Ойролцоогоор долоо хоногийн турш Швейцарын Давост үргэлжилсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөв. Энэхүү уулзалтаар дэлхийн улс орнуудын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэн хөгжих, бие биенийхээ эрх ашигт хэрхэн нөлөөлөхгүй байх зэрэг асуудлыг нийтлэг хөндөж, түүнийг шийдэх арга замыг хайсан өмнөх уламжлалаас гадна даяарчлагдаж буй дэлхийн шинэ бодлогод хэрхэн дасан зохицож, цаашид бодлогоо яаж өөрчлөх талаар өөр өөрсдийн байр суурийг дэвшүүлж байна.
Исламын улс Монголд аюултай юу?
“Исламын улс” террорист бүлэглэл дэлхийн бүхий л орны удирдагчдын санааг зовоосон, зайлшгүй яаралтайгаар шийдвэрлэх асуудал болж байна. Сирийн Засгийн газрын эсрэг байлдаж байгаа “исламын дайчид” гэж өөрсдийгөө нэрийдсэн этгээдүүд дэлхий даяар тархсан нь ийн аюул болж байна. Очсон газар бүрнээ удаа дараалан аллага хийх болсон тэдний эсрэг тууштай бодлого барих нь зүйтэй гэж тэд үзэж байна. Одоогоор мэдэгдсэн нь Европ, Герман, Франц, Белги, Япон зэрэг улс ч дэлхий даяар тэдгээр этгээдүүд тарсан юм. Хамгийн аюултай нь тэд дайнд оролцож, хүний амь бүрэлгэж сурсны дээр өөрсдийн аймшигт үйлдлийг шашны мухар сүсэгт автан хүчирхийлэл үйлдэхэд бэлэн болсонд оршино.
Тэгвэл тэд бидэнд заналхийлэх боломж бий юу? Мэдээж энэ асуултын хариулт нь тийм. 2016 онд Монгол Улс “АСЕМ”-ийн уулзалтыг зохион байгуулж, дэлхийн удирдагч нарыг хүлээн авна. Үүнтэй холбоотойгоор аюулгүй байдлын тухай асуудал сөхөгдөнө. Бид ямар нэгэн байдлаар үүний эсрэг арга хэмжээ авах нь зайлшгүй болно. Нөгөөтэйгүүр Монгол Улс цөөнгүй улстай визгүй зорчих болсон. Тэгэхээр “исламын цэргүүд” дамжаад ороод ирэх магадлал өндөр гэсэн үг.
Харин энэ бүх нөхцөл байдлаас үүдээс дэлхийн удирдагч нараас гарч буй санал нь улсууд харилцан зөвшилцөж, “Исламын улс”-ын “иргэд”-эд ял тулгах санал. Ингэж байж тэдний хядлагыг зогсооно гэж тэд үзэж байгаа юм. Тиймээс холбогдох хуульдаа өөрчлөлт оруулан нэгдсэн журмаар үүнийг зохицуулахаас өөр аргагүй гэж Давосын уулзалтын үеэр ярилцаад амжив. “Исламын улс” зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхийн тулд хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол тэдэнд барьцааны мөнгө төлөхгүй байх. Барьцааны хүнээ суллуулахын тулд мөнгө төлснөөр тэднийг санхүүжүүлж, илүү олон хүнд аюул учруулах юм. Тиймээс ч Японы Ерөнхий сайд Шинзо Абэ алан хядагчдад мөнгө төлөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Энэ бүх нөхцөл байдлаас харвал энэхүү зэвсэгт бүлэглэл манайд ч аюул учруулах магадлал өндөр байна.
2015 онд дэлхийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг яах вэ?
Давосын уулзалтаар анхаарал татсан асуудал нь “2015 онд дэлхийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг яах вэ” сэдэвт хурал байлаа. Уулзалтанд оролцсон төлөөлөгчдийн нэрс ч үүнийг нотлоно. Сонирхуулахад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ЕНБД-ын орлогч, НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн даргын орлогч, Дэлхийн эдийн засгийн форумын төлөөлөгч, Английн банкны ерөнхийлөгч, Европын сэргээн босголт банкны ерөнхийлөгч, ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хүнсний аюулгүй байдлын холбооны дарга, МУ-ын ерөнхийлөгч, Гүржийн ерөнхий сайд, Францийн Гадаад хэрэг олон улсын хөгжлийн сайд, Европын банкны удирдах газрын дарга, 1993-2001 онуудад АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ал Гор /Тэрээр, Хөрөнгө оруулалтын менежментийн корпорацийгш үүсгэн байгуулагч, Засаглалын шинэ архетиктурын удирдах зөвлөлийн гишүүн юм/, Дүрвэгдсийн асуудал хариуцсан НҮБ-ын дээд комиссар, Францийн ерөнхийлөгч Холланд, Энэтхэгийн ерөнхий сайд, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны дарга зэрэг энэхүү хуралд оролцсон юм.
Дэлхийн өнцөг булан бүрт байдал сайнгүй байсаар энэ онтой золгосон. Энэ хүндхэн байдал цаашид үргэлжлэх ерөнхий төлөвлөгөөгөө байгааг чуулга уулзалтын үеэр дээрх эрхмүүд буюу дэлхийн удирдагчид, хөндлөгийн шинжээчид сануулж байна. Энэ өдрүүдэд болж буй Грекийн сонгууль, Английн шийдвэр, сонгуульд нэр дэвшсэн хүчнүүдийн “Европын холбооноос гарна” гэсэн бодлого ч дэлхийн эдийн засагт нөлөөлж, хамгийн хүчирхэг эдийн засаг гэгддэг Европын холбоог тарааж, эдийн засгийг унагах маш том хөшүүрэг болж магадгүй болжээ.
Орос Европын холбооны таагүй харилцаа, Хятадын эдийн засгийн өсөлт, АНУ болон Ойрх Дорнодын харилцаа зэрэг таагүй явдлуудыг зохицуулж, эерэг тийш чиглүүлэхгүй бол энэ онд нөхцөл байдал улам хэцүүдэх нь.
Ерөнхийдөө дэлхийн байдалд өөрчлөлт орсон. Үүнтэй уялдуулан бодлогоо өөрчлөх шинэ нөхцөл байдлыг улс, орнуудаас шаардах болжээ. Дэлхийн эдийн засгийг яаж сэргээх вэ. Ажилгүйдлийн түвшинг яаж багасгах вэ. Ази болон Европын орнуудын хөгжил ямар үр дүнг авчирах вэ? Шинээр ямар эрсдэл үүсэх вэ? Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж эхлэх хүртэл ямар тодорхой арга хэмжээ авах вэ гээд бүхий л чиглэлээр өмнөх бодлогоос эрс өөр бодлого барихгүй бол байдал хэцүүдэх нь нэгэнт тодорхой болсон талаар сануулж байна.
Хэдийгээр технологийн дэвшил асар хурдацтай хөгжиж буй ч улс орны хөгжил, тэр дундаа хүний хөгжилд төдийлөн нөлөө үзүүлэхгүй байгаа нь бидний улс орны хаалттай бодлогоос болж байгааг бүгд хүлээн зөвшөөрч байна. Тиймээс ч технологийн хөгжлийг яаж эдийн засгийн өсөлтөнд шууд нөлөөлдөг болох вэ гэдгийг дор бүрнээ бодож, өөрсдийн хувилбарыг ярилцжээ. Ингэхийн тулд аминчхан бодлоор өөрийн улсын компаниудын эрх ашгийг хамгаалахын тулд бусад компанийн бүтээгдэхүүнд хориг тавих явдлыг зогсоох ёстой гэж үзэх болсон байна.
Бас нэгэн чухал асуудал нь олон талт худалдааны зогсонги байдалд байх болсон. Үүнийг яаж сааруулах вэ гэх зэрэг олон асуудлыг тойрч ярилцсан байна. Энэхүү хуралдаан нь хаалттай учраас төдийлөн тодорхой мэдээлэх боломжгүй юм. Ямартай ч дэлхийгээрээ хямраад буй эдийн засгийн нөхцөл байдал энэ онд ч төдийлөн сэргэхгүй бололтой.
Урьдчилсан таамаг
Улс орнуудын харилцаа таагүй байгаа учраас дэлхийн эдийн засаг нэг хэсэгтээ сэргэхгүй нь ээ. Нөхцөл байдлаас харвал, АНУ цаашид ганцаарчилсан бодлого явуулж чадахгүй болсныг шинжээчид анхааруулж байна. Хятад хөгжлийнхөө хариуцлагыг ухамсартайгаар үүрдэг, түүндээ хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй бож байна. Учир нь Хятадаас дэлхийн зах зээл, хүн амын дийлэнх хувь нь хамааралтай болжээ. Үүнийг ч дэлхий нийт хүлээн зөвшөөрч, БНХАУ-ын Ерөнхий сайдын ирэх оны эдийн засгийн бодлогыг Давосын уулзалтаар анхааран сонслоо. Энэ онд өөр өөрсдийгөө бодсон “зөрүүд” бодлогоо баривал дэлхий нийтээрээ уналтанд орж болохуйц тийм зургийг судлаачид зурах болжээ. Иймээс ОХУ цэргийн бодлогоо зөөлрүүлж, Укрианы талаар барьж буй бодлогоо өөрчилж, Европтой дайсагнасан харилцаагаа цуцалж, сайжруулах хэрэгтэй болох нь. Орос гэлтгүй бусад орон ч амиа бодсон бодлогоо зогсоохгүй бол цааш явахгүй нь.
Газрын тосны үнийг барьж, дэлхий түүнээс нь хамаардаг учраас Ойрхи Дорнодын улсууд ч бодлогоо маш ухаалгаар явах хэрэгтэй болох нь. Яагаад вэ гэвэл АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлж байгаа зүйл нь Ойрхи Дорнодын газрын тосыг импортлож байгаа орнуудын эдийн засгийн бодлого үнэнд суурилж гаргадаг. Тиймээс ойрын хэдэн жилдээ Ойрхи Дорнод, АНУ, Европ, Орос, Хятадын барих бодлого хамгаас чухал байх бололтой. Дэлхий ийм хэцүү байдалд байхад Англи, Герман, Франц, Грек зэрэг орнуудын эсрэг тэсрэг байр суурь, бусдаа үл хүндэтгэсэн хачирхалтай бодлогод Хойд Европын орнууд болох Норвеги, Швед, Белги зэрэг нь татагдвал Европын холбоо нуран унах аюул нүүрлэжээ. Эдгээр дөрвөн орон тэрхүү эсрэг тэсрэг байр сууринд нэгдчих юм бол Европ задран унана. Тиймээс ч Франц, Англи туйлбаргүй бодлогоо зогсоох хэрэгтэй гэж шинжээчид үзэхийн хажуугаар эргэлзээ төрүүлж буй бас нэгэн асуудал нь В.Путин Польштой харилцаж буй харилцаагаа цаашид яах вэ гэдгээс багагүй асуудал хамаарах болж байна. Укрианы асуудал энэ хэвээр байвал хэцүүднэ бусад оронд ч хэцүүхэн нөхцөл байдлыг авчирах нь. Харин бидэнд найдвар бол Хятадын эдийн засгийн өсөлт цаашид үргэлжилж, тэр хэрээр Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон түүхий эдийн үнэ унахгүй байгаасай. Дээр нь бид түүхий эд экспортлогчоос даруй боловсруулагч улс болох шаардлагатай болов уу?
Л.НАРАНТӨГС