-Таваарын зах зээлийн төлвийг тольдохуй-
Дэлхийн банкны шинжээчид таваарын зах зээлийн энэ оны төлөв байдлыг тооцоолж, олон төрлийн таваарын үнэ уналттай байхыг таамаглав.
Таваарын зах зээл дээр 2015 оны турш есөн төрлийн бүтээгдэхүүний үнэ уналттай байх гэнэ.
Гэхдээ 2016 оноос байдал харьцангуй дээрдэж магадгүй аж. Газрын тосны үнэ өнгөрсөн оны дунд үеэс хойш дэлхийн II дайнаас хойш гурав дахь удаагаа огцом унаад билээ.
Газрын тосны зах зээлд “үнийн шуурга” дэгдэхэд Америкийн занарын тосны олборлолт, ам.долларын ханшийн өсөлт, геополитикийн эрсдэл, эрэлт буурсан зэрэг хүчин зүйл нөлөөлсний зэрэгцээ газрын тос экспортлогч орнуудын байгууллага (OPEC) үнийг нэмэгдүүлэхийн тулд олборлолтоо бууруулахгүй байх шийдвэр нэрмээс болжээ.
Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн долоон сарын туршид 55 хувиар унаад буй юм. Гэтэл өнгөрөгч 2014 оны зургадугаар сарын дунд үед баррель газрын тос 108 ам.доллар хүрч өссөн удаатай.
Газрын тосны үнэ энэ 2015 онд баррель нь дунджаар 53 ам.долларт хэлбэлзэх аж. Өмнө нь дэлхийн зах зээл дээр баррель газрын тосны үнэ 1985, 1986 онуудад 67 хувиар, 2008 онд 75 хувиар унаж байжээ.
Үүний зэрэгцээ сүүлийн хэдэн сард бусад нэрийн таваарын бүтээгдэхүүний үнэ ч суларч эхэлжээ.
Аж үйлдвэрийн таваарыг бүрэлдүүлэгч эрчим хүч, металл/эрдэс, хөдөө аж ахуйн ховор материалын үнэ энэ 2015 онд мөн л уналттай байх гэнэ. Тухайлбал, металлын ханш энэ онд тав хувиар буурах магадлалтай байна.
Мөн үнэт металлын ханш 2015 онд гурван хувиар унах төлөв ажиглагджээ. Үүнд нийлүүлэлт их, эрэлт сул, ам.долларын ханшийн хүчирхэгжилт зэрэг нөлөөлж буй аж. Харин хүнсний таваарын үнийн хувьд 2011 оноос хойш 20 орчим хувиар унаад буй дээр энэ онд нэмж дөрвөн хувиар буурах аж.
Гэхдээ 2016 оноос зарим төрлийн таваарын бүтээгдэхүүний үнэ сэргэх төлөвтэй байгаа гэнэ. Нүүрсний зах зээлийн хувьд Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрөгч онд 19 хувиар буурсан бол энэ 2015 онд дөрвөн хувиар өснө хэмээн шинжээчид үзэж байна.
Хэдийгээр Хятадын хэрэглээ буурсан ч нийлүүлэгчид экспортын хэмжээгээ өсгөсөн хэвээр байгаа нь энэ онд эрэлт, нийлүүлэлт тэнцэхэд хэцүү гэнэ. Энэ 2015 оны эхний хагаст дэлхийн чулуун нүүрсний жишиг үнэ тоннд 117 ам.
Доллар байх бол хоёрдугаар хагаст алгуур өсч 125 ам. долларт хүрнэ гэж шинжээчид дүгнэжээ. Харин 2015 онд зэсийн үнэ өнгөрсөн онтой харьцуулахад бага зэрэг өсөх хандлага ажиглагджээ.
Таваарын биржийн үүсэл:
Анхны таваарын бирж 17-р зуунд Японы фермерүүд цагаан будааны фьючерсийн гэрээг Осака хотод арилжиж эхэлснээр үүссэн гэж үздэг. Японы худалдаачид ирээдүйд ашиглах зорилгоор цагаан будааг агуулахад хадгалж, нөөцөлсөн цагаан будааг ирээдүйд худалдан авах эрхийн бичгийг худалддаг байсан аж.
Энэхүү эрхийн бичиг нь фьючерс гэрээний анхны хэлбэр байжээ. Харин 1848 онд Америкийн нэгдсэн улсад Чикагогийн худалдааны хороо хэмээх анхны орчин үеийн зохион байгуулалттай биржийн хэлбэр үүссэн байна. Анх уг бирж дээр зөвхөн улаан буудайн арилжаа явагдаж байсан бол яваандаа арилжаалагдах бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгджээ. Өнөө үед уг бирж дээр ихэнх хөдөө аж ахуйн таваар арилжаалагдаж байгаа юм. Үүний дараа 1877 онд Их Британий Лондонгийн металын бирж байгуулагджээ. Харин эрчим хүчний түүхий эдийн фьючерсийн арилжаа 1980 онд Лондон хотод олон улсын газрын тосны бирж байгуулагдсан үеэс эхэлсэн байна. Ингээд 1990 оноос зүүн Европ, Ази, Өмнөд Америкийн улс орнуудад бараа түүхий эдийн биржүүд шинээр байгуулагдаж эхэлжээ. Өдгөө дэлхий дахинаа 60 гаруй таваарын бирж үйл ажиллагаа явуулж байна.
Б.АНХТУЯА