Японы сэтгүүлч Кенжи Гото Йорданы нисгэгч Муаз аль-Касасбехын зургийг барьсан байна.
“Исламын улс” зэвсэгт бүлэглэл барьцааны Японы сэтгүүлч Кенжи Гото, Йорданы нисгэгч Муаз аль-Касасбех нарыг аль-Каидагийн гишүүн хэт даврагч эмэгтэйгээр солилцох санал тавьжээ. Йорданы Засгийн газар Сажида аль-Ришавиг 24 цагийн дотор суллахгүй бол Кенжи Гото, Муаз аль-Касасбех нарыг хорооно хэмээн исламын хэт даврагчид сүрдүүлж байна. Одоогоор Японы Засгийн газар Йорданы талтай барьцааны иргэдээ суллуулах асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Үүний зэрэгцээ Йорданы нисгэгчийн төрөл төрөгсөд Муаз аль-Касасбехын амийг аврахын тулд “Исламын улс” бүлэглэлийн шаардлагыг биелүүлэхийг шаардан ерөнхий сайдын ордоны гадна жагсчээ. Муаз аль-Касасбехийн онгоц өнгөрсөн арванхоёрдугаар сард Сирийн нутаг дэвсгэрт сүйрснээс “Исламын улс” бүлэглэлд барьцаалагдсан юм.
Японы Засгийн газар “Исламын улс” бүлэглэлийн шаарсдан 200 сая ам.долларыг төлөөгүйн улмаас Японы иргэн Харуна Юкаваг өнгөрсөн ням гаригт /I.25/ цаазалсан билээ.
“Исламын улс” бүлэглэлийн солилцоо хийхийг хүсч буй Сажида аль-Ришави нь 2005 онд Йорданы нийслэл Амман хотод тэсрэх бөмбөг бүхий халдлага үйлдэж, 60 хүний амийг хөнөөсөн аж. Мөн тэрээр Ирак дахь алан хядах аль-Каида бүлэглэлийн лидер агсан Абу Мусаб аль-Заркавитай дотно харилцаатай байжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС