Газрын тосны салбарын гарц тодорхой

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Газрын тосны салбарын гарц тодорхой

Монгол нефтийн хомсдолд орчих­лоо. Энэ нөхцөл байдал зөвхөн машин­тай хүмүүст хамаатай биш. Уул уурхай, газар тариалан гээд эдийн засгийн голлох салбаруудын хөдөл­гүүр “хуурайшиж” гацаанд орчи­хоод байна. Хот хоорондын тээвэрт хязгаар тогтоож, саармаг­жихаас гадна нийслэлчүүд ч ажил, гэрийн хооронд явган алхахад хүрч болзошгүй нь. Учир нь том оврын авто­бусны үйлчилгээ эрхлэгч компа­ниуд зорчих талсалбарын үнийг бараг хоёр дахин нэмэхээс аргагүй бол­лоо гэдгээ дуулгасан. Урин цагт амжуулах ёстой зам засварын аж­лууд ч түлшний хомсдолд орсон гэх шалтгаа­наар тасалдаж, удаашрах магад­лал­тай болов. Стратегийн бүтээг­дэ­­хүүн тасалдана гэдэг ийм л хортой. Энэ бүхэн эрхэм төрийн тү­шээд хийгээд салбар хариуцсан дарга нарын салан задгай, алсын хараагүй харалган бодлогын “үр дүн”. Газрын тосны салбар ОХУ-аас 100 хувь хараат гэдгийг бүгд мэддэг, ярьдаг хэрнээ шийдвэртэй алхам хийж чадалгүй шийрэгнэж явсаар өдий хүрсний гор. Одоо тэгээд яах вэ. “Унжиж байхаар унаад ирээсэй” гэдэг шиг оросууд хэзээ нефть нийлүүлэхийг зүгээр хүлээсээр, дарга нарынхаа “Гайгүй биз дээ…” гэсэн гоё үгэнд итгэсээр суух уу. Ийм хүлцэнгүй цөлх байдлаар алийн болгон цаг нөхцөөх вэ. Өдгөө шата­хууны хомсдол түр зуурын үзэгдэл байхаа болино.

Дэлхийн нефтийн нөөц маш бага болж байгаа бөгөөд 2030-2040 онд үндсэндээ шавхагдах тал руугаа орно гэсэн прогнозыг олон улсын шинжээчид хийгээд буй. Тиймээс манайхан шатахууны хомсдол арилахыг тэнгэр гийж, салхи тогтох­той адил ойлгож, асуудалд аажуу тайван ханддагаа болих хэрэг­тэй байна. Үнэндээ Монгол чинь юу ч үгүй халаас хоосон орон биш шүү дээ. Бүх зүйлийг түгжиж чадаж бай­гаа тэр айхтар газрын тос хэмээх баялгийн нөөц хангалттай байна. Дэл­хийд тэргүүлэх хэмжээний нөөц­тэй, чанартай нүүрс нь байна. Зөвхөн Тамсагийн сав газарт л гэхэд 119.2 сая тонн нефтийн олборлолтын нөөц байгааг албан ёсоор тогтоосон. Нөө­цийн хэмжээг албан ёсоор тогтоохоос өмнө “судалж, шинжилж бай­гаа” гэх нэрийдлээр Хятадын компа­ни өдөр, шөнөгүй л зөөж бай­сан. Хэдий хэмжээний газрын тос гаргас­ныг хэн ч хэлж мэдэхгүй. Ямартай ч Дорнын тал там болтлоо талхлуулаад үлдсэн. Төр засаг нь “Хууль ёсны зөвшөөрөлтэй компани” гээд хайхардаггүй болохоор нутгийн иргэд л байгаль орчноо хамгаалах гэж янз бүрийн аргаар тэмцдэг. Стратегийн бүтээгдэхүүндээ ийм хайнга ханддаг юм чинь өнөөдөр бусдын гар харж, “доошоо орох” нь арга ч үгүй биз.

Уг нь газрын тосны хайгуултай зэрэгцээд боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг шат дараатай цэгцэлж байсан бол Монгол Улс аль хэдийнэ нефть үйлдвэрлэгч орон болчих байсан. Зүүн бүсийн хэрэглээг 100 хувь хангах хэмжээний үйлдвэр байгуулахад ердөө хоёрхон жил шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Хувийн компаниуд ч бүх тооцоо судалгаагаа хийчихсэн байдаг. Харин төрийн эрх мэдэл бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг нь түргэхэн шиг өгчихгүй цаг алдаж сууна. Жишээ нь, эх орныхоо бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож буй үндэсний компаниудын нэг болох “ХЭТ” компани Дорнод аймгийн Чойбалсан хотод нефть боловсруулах үйлдвэр байгуулах бүх бэлтгэлээ базаагаад техник, эдийн засгийн үндэслэлээ бэлэн болгочихсон байгаа. Санхүүгийн хувьд ч заавал төрийн гар харахгүй гэдгээ удирдлага нь хэлж байсан. Мөн хөрөнгө мөнгөөр дэмжээд өгвөл боломжийн хэмжээний үйлдвэр байгуулах “час хийсэн” төлөвлөгөө боловсруулсан олон компани бий. Харамсалтай нь, төрийн машин ёстой л яст мэлхийн хурдаар явж байна гэх үү дээ. Салбар хариуцсан дарга нараас газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажил яагаад удаашраад байгааг асуухаар “Санхүүгийн бэрхшээл их байна. Судалж, суралцах зүйл ч олон бий” гэсэн хялбархан тайлбар хэлдэг. Гэвч бодит байдал дээр энэ ажлыг хийхэд тийм ч их хөрөнгө орохгүй юм билээ. Жилд 120 мянган тонн нефть боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр байгуулахад 50 сая ам.доллар хангалттай хүрэлцэнэ гэж байгаа. Тэгвэл төрөөс хэрэгтэй, хэрэггүй зүйлд энэ байтугай л мөнгө зарцуулж байгаа шүү дээ. Хамгийн ойрын жишээ гэхэд л ноолуурын салбарт 100 тэрбум төгрөгийн бонд гаргана гээд бөөн юм болж байна. Зарим нь “Бид наад мөнгийг чинь авахгүй ээ” гээд татгалзаж байсан. Улс орны эдийн засагт нэн тулгамдсан салбартаа шаардлагатай хөрөнгө оруулалт хийхгүй байж, “Дургүй бандид дарж сахил хүртээх”-ийн үлгэрээр яваад байгаа нь үнэхээр хачирхалтай. Газрын тосны үйлдвэр байгуулахад монголчууд туршлага дутна гэвэл бас л худлаа.

Одоогоос 60 жилийн өмнө Зүүнбаянд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, 20 жил тасралтгүй ажилласан түүх бий. Харин өнөөдөр техник, технологи хангалттай хөгжсөн. Үйлдвэрийн тоног, төхөөрөмж нь улам боловсронгуй болж, бараг л хүний оролцоогүй шахам болсон нь тодорхой. Энэ мэт таатай боломж хангалттай бүрдсэн. Үүнээс гадна түлшний гачаалаас гаргах нэг гол гарц нь нүүрс боловсруулж, нефть үйлдвэрлэх хувилбар. Хүрэн нүүрснээс шингэн түлш гаргахад өндөр зардал шаардагдахгүй. Ерөнхийдөө газрын тосыг боловсруулж түлш гаргах зардалтай дүйцнэ. Нүүрсийг шингэрүүлснээр зөвхөн нефть бус, дагалдах маш олон бүтээгдэхүүн гаргах боломжтойг Уул уурхайн төсөл судалгааны төвийн захирал, доктор, профессор С.Цэдэндорж хэлж байсан. Дэлхийн газрын тосны нөөц 2030 гараад үндсэндээ шавхагдаж дуусна гэсэн тооцоог олон улсын шижээчид хийсэн байна. Тун ч ойрхон цаг хугацаа. Тиймээс хүссэн, хүсээгүй нефтийн гол түүхий эд нүүрс болно. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордгийн хувьд манай улс үнэд орно гэсэн үг. Ялангуяа, тэр үед өөрсдөө нүүрсээ боловсруулж, түлш үйлдвэрлээд экспортлох юм бол үнэ цэнэ, ашиг орлого нь тэр хэмжээгээрээ өснө. Нүүрснээс шингэн түлш гаргах чиглэлийн судалгаа, шинжилгээг манай эрдэмтэд аль хэдийний хийгээд бэлэн болгочихсон байгаа. Тухайлбал, нэлээд хэдэн жилийн өмнө Багануурын уурхайн инженерүүд өөрийн уурхайн нүүрснээс нефть гарган авах төсөл боловсруулж байсан. Засгийн газар тухайн үедээ уг төслийг дэмжинэ, ажил хэрэг болгоно хэмээж байсан ч өнөөдөр гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл юу ч хийсэнгүй. Басхүү 2007 онд “Монгол Улс таван жилийн дараа гэхэд нүүрснээс нефть гаргаж, дотоодын хэрэгцээгээ хангана” гэсэн амлалтыг сайд нар амлаж байсан санагдана. Өдгөө тэрхүү таван жил нь үндсэндээ дуусч байна. Газрын тосны нөөц дэлхийн хэмжээнд хомсдож, үнэ ханш нь өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байхад арай ч ийм назгай байж болохгүй ээ. Бодлого боловсруулагчид маань сонгууль болохоор “Хийнэ бүтээнэ” гэж том дуугарчихаад ор тас мартчихдаг нь хэвийн үзэгдэл боловч эдийн засгийн ийм эмзэг сэдвээр ингэж тоглох нь нэг л биш ээ.     

Ч.ДАШДЭЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж