-Олон-Овоотын уурхайн лиценз одоо яг хаана, хэнд байна вэ гэсэн шуугиан дэгдээсэн гол асуудлаас яриагаа эхлэе. Ойрын хэдэн өдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр маш их мэдээлэл, маргаан дэгдэж буйг та мэдэж байгаа биз ээ?
-Би дөнгөж сая уурхайгаас ирээд байна. Яг лиценз хэний мэдэлд байгаа вэ гэвэл “Олон-Овоот гоулд” ХХК эзэмшиж байна. Манайх “Монгол газар” компаниас өрийг нь шилжүүлж авахдаа Олон Овоотын лицензийг мөн хуулийн дагуу шилжүүлж авсан. Өнгөрсөн жилийн зургадугаар сараас бид Олон Овоотын уурхайн удирдлага, хяналтыг хэрэгжүүлж эхэлсэн. Биднийг анх очиход уурхайн 700 гаруй ажилтан өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хойш цалингаа авч чадаагүй, ажилчид нь тараад явчихсан ил уурхай, үйлдвэр хоёулаа зогссон, бүх техник, төхөөрөмж нь эвдэрчихсэн, дотоодын байтугай, гадаадын байгууллага ч зээл өгөхгүй үндсэндээ байдал хүндэрч элгээрээ мөлхсөн байсан. Бид тодорхой хэмжээний зээл авч техникийг нь засч, ажилчдыг нь цуглуулж, үйлдвэрийг нь ажилд оруулж, олборлолт хийж, алтаа улсдаа тушааж, төрд тушаах ёстой мөнгөө өгч эхэлсэн. Энэ бол үндсэндээ 2003 оноос хойш хуримтлагдсан өмнөх өрийг барагдуулж эхэлсэн гэсэн үг.
-“Монгол газар” компанийн өр зээлийн асуудал олны анхаарлыг татсан. Зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байсан нь нэгэнт ил болоод байгаа. Тэгвэл яагаад ийм их хэмжээний зээлийн өрөнд орох болов оо?
-Зээл ийнхүү хуримтлагдсан нь мэдээж санхүүгийн менежмент муу байсных. Энд “Голдман сакс” хэмээх гадны байгууллагатай олборлосон алтаа шууд тушаах маш ашиггүй гэрээ байгуулсан нь ихээхэн нөлөөлсөн.
-Олон-Овоотоос долоо хоногт 300 сая төгрөгийн орлого олдог гэдэг. Чамгүй ч их алт тушаадаг юм билээ. Өмнө нь ч Ц.Мянганбаяр алтаа тушаагаад л зээлээ төлчихнө гэдэг гэсэн яриа гардаг байсан л даа. Тэгэхээр дахиад л яагаад ийм их зээл бий болчихов оо гэдэг асуулт руугаа орох нь.
-Гарч байгаа бүтээгдэхүүн өөрөөр хэлбэл орлого нь зээлээ төлөх хэмжээнд хүрэхгүй бол нэмж зээл авсаар өрийн дарамтад орох нь тодорхой. Бас зээл авчихаад түүнийгээ төлөхгүй зориулалт бусаар зарцуулаад явах юм бол өрөнд орох нь тодорхой.
-Энд олны дунд яригдаад байдаг Ц.Мянганбаяр асар их хэмжээний зээлтэй мөртлөө үнэтэй машин зэргээр тансаглаж, наад зах нь л “Гоёл” наадам зэргийг гар таталгүй ивээн тэтгэж байсан гэж хүмүүсийн яриа батлагдаж байх шиг байна, тийм үү?
-Урьдах удирдлага нь юунд мөнгөө зарцуулж байсан нь миний мэдэх асуудал биш. Ер нь Монголд өнөөдөр айхавтар баян хүн байхгүй. Бүгд л зээл авч түүгээр бизнесээ явуулж байгаа. Авсан зээлээ төлөх ёстой. Нөгөөтэйгүүр санхүүгийн менежмент алдагдсан гэдэг дээр “Голдман сакс” компаниас алтны урьдчилгааны зээл авсан. Энэ нь зээл авангуутаа бүтээгдэхүүнээ шууд тэднийд тушаана гэсэн үг. Бүтээгдэхүүнээ зараад, ажилчдынхаа цалинг тавиад, дараа сарынхаа зардлыг хасаад зээлээ төлөөд явах бус “Голдман сакс” компанид шууд алтаа тушаагаад явахаар чинь хүмүүсийн цалинг тавьж, сэлбэг хэрэгслээ нөхөж чадахгүй үйлдвэрлэл доройтсон. Ингээд “Голдман сакс” компанитай хамтарч ажилласан нэг жилийн хугацаанд үйлдвэрлэл сэргэх аргагүй доройтсон юм билээ.
-Тухайн үед дэлхийн зах зээлд алтны үнэ ханш ямар байхаас үл хамаараад шууд алтаа тушаана гэж үү. Магадгүй нэг сарын дотор үнэ өсч буурлаа гэхэд түүнээс ихээхэн хэмжээний ашиг ч олж болох биш үү?
-Тийм, “Голдман сакс” компани зээл өгснийхөө дараа Монголын банкнуудын барьцаанд байсан Олон-Овоотын лицензийг барьцаанаас суллан авч, өөрийнхөө барьцаанд авсан. Монголын хууль тогтоомжийн хүрээнд “Голдман” сакс барьцаалагч этгээд биш. Гадны нэг компани гүйж ирээд Монголын лицензийг барьцаалж болохгүй шүү дээ.
-Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт банк юм уу банк бус санхүүгийн байгууллагад бус гадаадын нэг компанид лиценз барьцаалуулж алдаа гаргасан тал бий гэсэн утгатай үг унагасан байна лээ?
-Тийм ээ. Процесс яаж явагдсаныг мэдэх хүмүүс нь мэдэж байгаа.
-Дээр дурдсан ярилцлагад Олон-Овоотын лицензийг 2005 онд Анодод тавиад 2006 онд чөлөөлсөн, тухайн жилдаа дахиад тавьсныг 2007 онд чөлөөлж, тухайн онд Голдман саксд тавьсан байна. Үүнийг 2009 онд Хадгаламжид тавьсан гэсэн байна. Албаны хүний үг учраас энд иш татаж байгаа хэрэг шүү дээ. Зээлээ төлсөн учраас барьцаанаас нь чөлөөлөөд дараагийнханд нь тавиад яваад байж гэж ойлгож байна, зөв үү?
-Анодод зээлээ төлөөгүй байхад нь мөнгө орж ирэхээр төлнө гэсэн нөхцөлтэйгээр барьцаанаас суллуулж авсан.
-Тэгж болдог юм уу?
-Болохгүй л дээ.
-Тэгэхээр банкууд ч бас хариуцлага алдсан байна аа?
-Тийм болж байна.
-Дээрээс нь үүнийг бүртгэж авч байгаа Кадастрын газартай хариуцлага тооцох ёстой юу?
-Тэд зөвхөн бүртгэж авч л байгаа. Холбогдох бичиг баримтыг, суллахыг зөвшөөрсүгэй гэсэн бичиг баримтыг аваад ирж байгаа болохоор тэдэнд хамаагүй. Кадастрынхан араас нь гүйж очоод банкны гэрээ хэлцэлд оролцох ямар ч боломжгүй.
-Яг одоо лиценз яг ямар ямар банкин дээр хэдэн төгрөгний өрийн барьцаанд байгаа вэ? Ер нь “Монгол газар”хэдэн банкнаас зээл авсан юм бэ?
-Голомт, Монгол шуудан, Зоос, Анод гэсэн банкууд зээл олгосон. Хадгаламж банк сүүлийн нэмэлт хөрөнгө оруулалтыг санхүүжүүлсэн. Зээл нэгэнт л олгогдчихсон, үүнийг Олон-Овоотыг ажиллуулж байж төлөх учраас лицензийг бүх банкны зээлийн барьцаанд тавих нь зүйтэй байх.
-Уучлаарай, дэлгэрэнгүй тайлбарлавал илүү нарийн байх. Гэхдээ жирийн иргэдэд бол нэг ордын лицензийг л баахан банкинд тавьчихжээ гэсэн ойлголт төрөөд байгаа нь нэг их ташаа биш юм байна тийм үү?
-Ерөнхийдөө тийм. Процессуудыг дэлгэрэнгүй тайлбарлахад уншигчдад ойлгомжгүй байж болох юм. Банкны зээл эцсийн төгрөг хүртэл төлөгдөж дуустал лиценз банкны барьцаанд байх ёстой, үүнийг яаж хангуулахаа банкууд хоорондоо тохиролцоод шийдвэрлэх гарц олох байх.
-Энд бас Олон овоотын лицензийг зальт этгээдүүд зувчуулчихлаа, алга болчихлоо гэсэн яриа дэгдээд байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ. Өнгөрсөн өдрүүдэд телевизээр албан бичиг харуулаад яриад байсан?
-Лицензийг зувчуулсан, алга болчихсон гээд яриад байгаа хүмүүс зувчуулаагүй гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа. Телевизийн нэвтрүүлгээр албан бичгийн зөвхөн толгой, болон төгсгөл хэсгийг харуулаад байгаа. Гэтэл гол хэсэгт нь Анодын зээлийн барьцаанд байгааг нь зээлийг нь төлнө гэсэн нөхцөлтэйгээр барьцаанаас нь суллан “Голдман сакс”-ийн барьцаанд тавьсан, гэхдээ зээл төлөгдөөгүй. Хоёрдугаарт “Голдман сакс” барьцаа хангуулах эрхгүй мөртлөө хууль бус үйлдэл хийсэн. Иймээс барьцааг “Голдман сакс”-аас суллаж Монголын банкуудын зээлийн барьцаанд авчирлаа гэж тодорхой бичсэн байгаа. Гэвч арай өөр өнцгөөс нь л харуулаад байна л ээ.
-Зоостой яаж холбогдоод байгаа билээ?
-Зоос энэ төсөлд хамгийн их зээл өгсөн. Зоосын хүрээнд 60 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эсрэг энэ лицензийг барьцаалах үүрэг хүлээх ёстой. Хэрэв “Голдман сакс” -д энэ лиценз байсан бол Зоосын барьцаанд хэзээ ч ирэхгүй байсан. Лицензийг одоо Зоос болон Анод дээр зээлийн барьцаанд тавих ёстой. Бид хүсэлтээ тавьсан. Зоос үүнийг Анодтой нийлж хийх үү, тус тусдаа хийх үү гэдгээ шийдэх ёстой. Хоёулаа төрийн оролцоотой банк болсон учраас төр шийднэ гэсэн үг.
-Ерөөсөө энэ лицензийг зараад банкууд мөнгөө олоод авчихвал яасан юм бэ гэсэн яриа бас байна. Ийм боломж байна уу?
-Телевизээр хүмүүс үүнийг нээлттэй зах зээл дээр зараад мөнгийг нь төлүүлэх хэрэгтэй гэж ярьж л байна лээ. Зарж болдог бол түүн шиг сайхан арга алга. Яг одоо зах зээл дээр ордыг зарвал 50 сая ам.доллар ч хүрэхгүй, гэтэл энэ ордын төлөх ёстой өр 250 сая ам.доллар байгаа. Хэн ч субботник хийж, хүний өрийг төлөхийг хүсэхгүй шүү дээ. Ашиг олох гэж л бизнес хийдэг хойно. Тэгэхээр одоо байдал дордчихоод байгаа уурхайг өөд нь татаж, додомдоод, нөөцийг нь дахин нарийвчлан тогтоогоод, өнгө төрхийг нь засчихад арай өөр үнэтэй болно оо доо. Тэгэхгүйгээр ангал шиг нүхтэй, хамаг техник нь эвдэрчихсэн, үйлдвэр нь зогсчихсон ийм орд руу хэн орж ирэх вэ. Яг өнөөдөр 250 сая ам.доллараар байг гэхэд 150, 200 сая ам.доллар төлөөд ороод ирэх хөрөнгө оруулагч байвал болж л байна. “Голдман сакс” компани гэхэд 100 сая ам.доллар оруулж ирнэ гэж хэлчихээд, цаг дээрээ болохоор 27 сая ам.долларын л зээл өгч, бүх лицензийг нь барьцаалсан байсан шүү дээ.
-Саяхан солонгосчууд 130 тэрбум төгрөгөөр ч билүү авья гэсэн гэж мэдээлэл гарсан байсан?
-Тийм ээ. Ц.Мянганбаяр захирал солонгосчууд дагуулж ирсэн. Авах боломжтой гэдгээ нотол, авъя гэж сонирхож байгаа бол хэлээд байгаа үнийхээ 10 хувийг эхлээд оруулаад ир, тэгээд ярилцъя гэсэн. Тэгээд л алга болсон. Тэгээд ч иймэрхүү ашиг олох гэсэн дундын зуучлагч нар цаашдаа зөндөө гарч ирэх юм шиг л байна лээ.
-Зоос банкийг яаравчлан төрийн мэдэлд шилжүүлж, их хэмжээний бонд гаргаж тэтгэнэ гэх мэтээр арга хэмжээ авч байгаа нь энд төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид оролцсон бульхайгаа нуух гээд байна уу гэсэн хардлага төрүүлж байна. Тухайлбал Анодыг гэхэд жил гаруйн хугацаанд шууд төрийн мэдэлд аваагүй Бүрэн эрхт төлөөлөгч томилуулаад ажиллуулаад байгаа шүү дээ?
-Бид үүнийг хэлж мэдэхгүй. Бидний хувьд энэ банкуудын өрийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Төлөхийн төлөө ажиллаж байна. Бидний хувьд элдэв шуугианд сатааралгүйгээр ажлаа хийх нь л чухал.
-Дараагийн нэг сэдэв. Ш.Батхүү гэдэг хүний тухай мэдээлэл анхаарал татаж байна. Жишээлбэл Олон овоот гоулдийн үйл ажиллагаанд хэр оролцооотой байдаг юм бэ?
-Ш.Батхүү Жаст групп ХХК-ийн ерөнхий захирал. “Олон Овоот гоулд” -ын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. “Олон Овоот гоулд” -ыг Гүйцэтгэх захирлын хувьд би хариуцан ажилладаг. Уурхайн хэвийн үйл ажиллагааг хангуулахын төлөө ажиллаж байна.
-“Жаст” групп Хадгаламж банкийн менежментийг хариуцаж байгаад Монгол шуудан банктай нэгтгэсэн. Зоосыг нэгтгэх санал бас тавьж байсан. Үндсэндээ Монголын гурван арилжааны банкны эзэн болох нь ээ гэгдэж байсан. Үүнээс үүдээд Ц.Мянганбаярыг зээлээр угжиж байгаад эцэс сүүлд нь Олон овоотын лицензийг авах ажил зохион байгуулжээ гэж яригдаж байсан?
-Ц.Мянганбаярын авсан, манайд шилжсэн зээлийн дотор “Жаст” -ын шатахууны авлага л бидэнд байгаа. 2006 оноос хойш нийлүүлсэн шатахууны үнэ. Бусад шатахууны компаниудад ч төлөх өр байгаа. Монголын банкуудаас авсан зээл бол “Монгол газар” ХХК болон түүний охин компаниудын авсан зээл.
-Ингэхэд Олон-Овоот маань хэр нөөцтэй орд юм бэ? Хэдэн зуун тонн л гэдэг. Гэтэл бас нөөц дуусчихсан гэнэ ээ ч гэдэг.
-Эрдэс баялгийн зөвлөлөөс тогтоосноор бол 18,5 тонн. Энэ тооноос хөөж бодоод, санхүүгийн зөв менежмент хийвэл бүх өр зээлээ төлж барагдуулах балансыг бариулах боломжтой. Яг хэдэн тоннын нөөц байна вэ гэдгийг бид эхлээд нарийвчлан тогтоох шаардлагатай байна. Ойрын хугацаанд нөөцөө нарийвчлан батлах ажлаа хийж чадвал, уулын ажил руугаа тууштай орно доо. Энэ уурхайн гол үнэт зүйлийн нэг бол анх монголчууд босгосон. Үргэлжлүүлээд монголчууд ажиллуулж байна. Бид алтаа улсдаа тушаадаг. Энэхүү бахархал энэ уурхайг босгоё л гэсэн эрч хүч өгч байгаа.
-Нөөцөө хэзээ хүртэл дахин тогтоох юм бэ. Сайн мэдээ гэвэл одоо албан ёсоор тогтоосон гэж байгаа нөөцөөр өрөө төлж дийлэх л юм байна, тийм үү?
-Хоёрдугаар сарын 1 гэхэд дуусчих байх, тэгээд л хөрс хуулахад ажлаа чиглүүлнэ. Өнгөрсөн хугацаанд хөрс хуулалт бидний тооцоолж байгаагаар хоёр жилээр хоцорсон. Одоо түүнийг бид яаж асар богино хугацаанд нөхөж хийж дахин энэ уурхайг ажиллуулах вэ гэсэн том асуудал тулгараад байна. Үйлдвэрээ зогсоож байгаад хөрс хуулалт руугаа бүх анхаарлаа хандуулж байж гурван сарын дотор амжуулж чадна гэж бид тооцоолж байна.
Холбоотой мэдээ