Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Грект зээл олгох уу?

Грект зээл олгох эсэх нь ОУВС-ийн  шинэ тэргүүнээс хамаарах уу

Өнгөрсөн онд Европын холбоо, Олон улсын валютын сангаас Грект 110 тэрбум евро буюу 157 тэрбум ам.долларын зээл өгсөн билээ. Тэгвэл  энэ сарын 18-нд Евро бүсийн орнуудын Сангийн сайд нар Брюссельд хуралдаж Португалийн Засгийн газарт олгох 78 тэрбум еврогийн зээлийг мөн л  баталсан. Энэ мөнгөөр Португалийн Засгийн газар их зүйл амжуулахаа амлаад байгаа. Сонирхолтой нь  энэ жил Грек улс дахин зээл хүссэнд холбогдох мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаж байна. Ер­дөө жилийн өмнө Грект нүүр­лэсэн санхүүгийн хямралыг зохицуулахаар 110 тэрбум еврогийн зээл өгсөн  байтал энэ жил дахин зээл хүссэнд ийнхүү эгдүүцжээ. Зарим эх сурвалжийн үзэж буйгаар “Грек нь төрийн мэдлийн нэгжүүдээ хувьчилснаар өөрсдөө дор хаяж 50 тэрбум еврогийн хөрөнгө босгох боломжтой. Гэвч эрсдлийг даах чадваргүй байж ийм  алхам хийсэн нь буруу”  гэж үзэж  байгаа юм. Тиймээс энэ удаа Грек  дахин зээл авах нь юу л бол гэж үзэх хүмүүс олон байна. 

Уг нь  энэ сарын 16-нд Евро бүсийн санхүүгийн зохицуулагчид Брюссельд хуралдаж Грект зээл олгох эсэхийг хэлэлцэх төлөвлөгөөтэй  байсан юм.   Харамсалтай нь Олон улсын валютын сангийн тэргүүн Штраусс Кан хүчингийн хэрэгт холбогдож  тэнд цугларсан олны уур амьсгалыг эвдэж орхисон. Энэ талаар BBC-гийн тоймчид нэлээд даажинтай тайлбарууд хийсээр байгаа. Уулзалтын үеэр зарим орны  сайд нар  Грекийг хатуу  шүүмжилсээр байна. Тэд “Грек өнгөрсөн жил зээл авсан. Энэ жил дахиад авах гэж байна.  Зээл олгох байгууллагын тэргүүн “хэцүү” асуудалд холбогдоод байхад шийдвэр гаргаж чадахгүй. Бас  Грекийн Засгийн газар иймэрхүү байдлаар ажилласаар байх юм бол зээлээ эргэн төлж чадна гэх баталгаа байхгүй. Грек өнгөрсөн жилийн 110  тэрбум еврогоор   төсвийн зардлаа танаж,  татвараа нэмсэн ч гадаадаас авсан өр нь ДНБ-ийх нь  150 гаруй хувьтай тэнцэж байна. Энэ нь 327 тэрбум евро гэсэн үг” хэмээн хатуурхаж байгаа билээ. Олон улсын шинжээчид нэгэнт үүсээд буй энэ нөхцөл байдлыг  янз бүрээр тайлбарлаж байгаа. Тухайлбал,  “Грекийн зээл бараг бүтэхгүй байх. Учир нь Олон улсын валютын сангийн тэргүүн огцорчихсон, дараагийн тэргүүний нэр дөнгөж таамаг төдий байна.  Тэгээд ч  шинэ тэргүүн сонгогдлоо ч тийм амар шийдвэр гарахгүй.  Аль улсын хэн болохоос шалтгаалж зээлийн нөхцөлтэй танилцаж байж олгох эсэхээ шийднэ. Тиймээс Грект дахин боломж олдохгүй биз” гэцгээж байна. 

Их Британийн зах зээлийн эдийн засагч, статистикч Гэрри Фулерхам “Нэгдүгээрт, Исламын орнуудад өрнөж байгаа  хувьсгал газрын тосны үнэд нөлөөлж байна. Хоёрдугаарт,  газрын тосны үнэ хэт өсөхөөр их гүрнүүдийн дунд ширүүн өрсөлдөөн болж дэлхийн санхүүгийн тогтвортой байдал аажмаар хэлбэлзэнэ. Үүнийгээ дагаад зарим орнууд зээл авах гэж оролдоно. Гэтэл зээлийг олгохдоо ирээдүйд өөрсдөдөө ашигтай болзол тулгаж  байгаа. Хамгийн гол нь газрын тосны үнэ нэмэгдсэнээр Европын орнуудын санхүүгийн хямрал  улам хурдасна” гэжээ. Түүний дүгнэлтийг  батлах мэт АНУ-ын  банкууд эхнээсээ хямарч эхэллээ.  Хоёр банк дампуурлаа. Тэрбум доллараас бага  хөрөнгөтэй банкууд гадагшаа биш дотогшоо чиглэсэн бодлого баримталж байна. Ийм үед Грекийн зүгээс  Европын холбоонд тавьсан зээл бүтэхгүй л болов уу. Нөгөө талаар  олон улсын хэвлэл мэдээллүүд Грекээс “Өнгөрсөн онд авсан зээлээр юу хийж бүтээв” гэсэн тайлбарлахыг шаардаж байгаа аж.

Грекийн Ерөнхий сайд Жорж Папандреоу өнгөрсөн лхагва гарагт Парист хийсэн мэдэгдлээрээ бухимдлаа илэрхийлсэн гэж  www.ana.gr сайт мэдээлжээ. Тэрбээр “Энэхүү хямралыг шийдвэрлэх нь бидний л хариуцлага. Грек та бүхний бодож байгаа шиг ядуу орон биш. Манай оронд энэ бяцхан асуудлаа шийдэх өчнөөн боломж бий. Энэ бол  жижиг асуудал. Санхүүгийн зохицуулалт хийхдээ л гаргасан алдаа” хэмээн дурджээ. Мөн тэрбээр “Бид санхүүгийн хямралыг маш хурдан шийдвэрлэж байгаа. Өнгөрсөн жил авсан зээлээрээ алдагдлаа таван хувиар  багасаж чадсан. Харин энэ жил, ирэх жилээс  өмнөх таван хувиа 7.2  болтол өсгөх боломж бий.  2012 оны зургадугаар сар гэхэд  урьдчилсан байдлаар 35 хувьтай болгох  бололцоо байна.  Хэрвээ энэ удаа зээл олгох юм бол  бид илүү хурдтай ажиллах боломжтой.” гэжээ.

Ерөнхий сайд нь ийм мэдэгдэл хийсний дараа  өчигдөр орой  Грект олон нийтийн  жагсаал болсон байна. Тэд төв банкныхаа зүгээс баримталж  буй мөнгөний хатуу бодлогыг эсэргүүцсэн юм. Афин болон томоохон хотуудад  болж  буй  жагсаал нэлээд хүчээ авах шинжтэй боллоо хэмээн олон улсын агентлагууд мэдээлсээр байна. Үүнийг ч бас сонирхолтой өнцгөөр тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, “Ерөнхий сайд нь Францад, ард түмэн нь эх орондоо жагсаал хийж, зээл олгох Европын холбоо болон Олон улсын валютын сангийн тэргүүний  “асуудал”  зэрэг нь  хэн хэнийгээ ийм хурцадмал байдалд хүргэж байна” гэж дүгнэгсэд олширч эхэллээ. Гэхдээ энэ бүх байдал нь Грекийн хүссэн зээлд ямархуу янзаар нөлөөлөхийг таашгүй. Хэрвээ тэдний хүссэн зээлийг олгохгүй бол тус улсын санхүүгийн хямрал нь олон улсад яаж нөлөөлөхийг ч бас урьдчилан дүгнэх боломжгүй билээ. 

Б.БААТАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж