А.Гансүхийн дараагийн “өшөө авалт” хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

А.Гансүхийн дараагийн “өшөө авалт” хэн бэ?

-А.Гансүхийг шүүмжилсний төлөө шүүхээр шийтгүүлэх ёстой дараагийн хүн нь тэгээд нийтлэлч” Б.Баабар болох уу?-

Сошиал ертөнцөд шүүмжлүүлснийхээ төлөө өс хонзон өвөрлөж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хардах эрхэнд нь халдаж, төрийн шүүхээр хүч далайлгаж, “хүчээ” харуулах болсон нэгэн хүн бол Зам, тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх.

Хамгийн анх твийттерт А.Гансүхийг шүүмжилж бичсэнийхээ төлөө шоронд 100 хоног хоригдох ял авсан анхны "хохирогч" нь Ц.Бат билээ. Тодруулбал,  Зам, тээврийн сайд А.Гансүхийг шүүмжилжсэн хэмээн 2014 оны наймдугаар сарын 17-ны өдөр МИАТ-ын Бизнес, хөгжлийн хэлтэсийн дарга асан Ц.Батыг шүүхээр шийтгүүлж, 100 хоног шоронд хоригдох ял сонссон юм.

Шүүхийн шийдвэрт дурьдснаар бол, Ц.Бат инженер нь гурван сарын хугацаанд Зам, тээврийн сайд А.Гансүхийн нэр хүндэд халдсан 5700 гаруй жиргээ хийсэн гэдгийг нь хууль хяналтын байгууллагынхан найман сарын хугацаанд шалгасны дүнд гэм буруутайг нь тогтоосон гэжээ.

Үнэндээ Ц.Батын бичсэн 5700 гаруй жиргээг хэвлээд гаргаад ир гэвэл хууль хяналтын байгууллага нь хэвлээд өгч чадах болов уу? Эсвэл А.Гансүх сайд байхдаа ажлаа хийлгүй твийттерт хэн хэдэн удаа өөрийг нь шүүмжилж байгааг тоолоод суудаг болж таарах нь уу. Уг нь  бол твиттер сайт өөрөө тодорхой хугацаанаас өмнөх жиргээг автоматаар архивладаг бөгөөд хөндлөнгийн хүн битгий хэл хэрэглэгч өөрийнхөө 5700 жиргээг харахад хүндрэлтэй байдаг.

Иргэний нисэхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Ц.Бат хэмээх инженерт 100 хоногийн ял өгснийхөө дараа Зам, тээврийн сайд А.Гансүх маань Төмөр замын инженерүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Л.Даваапил хэмээх бас нэгэн инженерийг яллуулахаар улайраад байгаа. Л.Даваапил нь А.Гансүх сайдын өөдөөс “Самсунгтай нэг кмтөмөр замыг хэдээр гэрээлсэн бэ, сайдаа? Тэнд луйвардсан мөнгө чинь 3,6 тэрбумаас хол давна” гэсэн ганцхан өгүүлбэр бичсэнийхээ төлөө шүүхийн хаалга татсан байна.

 Эхлээд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Даваапилд тулгасан Эрүүгийн хуулийн 111.2 хэмээх зүйл ангийг нь хөнгөрүүлэн 111.1-р зүйл ангиар ялласан аж. Гэтэл А.Гансүх давж заалдан Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж дөнгөжээ.

Харин үүний дараа Анхан шатны шүүх Монгол улсын Үндсэн хуулийн 16-д зүйлийн 16 (… Монгол улсын иргэн нь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй), Монгол улсын Эрүүгийн хуулийн 3-р зүйлийн 3.3 (Хүний үзэл бодол, итгэл үнэмшилийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй), Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйл (… Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа аргаар эрж сурвалжлах, хүлээн авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана), Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19-р зүйл (… хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй, хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй) зэрэг заалтуудыг удирдлага болгон Л.Даваапилийн гэм буруугүйг тогтоож “Цагаатгах тогтоол” үйлджээ.

Түүний дараа А.Гансүх ахиад л давж заалдаж, Давж заалдах шатны шүүх дахиад л хэргийг Анхан шатны шүүхрүү нь буцаав. Энэ бүхний эцэст анхан шатны шүүх арга буюу Төмөр замын инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Л.Даваапилийг 10 орчим сая төгрөгөөр торгож, шийтгэх тогтоол үйлджээ.

А.Гансүхийг Зам, тээврийн сайд байх хугацаанд иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байсан Изинис ХХК бүрэн дампуурч, “Хүннү эйр” болон “Аеро Монголиа” компаниуд ихээхэн хэмжээний алдагдалд орж, “Изинис эйрвиз” дампуурлаа зарласан нь худлаа биш. Түүнчлэн  Монгол Улсын цорын ганц төмөр замын байгууллага болох

 “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг  өнгөрсөн жилүүдэд 120 орчим тэрбум төгрөгийн өртэй, 50 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.  Тиймээс ч  А.Гансүх хариуцсан салбараа хамгийн муу авч явсан гэдэг дүгнэлтийг салбарынхан нь өгч байна. Харин түүнийг үйл ажиллагааг шүүмжилсэн инженерүүдийг А.Гансүх шүүхийг хөдөлгөн байж ийнхүү дарж авчээ.  Зүй нь бол шүүмжлүүлснийхээ төлөө тэдэнд өширхөх биш ажлаа сайжруулахад анхаарах ёстой байв.

Зам, тээврийн сайд асан А.Гансүхийг шүүмжилсэн хүн Ц.Бат, Л.Даваапил хоёр биш юм. Түүнийг нийтлэл Б. Баабар өөрийг нь шүүмжилсэн инженерүүдийг шоронд хийж байгаад эгдүүцсэн твийттертээ түүний тухай “ноц”-той баримтуудыг дэлгэсэн билээ.

Б.Баабарын бичсэн жиргээг эргэн сануулахад, “Наад А.Гансүх гээд байгаа чинь гайгаар төрд наалдсан адгийн шаар шүү дээ”,“Жапан тауны хөрөнгө оруулагч өвгөнийг буудалд байхад нь өрөөнөөс нь хар тамхи оллоо гэж цагдаагаар бариулдаг нь наад шаар чинь”, “Твиттерээр цуурсан Ц.Бат инженер биш иймэрхүү хулгайч луйварчин шоронд очих ёстой юм л даа”, “Одоо Жапан таунаас луйвардаж авсан хэдэн байртай. Гүтгэсэн гээд намайг шоронд хийг л дээ”,“Твиттерт юм бичлээ гээд нэг нь гомдол гаргадаг, нөгөө нь шоронд хийдэг. Арай дэндэж байгаа юм биш үү”, “Ядахдаа тэр Ц.Бат нь хүн аймаар доромжлол бичээгүй л юм байна лээ. Харин би хэлий, ГАНСҮХ БОЛ ХҮНИЙ АДАГ”, “Улс орны эдийн засаг унагааж хаясан тэр чацгыг юу ч гэсэн яадгийм” гэж бичжээ.

Түүнийг ийнхүү бичсэнээс хойш “Чацга Гансүх” гэсэн хочтой болсон Зам, тээврийн сайд асан А.Гансүх маань өөрийг нь шүүмжлэгчдийг шүүхээр яллуулахын тулд чадах бүхнээ хийсээр л байна.

Шүүхийг шүүж болохгүй. Гэхдээ иргэд хардах эрхтэй. Хардах эрхээ эдэлснийхээ төлөө хүн бүрт ял тулгаад байх нь утгагүй. Тэгвэл Монголын улстөрчдөд, Монголд ялгүй үлдэх хүн байна уу.  А.Гансүхийн дүүг  Авилгатай тэмцэх газар ажилладаг гэсэн яриа бий.  Хамаатанууд нь шүүх, крокурорын газраар дүүрэн байгаа болохоор л хүний хардах эрхээ эдэлж, үгээ хэлснийхээ төлөө шоронд суулгах, ял шийтгэл өгөхөд нөлөөлж байна гэсэн хардлагыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуульд хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хардах эрхийг нь хамгаалаад өгчихсөн юм. Тиймээс А.Гансүх төрд хачиг шиг шигдсэн холбоо сүлбээгээ ашиглаж байж дээрх хоёр инженерт ял өгүүлсэн байх. Харин одоо тэр нийтлэлч  Баабарт ямар ял төлөвлөж байгаа бол?! Арай арван саяын төлбөрт унагаад, эсвэл 100 хоног хорих ялаар шийтгүүлчихгүй байгаа даа.

 Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж