-Хаан харцгүй адил дугаартай машин унах болсноор төсвийн хөрөнгө мөнгө зориулалтын бус зүйлд урсаж, хэнд ч үл анзаарагдах үргүй зардал ундарч байхыг үгүйсгэхгүй-
УБЗ серийн дугаартай автомашиныг зөвхөн дарга нар унадаг байсан цаг саяхан. Тэр үед УБЗ серитэй автомашинуудыг “Засгийн тэрэг” гэж зааглаж ялгах нь хүний эрхэд харшилсан хэрэг гэж үзсэнээс эгэл жирийн иргэд ч УБЗ-ээр гангарч, эрх мэдэлтнүүд бусдаас ялгарахааргүй дугаартай автомашин унадаг болсон. Энэ нь хүний эрх талаасаа харвал хаан харцгүй адил тэгш үйлчилгээ авч буйг илтгэх сайн үзүүлэлт мэт. Гэвч сүүдэрт нь албан тушаалтнуудын ажлаа хийж гүйцэтгэхэд зориулан улсын төсвөөс гаргаж буй хөрөнгө мөнгө зориулалтын бус зүйлд урсаж, хэнд ч үл анзаарагдах үргүй зардал өдий төдийгөөрөө гарч байхыг үгүйсгэхгүй юм.
Өнөөдөр Монгол Улсад албаны машин унаж, улсаас шатахуунаа гаргуулах эрх бүхий хичнээн хүн байгааг нэгтгэн гаргасан тоо нэгээхэн ч алга. Яам, тамгын газрууд төрийн албаны нэгж байгууллага бүр тус тусдаа тоолж тооцдог ч нэгтгэн дүгнэж тооцсон мэдээллийг хэн ч өгөхгүй байгаа юм. “Ил тод байдлын сан”-гаас санаачилга гарган өнгөрсөн онд “Аль яам хэдэн машинтай вэ” судалгааг хийсэн боловч ихэнх яам хариу өгөөгүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар болоод Гадаад харилцааны яам, Зам тээврийн яамд ямар нэгэн хариу өгөөгүй бол Батлан хамгаалах яамнаас “Энэ төрлийн мэдээлэл улсын нууцад хамаардаг” гэжээ. Харин Хөдөлмөрийн я ам харъяалалдаа огт машин байхгүй гэсэн хариу өгчээ. Бусад яамдын хувьд 5-7 автомашинтай болохоо мэдээлж. Сайд, дэд сайдын хөлөглөдөг унаанууд голчлон Ланд-200 байдаг бол бусад албан хэрэгцээнд Sonata-7, nissan teana, Toyota raun зэрэг автомашиныг хөлөглөдөг байна.
Засгийн газрын автобааз гэж хэн бүхний мэдэх нэгэн байгууллага бий. Нэрнээсээ л үйл ажиллагаа нь ойлгогдох тус баазын парк нийт 182 автомашинаас бүрддэг ажээ. Төрийн гурван өндөрлөг бол тусдаа Төрийн тусгай гэх статусаар үйлчлүүлдэг бол Засгийн газрын автобаазаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хүрээнд үйлчилдэг ажээ. Засгийн баазын паркад өндөр дээд албан тушаалтанд зориулсан Ланд-200 маркийн машин 10 гаруй, хөдөө орон нутагт зорчиход зориулсан 14 жийпээс бусад нь жижиг тэрэг ажээ. Голчлон солонгос машинууд тэр дундаа Соната 5, 6, 7 дийлэнх нь байдаг ажээ. Парк шинэчлэлийн хувьд төдийлөн хангалттай бус гэдгийг Засгийн баазынхан нуухгүй байна. Хэдийгээр үйлдвэрээсээ гарсан 00 гүйлттэй машин авдаг ч он цагийн уртад элэгдсээр насжилт өндөртэй машин цөөнгүй болсныг өгүүлж байлаа.
Засгийн бааазын автомашинуудыг албан тушаалтны болон албан ажлын гэж хуваадаг. Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын хүмүүс албан тушаалын дагуу хувьдаа өмчилсөн уналгатай байдаг онцлогтой. Харин яамдын Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, дэд дарга болон хэлтсийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын зөвлөх, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын ерөнхий менежер, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Шадар сайдын ахлах зөвлөх зэрэг албан тушаалтнууд ажлын шугамаар машин унахаас өмчлөн өөрийн болгож унах эрхгүй байдаг аж. Гэвч энэ бол огт биелдэггүй зүйл заалт гэдгийг захын жишээ харуулна. Дэд сайд нар төдийгүй агентлагийн дарга нар хүртэл албанд унаж буй унаагаараа уралдаж, нэг нь халагдаж нөгөө нь томилогдох тоолон шинэчилж байдаг нь нууц биш. Ланд, Лексусаар өрсөлдсөн албан тушаалтнуудын чамирхал төсвөөс хэдий хэрийн урсгал зардал гаргаж байгааг тооцсон газар байхгүй ч жагсаалтад багтаагүй 490 албан хаагч албаны машин унаж байгаа нь Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоогджээ.
Тэр олон автомашинууд өглөөдөө зэрэг шахам хотын төвийг зорьж, ажил тармагц нэг газраас тал тал тийш зорчдог болохоор хотын зам түгжрээгүй байх ямар ч үндэслэлгүйн дээр яам, агентлагийн гаднах талбай ч албан тушаалтнуудын машинаар дүүрэх нь мэдээж. Дээрээс нь албан тушаалтнуудын хувьдаа “өмчилсөн” машинууд тэдний ар гэрийнхэн, авгай хүүхдүүдийнх нь уналга болж хувирсныг зарим эх сурвалж өгүүлж байна. Даргын эхнэр, хүүхэд байхын давуу тал энэ гэх. 1, 23, 84 дүгээр сургууль болоод нэр бүхий хувийн сургуулийн хүүхдүүдийг өглөө оройд зөөж буй машинуудын хэд хэчнээн хувь нь түлш шатахууныг нь төсвөөс гаргадаг төрийн албан хаагчдын машин байна вэ. Том том “mall”-уудын гадаа эгнэн жагссан жийпүүдийн хэд нь дарга сайдын эхнэрт үйлчилж буй бол. Энэ бүхнийг тодотгон ялгах хамгийн энгийн бөгөөд амар хялбар арга бол автомашины дугаарын ялгарал. Өнөөдөр Засгийн баазын тэрэгнүүд л гэхэд УБЗ, УБҮ, УНҮ гэсэн серитэй гэж байгаа ч эгэл иргэдэд ч энэ серитэй машин олон бий. Тиймээс урьдын адил төрийн албаны, өндөр дээд албан тушаалтнуудйн автомашины дугаарыг ялгамжлан зааглаваас айлын эрх эхнэр, танхил хүүхдүүдийн явган уналгад зориулдаг төсвийн хөрөнгийг хэмнэж болох биш үү. Захын овжин бацаан гар утсаараа зургийг нь аваад цахим сүлжээгээр цацаад эхлэхээр дарга нарын тансаглал хумигдах мэт санагдана.
Д.ЦЭЭНЭ