УИХ намрын чуулганаа эхлүүлсэнээс хойш гурван сар болж, ердөө хоёр долоо хоногийн дараа буюу ирэх хоёрдугаар сарын 10-нд хаалтаа хийнэ. Гэвч хийсэн ажил багатай сонгогчидтойгоо уулзах болж байна.
УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганаар нийт 26 асуудлыг хэлэлцэхээр захирамж гаргаж байсан ч түүнээс арав хүрэхгүй нь УИХ-аар батлагджээ. Ийм байдалтай намрын ажлаа өндөрлүүлэх болж байгаагийн цаад талд ихэнх цагаа сайд огцруулах, Засгийн газрыг огцруулах, дараа нь Засгийн газрыг бүрдүүлэхээр хэлэлцээр хийж, цаг алдсантай холбож болохоор байгаа юм. Нөгөөтэйгүүр, гишүүд цагтаа ажилдаа ирэхийг мартаад удаж байгаа нь ажлынх нь бүтээмжид сөргөөр нөлөөлж эхэлжээ гэдэг дүгнэлт хийсэн ч буруудахааргүй болжээ.
Ерөнхий сайдыг огцруулав
УИХ-ын намрын чуулган 2014 оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийж, түүнээс 16 хоногийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өргөн мэдүүлжээ. Цөөнхийн бүлгийн 26 гишүүний саналыг дэмжиж, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар нэгдсэн байлаа.
Энд нэг зүйлийг онцлоход, намрын чуулган эхэлсэн даруйд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, УИХ хэлэлцэн баталжээ. Гэвч арваннэгдүгээр сарын 5-нд УИХ Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр УИХ анх удаа Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг Ерөнхий сайд ч үгүй, Сангийн сайд ч үгүй баталжээ.
Хэдийгээр УИХ-ын дарга тэргүүтэй, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн удирдлагууд “2015 оны төсвийг хуулийн хугацаанд нь багтааж баталлаа. Зардлыг сайн таналаа” гэж баталсан төсвөө сайшаасан ч Засгийн газар шинээр бүрдсэн тул түүнд зохицуулж төсвөө өөрчлөхөөс аргагүй болж, шинэ он гарангуут 2015 оны төсвийг дахин тодотгов.
Ерөнхий сайдыг томилов
Засгийн газраа танхимаар нь унагасан УИХ 16 хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилжээ.
Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, намын бүлэг нь дэмжсэнээр нэрийг нь УИХ-д санал болгосон байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа 15 яам, 19 сайдтай байхаар зураглаж, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснийг арванхоёрдугаар сарын 9-нд баталжээ. Тодруулж хэлбэл, арванхоёрдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Засгийн газрын танхимд бүрджээ.
Ингээд ажил дууссангүй, УИХ дахь нам эвслийн бүлгүүдийн дунд дэд сайд нарыг тохирох хэлэлцээр эхлэв. Эрх баригч хүчин 17 дэд сайдтай байх саналаа Засгийн газарт хамтарсан УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын хэсэгт мэдүүлж, гишүүд нь эсэргүүцлээ илэрхийлж “Ийм баньдын зөвшилцөл гэж хаа байсан юм бэ” хэмээн твиттер хуудсаараа жиргэсэн ч Шийдлийн Засгийн газарт долоон дэд сайд томилсноор хэл ам татлахаа зогсоов. Засгийн газар арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дэд сайд нарыг томилж, УИХ ч үндсэн ажил руугаа оржээ.
Эндээс УИХ бүтэн хоёр сарыг сайд огцруулах, томилох асуудалд зарцуулсан нь харагдаж байгаа юм.
Төмөр замын царигийг шийдэв
УИХ сайд огцруулах асуудлыг барьж авахаасаа урьтаж хаврын чуулганаар хэлэлцээд бараагүй Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэнээр 2014 оны арван сарын 24-нд баталжээ. Энэ нь УИХ-ын намрын чуулганаар амжуулсан нүүрийг нь тахлах том ажил болж байна.
Хууль батлагдсанаар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар болж, олон жилийн маргаанд цэг тавив. Гэхдээ араасаа бас нэгэн хэрэг дагуулсан нь “Хятад царигаар хилээ сэтлүүлж Bank of China-гаар барьцаалан, гадныханд газраа 100 жилээр эзэмшүүлэхэд та саналаа өгөөрэй” гэх утгатай мессеж УИХ-ын гишүүдийн гар утасны дугаараас иргэдийн утсанд ирж, дуулиан тарьсан юм.
Тагнуулын ерөнхий газраас “SMS-ний эзнийг олсон” гэж мэдээлсэн ч одоо хэр нь хэн энэ мессежийг илгээсэн бэ гэдгийг зарлаагүй л байна.
Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдээс ямар нэртэй хуулийн төсөл нь батлагдсан, мөн ямар нэртэй төсөл хэлэлцүүлгийн шатанд байгааг тодруулъя.
1.“Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл. /2014 оны нэгдүгээр сарын 29-нд УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэн, хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжжээ/.
2.“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл. /УИХ 2014 оны аравдугаар сарын 24-нд батлав/
З.Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал. Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэгдсэн тул УИХ эл асуудлыг хэлэлцсэнгүй.
4.”Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 2014.03.26- нд өргөн мэдүүлсэн. /УИХ хэлэлцээгүй байна/.
5.Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөл. /Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг 2014 оны аравдугаар сарын 26-нд шийдсэн/.
6.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл, /УИХ 2014 оны арваннэгдүгээр сарын 15-нд батлав.
7.Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл, /УИХ 2014 оны арваннэгдүгээр сарын 15-нд батлав.
8.Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл, /УИХ 2014 оны арваннэгдүгээр сарын 15-нд батлав.
9.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, /УИХ 2014 оны арваннэгдүгээр сарын 13-нд батлав.
10.Худалдааны тухай хуулийн төсөл. /Нэр бүхий гишүүд хуулийн төслийг 2014 оны гуравдугаар сарын 25-нд өргөн мэдүүлсэн ч хуулийн төслийг хэлэлцэж эхлээгүй байна/.
11.Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын төсөл, /Хэлэлцэж эхлээгүй, УИХ-ын даргын захирамжаар татварын багц хуульд иж бүрэн шинэчлэл хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна/
12.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл, /анхны хэлэлцүүлэгт иржээ/.
13.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл; эргэлзээтэй
14.Гэмт хэргийн тухай хуулийн төсөл /Засгийн газар хуулийн төслийг 2015 оны нэгдүгээр сарын 9-нд эргүүлэн татав/.
15. Зөрчлийн тухай хуулийн төсөл
16./Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл /Гэмт хэргийн тухай хуулийн төсөлтэй хамт эргүүлэн татагджээ/.
17.Монгол хэлний тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлгийн шатанд/.
18.“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, /эцсийн хэлэлцүүлгийн шатанд/
19.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, /Ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ/.
20.Хяналтын тухай хуулийн төсөл /хэлэлцэж эхлээгүй байна/.
21.Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, /Хэлэлцэж эхлээгүй/
22.Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл, /Хэлэлцэж эхлээгүй/.
23.Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ дахь нам эвслийн бүлгүүдээр хэлэлцэгдсэн/.
24.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/хэлэлцэж эхлээгүй/
Дараалал харгалзахгүйгээр УИХ хаврын чуулганаас шилжиж ирсэн хуулийн төслүүд, мөн 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох хуулийн төслүүдийн хамтаар хэлэлцэн батлаад байна.
Г.ДАРЬ