“Бодь групп” нэрийн эзэмшлийн маргааныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2014 оны 9 дүгээр сард, давж заалдах шатны шүүхээр мөн оны 11 дүгээр сард, Улсын дээд шүүхээр энэ оны нэгдүгээр сарын 26-нд тус тус хэлэлцэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан иргэн Л.Болдхуягийн байгуулсан тус компанийн улсын бүртгэлийг цуцлахаар болж байна.
Монголын зах зээлд “Бодь” нэрээр танил болсон компаниудын нэгдлийн хувьцаа эзэмшигчид тусдаа үйл ажиллагаа явуулах болсноор дээрх маргаан үүссэн болно. Дээр дурдсанчлан шат шатны шүүхээр маргааныг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл тус компани 1989 оноос хойш “Бодь” бүрэн бус хариуцлагатай хоршоо, “Бодь” ХХК, “Бодь групп” зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, ингэхдээ тухай бүр тэдгээр аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийг иргэн С.Лувсанвандан, түүний хүү Л.Болдхуяг нар эрх шилжүүлэн эзэмшиж ирсэн юм.
Монгол Улс ардчилсан орон болохын хувьд хуулийн засаглалтай, хараат бус шүүхтэй байх нь хүний эрхийг хангах үнэт зарчмын суурь учраас “Бодь групп” ХХК нэрийн маргааныг шүүн хэлэлцсэн Захиргааны хэргийн шат шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, “Бодь” ХХК-ны үүсгэн байгуулсан охин компаниуд өөрсдийн нэгдэлдээ цаашид “Бодь групп ХХК” нэрийг ашиглах боломжгүй болсныг хамтрагч, харилцагч, хэрэглэгчдэдээ мэдэгдэж байна.
Жич: Бодь хэмээх нэр нь дээрх компанийг үүсгэн байгуулагч, нэрт эрдэмтэн С.Лувсанвандан агсны төрсөн газрын нэр болно.
“Бодь” ХХК, “Бодь даатгал” ХХК, “Бодь капитал” ХХК, “Бодь инвест” ХХК, Бодь цамхаг” ХХК, “Бодь партнерс” ХХК, “Бодь системс” ХХК, “Бодь хотелс энд резортс” ХХК, “Бодь констракшн” ХХК