Монголын ардын урлагийн “Хөсөгтөн”, “Жалам хар” хамтлагууд “Asia's Got Talent” шоунд амжилттай оролцож эхний даваагаа давжээ. Дэлхийн шилдэг хөгжмийн продюссер David Foster, “Spice Girls”-ийн Mel C, Anggun, Van Ness гэсэн алдартай дөрвөн уран бүтээлч энэ шоунд шүүгчээр ажиллаж байна. Шүүгчид манай ардын урлаг, авьяаслаг уран бүтээлчдийн тоглолтыг өндрөөр үнэлж дараагийн шатанд орох эрхийг өгч, “YES” гэдэг үгээ харамгүй хайрлажээ.
Одоо шалгарч үлдсэн шилдгүүдээс сонгомол 24-т багтаж, хагас шигшээд орох эсэх нь сар гаруйн дараа тодрох юм байна. “Ардын урлаг, авьяастнуудыг маань түмэн олны аз хийморь түшиж, Мөнх хөх тэнгэр ивээх болтугай гэж ерөөмой” хэмээн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл урлагийн газрын дарга Н.Оргил нүүрномын хуудаснаа бичжээ.
Х.ХАТАН
Эх сурвалж: www.polit.mn