Гурван сарын дотор Шведын хоккейн од болсон словакийн хаалгач Юлиус Гудачекийн үнэн түүх.
Түүх 2014 оны есдүгээр сарын 25-нд эхэлсэн юм. Шведын хоккейн лигийн (SHL) 2014/15 улирлын тав дугаар шатны тэмцээнд Эбру хотын клуб өөрийн "Behrn Arena» ордноо Йёнчёпинг хотын "HV71» багтай тоглолоо.
Талбайн эзэн 2:0 харьцаатайгаар хожсоны дараа зочин багийнхан өрсөлдөгч нартайгаа гар барилцан уламжлалын дагуу алгаа мөсөнд арчив. Харин ялагчид хөгжөөн дэмжигчиддээ талархлаа илэрхийлэв. Уламжлалаар тэд цохиураараа мөс нүдэн талархдаг. "Эребру» багийн хувьд тэр нь анхны өөрийн талбай дээрээ авсан ялалт болсон учир хөгжөөн дэмжигчид хаалгач Юлиус Гудачект тусд нь баяр хүргэн талархсан юм. Хаалгач үзэгчдэд дөхөн очоод гурван удаа акробат эргэж харуулжээ. Энэхүү бяцхан үзүүлбэрийг түүнийг нэгэн хөгжөөн дэмжигч гар утсаараа бичиж, цахим ертөнцөд тавьснаар шинэ түүх эхэлжээ.
КХЛ-д ганцхан тоглолт
Гайхамшигтай ололт, амжилт 26 настай Юлиус Гудачект өмнө нь байсангүй. Карьераа Словакт эр орондоо эхэлжээ. Шведийн хоёрдугаар лигт тоглож байгаад дээд зиндаанд нь орсон байна. Оросын Новосибирскийн "Сибирь» клубын хараанд өртөн 2013 оны дөрөвдүгээр сард гэрээ байгуулжээ. КХЛ-ийн тогтмол аваргын тэмцээнд ганцхан удаа 2013 оны есдүгээр сарын 5-нд тоглохдоо новокузнецкийн "Металлург» багийн 17 цохилтын 14-ийг нь хааж чадсан юм. "Сибирь» 2:3 харьцаатайгаар хожигдсон юм. Үүнээс 13 хоногийн дараа клуб Гудачектай гэрээгээ цуцалжээ. Шведийн "Эребру» клубт тэрээр 2014 оны дөрөвдүгээр сард очжээ.
"Эребру» баян биш клуб. Маскота эсвэл үзэгчдийг хөгжөөх хөтөлбөрт мөнгө байдаггүй. Таван мянган хүний багтаамжтай мөсөн ордон нь байнга 100 хувиар дүүрч байдаг ч үзэгчдэд шоу дутагдалтай. Арванхоёрдугаар сард алдартай болсныхоо дараа Гудачек шведийн Expressen сонинд ярилцлага өгөхдөө "Бидэнд нэг чех залуу байсан юм. Тэрээр өөрийн талбайд хийсэн тоглолт бүрийнхээ дараа үзэгчдийг цэнгүүлдэг байлаа. Мөс цутгах машин дээр үсэрч гараад талбайг тойрон үзэгчдэд баяр хүргэнэ. Би түүний адил хөгжөөн дэмжигчдээ баярлуулах гэсэн юм. Ингээд тэдэнд зориулсан янз бүрийн зүйлийг бодож, сэтгэх болсон» гэж ярьжээ.
Юлиус дараагийн удаа тайзнаа аравдугаар сарын 11-нд гарчээ. "Эребру» өөрийн талбарт өмнө нь Гудачекийн баг байсан "Ферьестад»-ыг хожсон байлаа. Хаалгач нь Хенрик Юндберг байсан ч Юлиус үзүүлбэрээ таслахгүйгаар шийджээ.
Дараагийн тоглолтод нь Гудачек эргэн ирсэн байв. Өөрийн талбайн ялалт бүрийг тэр тэмдэглэж, 12 хоногийн дараа гэхэд түүнийг дэлхий нийт мэддэг болжээ.
Санаачлага нь хэрхэн тренд болов
"Эребру» клубын менежмент нь тоглолтын дараах хаалгачийн үзүүлбэрээр стадионд ирсэн үзэгчдийг хөгжөөхөөс YouTube сайт дахь клубын албан ёсны сувагт видео нь хэрэгтэй гэж үзжээ. Туршилт хийн Гудачект #HudaShow гэсэн тусгай хаштагийг нээж өгчээ. Мөн түүнд зориулсан сонирхолтой үзүүлбэрүүдийг зохиох болсон байна. Арваннэгдүгээр сарын 20-нд "Брюнес» багийг ялсны дараа туршилт болгон хоёр хаалгач нь үзэгчдийг хөгжөөсөн байна. Тэр видеог нь YouTube дээр ердийнхөөс 10 дахин их хүмүүс үзсэн байлаа. Учир нь шоу сэтгүүлч Грег Вышинскийн нүднээ өртөн тэрээр Yahoo Sports дэх Puck Daddy блогт хаалгачийн талаар бичжээ.
Дэлхийн хамгийн хөгжилтэй хаалгач
Yahoo Sports-ийн сэтгүүлч Лихи 2014 оны арванхоёрдугаар сарын 11-нд постдоо Гудачекийг Дэлхийн хамгийн хөгжилтэй хаалгач гэж нэрлэжээ. Постод шинэ видео бичлэг орсон байв.
Аажмаар дэлхийн алдар нэр авч байгаа трэндийг өргөжүүлэн орлого олохоор "Эребру» шийдэв. Одоо Гудачекийн хамт бяцхан үзүүлбэрт нь мөнгө төлж хамтран оролцох боломжийг хөгжөөн дэмжигчиддээ олгож эхэлжээ. Үнэ нь өндөр биш гэхдээ эрэлт ихтэй. Клубын бэлэг дурсгалын худалдаа өмнөх улирлынхаасаа 12 хувиар өссөн байна. Арванхоёрдугаар сард Гудачекийн фейсбүүк хуудасны like 215 хувиар нэмэгдсэн гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР