УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэв.
Засгийн газрын зүгээс өнгөрсөн оны зургадугаар сард Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ дээрх төслүүдийг хамт мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, дээрх татварын хуулиуд нь чөлөөт бүсийг хөгжүүлэх хүрээнд мэдүүлэгдсэн, өөрчлөлт орох хуулиуд гэж ойлгож болох юм байна. Тухайлбал, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд “Худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхний таван жилд чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувь чөлөөлнө” хэмээн заасан байна. Мөн “Чөлөөт бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхний 10 жилд чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрөөс 100 хувь чөлөөлөхөөр тусгаад байна.
Тэгвэл ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд “Чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500 мянган ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх Орлогын албан татварын хөнгөлөлтийг үзүүлнэ.
Мөн чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын үйлдвэрлэл байгуулахад 300 мянган ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Чөлөөт бүсэд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн татварын тайлангаар гарсан алдагдлыг бүтээн байгуулалтын ажил дуусч, зорилтот үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа эхлүүлсний дараагийн 5 жилд албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох зэрэг татварын хөнгөлөлтүүд дээрх хуулийн хүрээнд тусгагдсан байна.
Г.ДАРЬ