Онгоцны их биеийг гаргах оролдлого бүтэлгүйтжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Онгоцны их биеийг гаргах оролдлого бүтэлгүйтжээ

 

“AirAsia” компанийн “Airbus A320-200” онгоцны их биеийг Ява тэнгисийн гүнээс татаж гаргах оролдлого өчигдөр /I.25/ дахин бүтэлгүйтжээ. Индонезийн багийнхан онгоцны их биеийг тэнгисийн гадарга дээр татаж гаргаад байтал татлагын төмөр утас тасарснаас дахин гүн рүү живсэн аж. Өмнөх өдөр нь / I.24/ ч сүйрсэн онгоцны их бие хэсгийг тэнгисийн 13 метрийн гүнээс татан гаргах гээд бүтэлгүйтжээ. Онгоцны их бие хэсгийг тэнгисийн гүнээс татан гаргасны дараа хөлөг онгоцоор тээвэрлэн Жакарта хот руу хүргэх юм.

 

Индонезийн албаныхны мэдээлснээр хүчтэй шуурганы улмаас тэнгист давалгаа ихтэй байгаа нь шумбагчдад хүндрэлтэй байгаа гэнэ. Гэхдээ тэнгисийн цэргийн шумбагчид сүйрсэн онгоцны сүүл, далавч, хоёр хар хайрцагийг тэнгисийн гүнээс олж гаргаад байгаа билээ.

 

“AirAsia” компанийн “QZ8501” нислэг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 28-нд Ява тэнгист унаж сүйрсэн юм. Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэх онгоцонд 162 хүн зорчиж явснаас 70-ынх нь цогцосыг олж гаргаад байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж