“Исламын улс” зэвсэгт бүлэглэл энэ сарын 20-нд Японы хоёр иргэнийг барьцаалж, нэгийг нь хөнөөгөөд буй үйл явдал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Исламын хэт даврагчид Японы иргэд болох Кенжи Гото, Харуна Юкава нарыг барьцаалсан бичлэгийг цахим ертөнцөд байршуулж, 72 цагийн дотор 200 сая ам.доллар төлөхгүй бол хоёр иргэнийг нь цаазална хэмээн Японы Засгийн газрыг сүрдүүлсэн.
Үүний дараа Японы Засгийн газраас иргэдээ аврах тал дээр бүхий л боломжийг судлан ажиллаж буйгаа мэдэгдэж байсан ч Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмеронтой утсаар ярихдаа “Япон улс барьцааны хүмүүсийг суллуулахаар мөнгө төлөхгүй” гэж мэдэгдсэнийг хэвлэлүүд иш татан онцолж байв.
Ингээд 72 цаг ч өнгөрч, хэт даврагчид японы иргэн Харуна Юкаваг цаазалсан бичлэгийг цацлаа. Харин үүнийхээ дараа “Исламын улс” бүлэглэлийнхэн Кенжи Готог мөнгөөр биш Йорданд хоригдож буй Иракийн хэт даврагч Сажида аль-Ришави гэгчээр солилцохыг санал болгоод байна.
Одоогоор уг шаардлагын хариуг японы зүгээс хараахан өгөөгүй байгаа ба “Японы Засгийн газар исламын хэт даврагчдын шаардлагыг судалж байна” хэмээн Японы ерөнхий сайд “NHK” телевизэд мэдээлсэн юм.
БАРЬЦААЛАГДСАН ИРГЭД ХЭН БАЙВ
Японы иргэд барьцаалагдсан тухай мэдээлэл цацагдаж эхлэнгүүт тэд чухам хэн байсан, чухам яагаад дэлхийд зартай бүлэглэлийн гарт оров гэсэн асуулт урган гарч ирсэн.
Тиймээс тэднийг чухам хэн байсан тухай мэдээллийг хүргэе.
КЕНЖИ ГОТО
Тэрээр 1967 онд Японд төрсөн. 1991 онд “Hosei” их сургуулийг төгсөөд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж эхэлжээ. 1996 онд өөрийн “Independent Press” компанийг байгуулж, дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй хүнд нөхцөл байдлыг очиж сурвалжилж, оршин суугчдын хүнд хэцүү амьдрал, ард иргэдийн зөрчигдөж буй эрх, эрх чөлөө, ХДХВ-ын халдвар болон алмаазын олбололтод хүүхдүүдийг боолын мөлжлөгт ашиглаж буй зэрэг сэдвүүдээр видео нэвтрүүлэг хийдэг байсан чөлөөт сэтгүүлч юм. Түүний бэлтгэсэн мэдээ нэвтрүүлгүүд Японы NHK болон TV Asahi зэрэг телевизүүдээр гарч, үзэгчдэд хүрдэг байжээ.
Тэрээр мөн НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхлэх Дээд Комиссарын газар зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг сайн дурын ажилтан байв.
1997 онд Христийн шашинд орж “Би аймшигтай олон газраар явж, амь насаа эрсдэлд оруулж байсан. Гэхдээ бурхан намайг үргэлж аварч, хамгаалж байгааг мэдэрдэг” хэмээн шашин шүтэх болсон тухайгаа тайлбарлаж байжээ.
Наймдугаар сард “Исламын улс” зэвсэгт бүлэглэлд барьцаалагдсан Харуна Юкаваг аврахаар Кенжи Гото Туркээр дамжин Сирид очжээ. Тэрээр сураггүй болохынхоо өмнө хамгийн сүүлд Сири, Туркийн хилийн ойролцоо байдаг курдийн нутгийн өөртөө засах захиргааны томхон төвийн нэг болох сирийн Кобани хотын дэргэд ярьж буй бичлэгээ youtube сувагтаа оруулсан байдаг юм.
Түүнийг сураггүй болсны дараахан эхнэр нь амаржиж, хоёр дахь хүүхэд нь мэндэлсэн байна. Тэрээр өмнөх гэрлэлтээсээ нэг охинтой аж.
Ийнхүү сураг тасраад байсан Кенжи Гото нэгдүгээр сарын 20-нд “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн барьцаалсан хоёр иргэнийг харуулсан видеонд гарч ирээд байна.
Одоо түүний амь нас хутганы ирэн дээр дэнчигнэж, түүний ээж хүүгийнхээ амийг аврахыг гуйн, нулимс дуслуулан мэдэгдэл хийсээр. Гэвч түүний хувь заяа хэрхэх нь тодорхойгүй.
ХАРУНА ЮКАВА
Тэрээр 1973 онд японд төрсөн. Төгссөн сургууль боловсролынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй.
Өнгөрсөн наймдугаар сард youtube сайтад нийтлэгдсэн видео бичлэгт үс сахал нь ургасан Харуно Юкава харагдана.
Түүнийг “Сирийн чөлөөт арми”-тай хамт явж байхад нь баривчилж, түүнээс “Чи хулгайч уу, чамд яагаад буу байгаа юм? Чи цэрэг алсан уу” гэж асуухад хариуд нь “Би цэрэг биш” гэж хариулж буй нь уг бичлэгт бичигджээ.
Харуно Юкаваг барьцаалагдсан мэдээлэл цацагдсаны дараа Reuters агентлаг түүний талаар “Юкава эхнэрээ уушигны хорт хавдраар алдсаны дараа сэтгэл санаагаар их унаж, бизнес нь дампуурч, байшингаа банкны өрөнд алдан орон гэргүй болж, гуйлагчин амьдралаар цэцэрлэгт хүрээлэнд хэсүүчлэн амьдрах болсон.
Ийнхүү амьдралын огцом эргэлтийн дараа дэлхийн хамгийн аюултай бүс хэмээн нэрлэгдэх газруудад зэвсэг нийлүүлж, аюултай бүлэглэлүүдтэй хамтран ажиллах болжээ” хэмээн мэдээлсэн байдаг. Тэрээр "Private Military Company" нэртэй компанийг эзэмшдэг байсныг барьцаалагдсных нь дараа Японы хэвлэлүүд илрүүлэн мэдээлж байсан юм. Тус компани нь бие хамгаалагч, хувийн цэргийн хамгаалалтыг зохион байгуулах, зэвсэг бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт зэрэг үйл ажиллагаа явуулдаг тухай бичигдсэн байсан ч Харуно Юкава өөрөө цорын ганц ажилтан нь байсан нь тогтоогдсон юм. Тиймээс зөвхөн цаасан дээр л бичигдсэн уг компани чухам ямар үйл ажиллагаа явуулдаг байсан нь эргэлзээтэй.
Тэрээр өөрийн фейсбүүк хуудсанд AK47 бууг тест хийн буудаж буй бичлэгээ оруулсан байдаг.
Наймдугаар сард барьцаалагдсанаас хойш чухам хаана хорьж байсан мэдээлэл төдийлэн байдаггүй. Энэ сарын 20-нд цацагдсан барьцаалагдсан хоёр иргэний дүрс бичлэгт тэрээр гарч ирсэн ба энэ сарын 23-нд Японы засгийн газраас 200 сая ам.доллар төлөх эцсийн хугацаа 72 цаг дуусахад түүнийг цаазалсан юм.
Толгойг нь тасалж, бие дээр нь тавьсан зургийг Кенжи Готод бариулан “Исламын улс” зэвсэгт бүлэглэл дараагийн мэдэгдлээ хийгээд байгаа билээ.
Дараагийн мэдэгдэлдээ Кенжи Готог Сажида ар-Ришауи гэгчээр солихыг санал болгосон. Сажида ар-Ришауи нь 2005 онд нөхрийн хамт Иордан улсын нийслэл Амман хотод алан хядах ажиллагаа зохион байгуулж, 60 гаруй хүний аминд хүрсэн.
Тэрбээр цаазаар авахуулах ял сонссон бөгөөд одоогоор Иорданы шоронд хоригдож байгаа юм.
Сүүлд хийсэн дүрс бичлэгт Кенжи Гото “Тэдний тавьж буй шаардлага хялбар бөгөөд шударга юм. Одоо тэд дахин барьцааны мөнгө нэхэх бодолгүй байгаа. Учир нь тэд үйл ажиллагаагаа явуулахад санхүүгийн бэрхшээлгүй болсон. Харин тэд зөвхөн шоронд хоригдож буй ахан дүүсийнхээ нэгийг суллахыг шаардаж байна. Та нар түүнийг суллаж явуулбал би амьд гарна” хэмээн ярьжээ.
Японы эрх баригчид хэт даврагчидтай хэлэлцээ хийн иргэнийхээ амийг аварч чадах эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед түүнийг ээж, эхнэр, хоёр охиндоо амьд эргэн ирээсэй хэмээн дэлхий нийт залбирч байна.
Н.ЦЭНД