Манай улс одоо улаан буудай, гурил, мах, төмснийхөө хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж буй. Улмаар 2016 он гэхэд дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах хүнсний бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм. Одоогийн байдлаар Монгол Улс жилд 500 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байгаа аж. Харин 400 гаруй тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг импортолдог. Нийтдээ нэг тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн гэсэн үг. Харин энэхүү нэг тэрбумд эзлэх дотоодын хүнсний бүтээгдэхүүний хувь, хэмжээг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг ХХААХҮЯ-ын Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Энх-Амгалан онцоллоо. Ямартай ч эдийн засгийн салбарт хямрал нүүрлэсэн 2008 онд гаргаж байсан тоо баримтыг өнгөрсөн оныхтой харьцуулахад тодорхой ахиц гарч байгаа ажээ. Ерөнхийдөө хэд, хэдэн томоохон хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бүтээгдэхүүний өсөлт нэмэгджээ. Үүнд “Монгол мал”, “Атрын III” аян, “Хүнсний баталгаат байдал”, “Сүү” хөтөлбөр” гээд дурьдаж болно.
Түүнчлэн уулзалтын үеэр хөдөө аж ахуйн биржийн талаар танилцуулга хийсэн юм. Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн билээ. Улмаар ирэх долоо хоногт багтаагаад батлах байх гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан уламжиллаа. Бирж байгуулснаар хөдөө аж ахуй, газар тариалангийн түүхий эдийг худалдан авах, борлуулах тогтолцоо сайжирна хэмээн үзэж буй. Тодруулбал, түүхий эдийг эргэлтэд оруулах явцад тулгардаг нэмэлт зардал буурна, зах зээлд нэвтрэх чадвар нь дээшилнэ, өрсөлдөөн бий болно, түүхий эдийн чанар сайжрана хэмээн үзэж байгаа аж. Мөн уузлзалтын үеэр хоршооллыг хөгжүүлэх, бирж байгуулахад гадны улс орнуудтай харилцан туршлага солилцох хүсэлтэй байгаагаа ХХААХҮЯ-ныхан уламжиллаа. Товчхондоо ХХААХҮЯ-наас дэд бүтэц байгуулах, боловсон хүчнийг сургах ажилд хамтрах, ноос, ноолуур, улаан буудай экспортолж, импортолдог орнуудаас туршлага судлахыг эрмэлзэж байгаа ажээ.
Европын холбооны “Малын эрүүл мэнд ба мал аж ахуйн зах зээл” төслийн ахлагч Иан Лийч:
-Монгол Улсад хөдөө аж ахуйн биржийг олон улсын түвшинд нийцэхүйц үйл ажиллагаатай байхаар байгуулж чадвал энэ салбарын үйлдвэрлэл маш сайн хөгжинө. Бирж гэдэг бол маркетингийн үйл ажиллагааны нарийвчилсан арга барил. Сая Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан хүнсний аюулгүй байдлын талаах хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Монгол орны хувьд зарим төрлийн хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж байгаа нь сайшаалтай. Манай байгууллагын хувьд малын эрүүл мэндэд чиглэсэн төслийг хөдөө орон нутагт голчлон хэрэгжүүлж байна. Орон нутгийн мал эмнэлгүүдийн лаборатори, оношилгоо, үйлчилгээний үйл ажиллагааг дэмжих чиглэлийн төсөл хэрэгжүүлдэг юм. Малын эрүүл мэндийг сайжруулна гэдэг цаашлаад маань малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг хангана гэсэн үг.
Япон улсын элчин сайдын яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтсийн хоёрдугаар нарийн бичгийн дарга Като Ёшико:
-Манай улсын байгууллагууд Монголд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэдгээрийн үр дүн сайн байгаа гэж бодож байна. Хөдөө аж ахуйн биржийн тухайд бол ямар дэмжлэг үзүүлж чадахыг хэлж мэдэхгүй байна. Учир нь манай улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн онцлог Монгол Улсынхаас их өөр. Түүнчлэн манай улсад энэ төрлийн туршлага байхгүй гэж хэлж болно.