Дэлхийн банкнаас Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хотжилтын талаар хийсэн судалгааны тайланг бүс нутгийн хэмжээнд танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Тус хуралд Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн Дэд Ерөнхийлөгч Аксел ван Тротцэнбүрг-ээр ахлуулсан мэргэжилтэнгүүд Сингапураас шууд холбогдон оролцсон юм. Мөн Өмнөд Солонгос, Сингапур, Камбодиа, Тайланд, Филиппин, Индонези зэрэг улсуудын сэтгүүлч, мэргэжилтнүүд холбогдож, хотжилтын үйл явц, судалгааны талаар сонирхсон асултаа асуусан юм.
Зүүн Өмнөд Азийн бүс нутагт 100,000- аас дээш хүн амтай 869 хот суурин байгаа ба 2000-2010 оны хооронд Зүүн Азид 200 шахам сая хүн хот суурин газарт шилжин суурьшсан байна. Зүүн Өмнөд Азийн хотжилтын үйл явц хурдацтай явагдаж байгаа ч гэсэн, судалгаанаас авч үзэхэд Зүүн Азийн нийт бүс нутгийн дөнгөж нэг хүрэхгүй хувь нь хот сууринд хамрагдаад байгаа ба нийт хүн амын дөнгөж 36 хувь нь хотод амьдарч байна. Хотжилтын үйл явц нь зах зээлийн хүчин зүйлээс ихээхэн хамаардаг тул энэ үйл явц тууштай хангах үндэсний болон хотын түвшинд бодлго боловсруулагчдийн гүйцэтгэх үүрэг чухал байна. Энэ бүс нутгийн хот өргөжин тэлэх үйл явц дөнгөж эхлэлийн шатандаа байна. Үүнд:
1. Ирээдүйн орон зайн тэлэлтэд бэлтгэлтэй байх.
2. Хотжилт эдийн засгийн хувьд үр ашигтай хөгжих нөхцөлийг хангах.
3. Хотжилтын үйл явцын оролцоог хангах.
4. Хотжилтын тогтвортой хөгжлийг дэмжих.
5. Хотын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сарниулахгүй байх зэргүүд багтаж байна.
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн Дэд Ерөнхийлөгч Аксел ван Тротцэнбүрг хэлэхдээ:
– Зүүн Өмнөд Азийн хотжилтын хөгжүүлэхэд хотын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг алдагдуулахгүй байх ба тус улсын засгийн газраас хөдөө орон нутгаас шилжин суурьшихаар орж ирсэн хүмүүсийг ажлын байраар бүрэн хангах асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй. Мөн дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж эдийн засгийн хувьд тэгш эрхийг бий болгох ёстойгоос гадна иргэн бүрийн оролцоог бүрэн хамгаалах нь зүйтэй юм.
Түүнчлэн тэрээр Улаанбаатар хотын хотжилтын өнөөгийн байдлын талаар сэтгүүлчийн асуусан асуултад :
-Улаанбаатар хот бол Зүүн Өмнөд Азиийн хотуудаас хүн амын хамгийн сийрэг суурьшилтай хот юм. Улаанбаатар хотод ашиглагдаагүй газар их байгаа бөгөөд тэрхүү газруудыг ашиглаж уг хотыг тэлэх бүрэн бололцоо байна гэж хэлсэн юм.
Б.СОНИНБИЛЭГ