Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

УИХ ийм төсөв батлав

Засгийн газар Монгол Улсын 2015 оны төсвийн орлого, зарлагыг тус бүр 906 тэрбум төгрөгөөр бууруулахаар тодотголыг өргөн мэдүүлсэн ч УИХ уламжлалаасаа татгалзаж чадсангүй. Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 6 их наяд 632 тэрбум 600 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.6 хувь, нэгдсэн төсвийн нийт зардал 7 их наяд 837 тэрбум 400 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 хувьтай тэнцэж байхаар баталлаа. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 1 их наяд 204 тэрбум 800 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцүүлээд байна. Үүнээс иргэдэд хамаатай асуудлыг тоймлов.

Цалин, тэтгэврийг нэмнэ

Засгийн газар энэ онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй байхаар төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн ч гурван талт хэлэлцээр, мөн УИХ дахь намын бүлгүүдээс гаргасан санаачлагын дагуу 103 тэрбум төгрөгийг нэмж тусгалаа. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 90 тэрбум, 13 тэрбум төгрөг нь тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдах аж. Харин хэдэн сард аль салбарынхны цалинг эхэлж нэмэх вэ гэдгээ Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хэлэлцээр хийж эцэслэнэ. Ахмадуудын хувьд сар шинээс урьтаж тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

Хүүхдийн мөнгө, Одонгийн мөнгийг тэгш олгоно

Хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт олгох санаачлагыг Засгийн газар гаргасан ч бүтэлгүйтэв. УИХ ч тэр, нийгэм ч тэр “Хямарсан байлаа гээд хүүхдээ баян, ядуугаар нь ялгах цаг болоогүй” гэж үзсэнээр 0-16 хүртэлх насны бүх хүүхэд сар бүрийн 20 мянган төгрөгөө үргэлжлүүлэн авахаар болж байна. Уг нь УИХ, Засгийн газрын бодлогыг дэмжсэн бол 1.6 тэрбум төгрөг хэмнэж, түүнийг нь сургууль, цэцэрлэг шинээр барих “Хөрөнгө оруулалт” болгох боломж байсан нь ийн тодотголоор хязгаарлагдав.

Хүүхэд нь 18 нас хүрсэн бол Алдарт эхийн одонтой ээжүүдэд жилд нэг удаа олгодог тэтгэлгийг зогсооё гэсэн Ерөнхий сайдын санаачлага бас л бүдэрч 19.4 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгалаа. Мөн хөдөлмөр эрхэлж байгаад хүүхдээ төрүүлсэн эхэд Нийгмийн даатгалын сангаас тус бүр 12 сараар олгодог жирэмсний тэтгэмж, хүүхэд асарсны тэтгэмжийг танахааргүй болов. Ингэснээр 9.1 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгажээ.

Дэд сайдуудыг үлдээв

УИХ-аар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Дэд сайд нарыг цомхотгоё” гэсэн санал гаргасан нь дэмжлэг хүлээсэн ч УИХ саналаасаа буцаж, “шогтов”. Сангийн сайдын тайлбараар дэд сайдын нэг жилийн зардал нь 34.7 сая төгрөг, 17 сайдыг цомхотгоход жилийнх нь зардал 590 сая төгрөг болно. Туслах, жолооч нарыг нь багтаавал бас л хэдэн төгрөг хэмнэгдэх байсан нь улс төрийн намуудын тохиролцоогоор өөрчлөгдөж, төсөвт ачаа болж үлдлээ.

1600 төрийн албан хаагчийг чөлөөлнө

Зардлыг бууруулах зорилгоор Засгийн газар үйл ажиллагаа нь давхардсан агентлагуудыг нэгтгэх, мөн хувьд шилжүүлэх, аж ахуйн тооцоонд шилжүүлэх зэрэг хэд, хэдэн төрлийн арга хэмжээ авахаар оруулж ирснийг УИХ дэмжлээ. Ингэснээр энэ онд 1600 төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөнө.

Улстөрчид зардлаа таван хувиар танав

УИХ-аар улсын төсвийг хэлэлцэх шатанд гишүүд “Цалингаа 30 хувь бууруулсан ч яах вэ. Ард түмнийхээ халаасыг л ухмааргүй байна” гэсэн байр суурь илэрхийлж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд унааныхаа зардлаас татгалзаж байна гэсэн сүржин мэдээлэл хийсэн ч эдгээр нь төсвийн тодотголд суусангүй. Уг нь МАН-ын 26 гишүүн унааныхаа зардлаас татгалзахад 500 гаруй сая төгрөг хэмнэгдэх байв. Санаачлагыг нь бусад нам эвслийн бүлгийнхэн нь хүлээж авсангүй юу, эсвэл зүгээр шоу байсан уу, улсын төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэлээр улстөрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад, дотоод албан томилолт, тойрогт ажиллах, зочин төлөөлөгч хүлээн авах, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг таван хувиар бууруулжээ. Ингэснээр дээрх чиглэлээр “цацагддаг” зардал 467.2 сая төгрөгөөр буурсан байна.

Шатахууны татварыг нэмэгдүүлэв

Гадаад, дотоод томилолтын зардлаа таван хувиар бууруулж нүд хуурсан түшээд төсвийн орлого нэмэгдүүлэхийн тулд авто бензин, дизелийн түлшний Онцгой албан татварыг 228 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдэв. Үүнийг нь УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны Б.Цогтгэрэл эсэргүүцэж “Шатахууны үнэ буух боломжгүй боллоо” хэмээн жиргэж, Төсвийн байнгын хорооны гишүүдийг буруутгаж байлаа. Мөн Хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болоод байна.

Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголтой хамт Хөрөнгийн албан татварын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд, хэдэн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Эдгээрийг УИХ хараахан батлаагүй байна.

Хөрөнгийн албан татварын тухайд тодруулахад, авто машины татварыг гурав дахин нэмэгдүүлэхээр заасныг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүлээж аваагүй. Дээрх шийдвэрийн дүнд шатахуун бага зарцуулдаг, байгаль экологид ээлтэй Хабрид төрлийн авто машинууд татвараа хуучнаар төлөх боломжтой болоод байна. Харин моторын багтаамж ихтэй том машинуудын татвар нэмэгдэнэ.

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулснаар архи, тамхины татвар буурах болж байгаад УИХ дахь бие даагч гишүүд эсэргүүцэж, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болоод импортлогчдын лоббид автчихлаа гэж мэдэгдээд байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж