнхүү 2015 оны 1 дүгээр сард 3 саяулаа боллоо.

 


Гурван сая дахь иргэнийг ингэж тодруулжээ

Монгол Улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн  Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт энэ сарын 24-ний өдөр мэндлээд байгаа.  Эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин нэгдүгээр сарын 24-ний өдрийн 73 дахь төрөлт  болж бүртгэгджээ.   Харин тухайн өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд мэндэлсэн 181 хүүхэд  3 сая дахь иргэний чацуутнаар тодорч байна. Тэдний гурав нь хилийн чанадад мэндэлсэн бөгөөд бүгд АНУ-д мэндэлжээ. Хилийн чанад дахь гурван төрөлтйн нэг нь хоёр ихэр байсан байна.  Гурван сая дахь  иргэнийг ямар аргачалаар хэрхэн тодруулсан талаар Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханаас тодрууллаа.

-Гурван сая дахь иргэнийг ямар аргачлалаар тодруулав?

-Нэгдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын хүн ам хэд хүрснийг тооцоод  5-ны өдөр 2 сая 995 мянга 949 байна гэж мэдээлсэн. Үүнээс хойшхи бүх  төрөлтийг бүртгэж, цаг минут, секундээр нь жагсаасан. Энэ хугацаанд нас баралт ямар байсан тоог сүүлийн 3 жилийн дунджаар гаргахад 32 минут 13.868 секундэд нэг хүн нас барж байна гэдэг статистик тооцооллын үндсэн дээр  нэгдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын иргэн 3 саяд хүрч байгаа.

-Гурван сая дахь иргэн мэндэлсэн 24-ний өдөр 181 хүүхэд чацуутнаар мэндэлсэн. Үүнийг яаж тодруулсан бэ?

-Монгол Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хэдэн хүүхэд мэндэлж, хүн ам хэд болсныг тоогоор гаргахад 3 сая арай хүрээгүй байсан. Тиймээс нэгдүгээр сарын 19-ний  шөнийн 00.00 цагаас нэгдүгээр сарын 26-ны өдрийн 00 цаг хүртэл бүх төрөлтийг цаг минутаар нь бүртгэж  авсан. Ингэхийн тулд Эрүүл мэнд, спортын  яамнаас  бүх төрөх тасгуудын цагийг стандарчлал, хэмжил зүйн этлон цагтай тааруулж, тухайн хүүхэд  мэндэлсэн цагийг тусгай хуудаст бүртгэн, хүүхдийн эхэд нэг хувийг, нөгөө хувийг хадгалж үлдсэн.энэхүү мэдээллийг Үндэсний статистикийн хорооны вебсайтад байршуулна.

-Гурван сая дахь иргэн тодорлоо. Монгол Улсын хүн ам цаашдаа хэр эрчимтэй өсөх тооцоо байгаа вэ?  

-Өнөөдөр  хүүхэд төрүүлж байгаа, аав болж байгаа залуус Монгол Улсын төрөлт хамгийн  өндөр байсан 1988 онд Монгол Улсын төрөлтийн үе буюу 75 мянган хүүхэд мэндэлсэн байдаг. Тэр үед төрсөн хүүхдүүд өнөөдөр  26, 27 нас хүрч,   хүүхэд төрүүлэх, нөхөн үржихүйн насны залуус  болсон.  Харин 1990-2000 оны хооронд  төрөлт багассан. Энэ үед төрсөн  хүүхдүүд өнөөдөр нөхөн  үржихүйн насанд ирж байна. Тиймээс Монгол Улс 4  сая  руу богино хугацаанд ойртоё  гэвэл  энэ хугацаанд төрөөс хүн амаа өсгөх бодлогод онцгой анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

 


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчууд гурван саяулаа болсныг тохиолдуулан мялаалга өргөлөө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Монгол Улсын хүн ам гурван сая болсныг тохиолдуулан Монголын ард түмэнд хандаж хэлсэн үг

МЯЛААЛГА

Туурга тусгаар, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улс гурван сая дахь иргэнээ тосож авлаа. Гурван мянганы эхэнд, Морин жилийн барианд, гурвалсан чандмань лугаа Монгол Улсын иргэд гурван сая болон өслөө. Юутай их баяр бахархал вэ! Монголчууд бид ерөөлөөр улам олуулаа болж байна. Манай Улсын хүн ам цаашид “Гурван сая” гэсэн билэгдэлт тоон дээр үргэлж өсч, үргэлж нэмэгдэн тоологдох болно оо. 

Хүний сайн, нутгийн сайхан цогцолсон Монгол Улсынхаа иргэн болж түмэн олныхоо магнайг тэнийлгэж төрсөн хүүхэд бүртээ төр түмнээ төлөөлөн чин сэтгэлийн сүүн мялаалга өргөе. Элбэрэл, ачлал дүүрэн ээж ааваа, өтгөс буурлуудаа, өрх гэрийнхэнээ баярлуулан ирсэн бяцхан үрсдээ баяр баярын дээдийг ерөөж, хамгийн сайн сайхныг хүсье. Эх Монгол орныхоо нэрийг дуурсгасан сайн хүн болж өсч торнихын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Их цагаан сүлдэндээ залбиран даатгая.

Монгол түмний гал голомт үргэлж бадарч яваг ээ. Эх үрсийн бие сайн, түшиг ихт түмний минь буян заяа тэгш байг ээ.  Монголын хүүхдүүд улам олуулаа болог ээ. Гучин буман Монголчууд минь эв бөх, хийморь өөдөө, эрх төгс, бүтээл арвин жаргаж яваг ээ. Түүх ихт төрийн минь сүлд тэнгэрийн тамгат Монгол үрсээ өнөд мөнх ивээх болтугай.

Хурай хурай хурай

2015 оны 1 дүгээр сарын 28

 

 


 

Монгол Улсын Ерөнхийлөгч гурван сая дахь иргэндээ МОНГОЛЖИН гэдэг нэр хайрлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэний гэр бүлийнхэнтэй утсаар ярьж баяр хүргэлээ. Төрийн тэргүүн гурван сая дахь иргэний аав Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж шинэ төрсөн охинд эцэг, эхийнх нь хүсэлтээр МОНГОЛЖИН гэдэг нэр хайрлалаа.

 


Монгол Улсын нэг сая дахь иргэн

1962 оны хоёрдугаар сард мэндэлсэн.

Монгол улсын хоёр сая дахь иргэн

Г.Болортуяа 1988 оны долдугаар сарын 11-нд Дархан хотод мэндэлжээ. Түүнд 2 өрөө байр бэлэглэж байсан байна.

Монгол улсын гурван сая дахь иргэн

2015 оны нэгдүгээр сарын 24-нд төрсөн. Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин.

 


Гурван сая дахь иргэнийг шагнах

Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний үе чацуутныг тодорхойлж, урамшуулан алдаршуулах шийдвэрийг Засгийн газар 2014 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар гаргасан билээ.

Засгийн газрын хуралдаанаар гурван сая дахь иргэн, тэдний үе чацуутнуудад олгох мөнгөн шагнал, тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтжээ.

Монгол Улсын гурван сая дахь иргэнийг орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагналаар шагнах, тухайн өдөр төрсөн бүх чацуутанд 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж үзүүлж алдаршуулахад нийт 958 сая төгрөг зарцуулагдах тооцоотой байна.

 


Гурван сая дахь иргэнийг тодруулсан журам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж