-Сангийн яамны мэдээлснээр нийт малын тоог мөнгөн дүнд шилжүүлбэл 52 сая толгой мал зургаан их наяд төгрөгийн хөрөнгөтэй тэнцэж байгаа аж-
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн хямралаас гарах бодлогын хүрээнд малын хөлийн татварыг сэргээхээр болсныг дуулгасан. Хэрэв энэ асуудал УИХ дээр дэмжигдвэл малын хөлийн татвараас улсад дор хаяж 83 тэрбум төгрөг төвлөрөх тооцоог Бодлого судлалын төвөөс хийжээ.
Манай улсын мал сүргийн тоо, толгой өнгөрсөн оны сүүлээр 52 саяд хүрснийг Үндэсний статистикийн газраас зарлав. Үүнтэй зэрэгцээд бэлчээрийн даац 34 суманд хэтрээд байгааг Хүнс, хөдөө аж ахуйн яам мэдээллээ.
Малын хөлийн татварыг сэргээхийг УИХ-ын гишүүдийн зарим нь дэмжиж, зарим нь эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэж байгаа хэсгийнхэн малын хөлийн татварыг нэмснээр хөдөө орон нутаг эзгүйрч болохыг сануулав. Гэвч, тэдний тайлбар эдийн засгийн үр ашигтай судалгаа гэхээсээ илүү улс төрийн популизм болж сонсогдож байна. Монгол Улсад 209 мянган малчин өрх бий. Сангийн яамнаас нийт малын тоог мөнгөн дүнд шилжүүлж, 52 сая толгой мал зургаан их наяд төгрөгийн хөрөнгөтэй тэнцэж буйг онцолж буй. Малын хөлийн татварыг авахдаа бодыг богт шилжүүлэн тооцох бөгөөд хэрэв нэг богоос 500 төгрөгийн татвар авна гэвэл энэ нь малчин өрхөд том дарамт болохгүй, нөгөө талаасаа бэлчээр ашигласны нөхөн төлбөр болгон хураасан татвараараа худаг гаргах, малаа эрүүлжүүлэхэд зарцуулж болно.
Малын хөлийн татвар бол амьжиргаагаа залгуулах төдий уналгын хэдэн морьтой, саалийн хэдэн үнээтэй, шөлний цөөхөн богтой малчин айлд хамаарахгүй. Харин хотоороо дүүрэн хоньтой, талаар дүүрэн үхэртэй, хөндийгөөр дүүрсэн адуутай мянгат малчдад хамаарах болно. Энэ бол уг нь аль ч талаас нь харсан шударга тогтолцоо. Одоогоор нэг богт ногдох малын хөлийн татвар хэд байхыг тогтоогүй байгаа бөгөөд 0-1000 төгрөг хүртэл хэмээн хуулийн төсөлд суулгажээ. Мөн малын хөлийн татвартай холбоотойгоор улсын төсөвт төвлөрүүлэхгүй, орон нутаг нь захиран зарцуулах ёстой гэсэн санал гарч байгаа.
Монгол Улс 330 сумтай. Сум болгон малын хөлийн татвараас хураасан мөнгөө өөрсдөө зарцуулна гэвэл сумын хэдхэн түшмэдийн гараар савираад дуусахгүй гэх баталгаагүй. Хэдэн төгрөг хурааж, юунд зарцуулсан бэ гэдэг дээр ядаж л хяналт тавихгүй бол болсон болоогүй худаг гаргах, хортон шавж устгах нэрээр сумын Засаг дарга татварын мөнгөөр хөлжихгүй гэсэн баталгаа байхгүй юм. Тэгэхээр малын хөлийн татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, захиран зарцуулах эрхийг засаг ноёдод өглөө гэхэд энэ татварыг чухамд юунд зарцуулах вэ гэдгийг нь хуульчилж, тэр дагуу улс хяналт тавих ёстой. Ингэхгүйгээр “Та нар өөрсдөө шийд ээ” гээд эрхийг нь өгчихвөл энд тэндгүй нүх ухаад хаячихаж чадах л хүмүүс шүү дээ, монголчууд бид.
Малчдын төлсөн татварыг малчдад л заавал зориулна гэдэг эмч нар төлсөн татвараа эмнэлгийн салбарт, багш нар төлсөн татвараа боловсролын салбарт зарцуулна гэсэнтэй ялгаагүй учир ингэж шийдэх нь дутагдалтай санал. Тэгээд ч малчдын ноос ноолуурын урамшуулал хэлбэрээр төрөөс олгодог мөнгийг бусад салбарынхан гаргах нь шударга бус болно шүү дээ.
Малын хөлийн татвар авснаар бэлчээрийн даацыг бууруулах, нөгөө талаасаа хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг нэмэгдүүлэх, махны үнийг бууруулах, чанарыг эрхэмлэх гээд олон эерэг үзүүлэлт харагдаж байгаа. Ялангуяа хаврын хаварт тэнгэрт хаддаг махны үнэ буурахад багагүй нөлөөлнө. Сүүлийн жилүүдэд малчид хоттой хонио зарж борлуулах нь багассан. Энэ нь тэдэнд ямар их эрсдэл учруулж болзошгүйг ч тэд тооцоолдоггүй.
“Малчин маань малаа борлуулж, орлого олохын оронд байгальд даатган азаа үзэх нь найдваргүй банканд мөнгөө хадгалуулсантай утга нэг юм” гэдгийг Бодлогын судалгааны төвөөс хийсэн судалгаанд онцлоод, “1998 онд 32.9 сая байсан малын тоо байнга өссөний дотор сүүлийн дөрвөн жилд дунджаар 12 хувиар өсч, өнөөдөр 52 сая болоод байна. Харамсалтай нь, зуд 1999-2000, 2009-2010 онд хоёр удаа давтагдаж, малын тоо урьд оноос 25 хувиар хорогдон, малчдын амьжиргааг эрс доройтуулж, ДНБ-ийг савлуулж байв. Хэдийгээр харгис боловч хүн зохицуулж чадахгүй бол мал, бэлчээрийн даацын харьцааг байгаль эх өөрөө зохицуулдгийн жишээ энэ юм” гэдгийг дурджээ.
Өөрөөр хэлбэл, бэлчээрийн даац хэтэрч, малын толгой олшрохын хэрээр зуд болох аюултай аж. Хэрэв зуд болбол зургаан их наядын хөрөнгөөрөө малчид “шатах” эрсдэлтэй гэсэн үг. Зургаан их наядын хөрөнгөө зудад алдах уу, эсвэл эдийн засгийн эргэлтэд оруулж, цаашдаа эрчимсэн мал аж ахуйн салбар болгон хөгжүүлэх үү гэдгийг малчдын өмнөөс нулимсаа унагаж суудаг манай УИХ-ын гишүүд бодолцох цаг болсон байна.
Малын тоо толгойг өсгөх нь зөвхөн бэлчээрт ч хортой юм биш аж. Малчны амьдралд ч сөргөөр нөлөөлдөг. Манайхан л болсон хойно малаа муулж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь цөөхөн. Мянгат малчин хүртэл хоттой хонио хав дарчихаад бусдын хот руу өнгийж байсан хэрэг ч өнгөрсөн жил гарч байсан юм даг. Зүүн аймгийн мянгатууд малаа нядалж чадахгүй, ямар сайндаа талын цагаан зээр буудаж байгаад баригдаж байх вэ дээ.
Бодлогын судалгааны төвөөс малын хөлийн татварыг авснаар гарч болох таван эерэг үзүүлэл байгааг судалгаандаа тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, авч үлдэх малын тоог тухайн жилийн бэлчээрийн даацад тааруулан тогтоож, үүнээс илүү гарах малыг намар, өвлийн эхэнд зах зээлд борлуулах нь малчин өрхийн хувьд таван талын ач холбогдолтой гэнэ.
Нэгд, тухайн жилийн мөнгөн орлогыг шууд нэмэгдүүлнэ.
Хоёрт, үлдэх малын өвөлжилтийн бэлтгэлийн чанар дээшилж, малын зүй бус хорогдлыг бууруулна.
Гуравт, бэлчээрийн тэжээлийн хангамж сайжирснаар малын чанар, ашиг шим нэмэгдэнэ.
Дөрөвт, малчдын хөдөлмөрийн ачаалал буурна.
Эндээс малын хөлийн татвар авах нь зөвхөн сум орон нутагт ч биш малчин өрхөд ч хэрэгтэй болохыг харж болно. Тэгэхээр малчдын төлөө “матрын” нулимс унагаж байгаа гишүүд хөдөө эзгүйрнэ гэж хөх инээд хүргэсэн юм ярих нь дэмий л болов уу?
Ж.НЯМСҮРЭН
Эх сурвалж: “NEWS WEEK” сонин