Дархан-Уул аймгийн Ардчилсан Залуучуудын холбооноос Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд доор дурьдсан шалтгаанаар дөрвөн зүйл бүхий шаардлагыг 14 хоногийн хугацаатайгаар тус хурал дахь Ардчилсан намын бүлгээр дамжуулан хүргүүлжээ.
Шаардлагад,
Дархан-Уул аймгийн Аудитын газраас 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат болон ЗДТГ-ын нэр бүхий зарим агентлагтай холбоотой их хэмжээний хөрөнгө, ашиг сонирхлын зөрчил, МУ-ын хууль тогтоомж зөрчсөн тухай маш ноцтой мэдээ баримтыг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн. С.Насанбат нь өөрийн эхнэрийн тэргүүлдэг аймгийн Эмэгтэйчүүдийн Холбоо болон МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-нд, өөртөө байр, машин зэрэгт төсвөөс их хэмжээний хөрөнгө хууль бусаар гарган өгч завшсан нь Аудитын газрын дүгнэлтээр батлагдсан байна.
Мөн Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг зөрчин хувийн ашиг сонирхлоор хандан ГХБХБГ-ын /Газрын алба/ даргын албан тушаалд өөрийннайзын дүү Мөнх-Эрдэнэ гэгчийг Улаанбаатар хотоос авч ирэн хууль бусаар томилсон нь тогтоогдсон, хууль зөрчин иргэдээс их хэмжээний мөнгө, газар зарсан зэрэг нь Аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэх мэт бусад олон асуудлууд илчлэгдсэн нь ард иргэдэд багагүй бухимдал, эргэлзээг төрүүлээд зогсохгүй хэрхэн шийдвэрлэх талаар ихээхэн хүлээлт үүсээд байна. Гэтэл энэхүү асуудлыг соргогоор хүлээн авч хугацаа алдалгүй шийдвэр гаргаж иргэдэд мэдээлэл өгөх үүрэг бүхий ганц байгууллага болох танай Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авч ажиллаагүй, иргэд олон нийт тодорхой мэдээлэлгүй байгаа нь ойлгомжгүй бөгөөд хариуцлаггүй үйлдэл гэж үзэж байна. Тиймээс Ардчилсан Залуучуудын Холбоо нь намын олон мянган гишүүд болон аймгийн нийт залуучуудын өмнөөс дуу хоолой болон дараах 4 /дөрвөн/ асуудлаар шаардлага хүргүүлж хариуг хугацаатай шаардаж байна.
Үүнд:
1. Аймгийн Аудитын Газрын дүгнэлтийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээн зөвшөөрч байгаа эсхүл эс зөвшөөрч буй талаар хариу өгөх.
2. Төрийн хяналтын байгууллагын дүгнэлтээр хууль зөрчсөн нь батлагдаад байгаа Засаг дарга С.Насанбатыг цаг хугацаа алдалгүй огцруулах.
3. Засаг даргын Хууль зөрсөн үйлдлүүдийг олон нийтэд нээлттэй мэдээллэх үүргээ хэрэгжүүлэх.
4. Засаг дарга С.Насанбатын хууль зөрчиж томилсон найзынх нь дүү Газрын албаны дарга Мөнхэрдэнийг яаралтай чөлөөлөх.
Эдгээр асуудлуудаар шаардлага хүргүүлж байгаа тул ард түмнийг төлөөлөн сонгогдсон үүргийнхээ дагуу шийдвэрлэж зөвхөн албан бичгээр хариу ирүүлэхийг шаардаж байна.
Жич: Бодит байдлыг нуун дарагдуулах, улс төрийн үүднээс хууль зөрчсөн этгээдийг хамгаалах, шаардлагад хариу өгөөгүй гэх мэт тохиолдолд хуулийн хүрээнд тэмцэлийн дараагийн хэлбэрт шилжихийг анхааруулж байна.
Хувийг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд, Аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш-д тус тус хүргүүлнэ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙНАРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО… гэжээ.