Тамгагүй төр “мөхөх үү?”

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

Тамгагүй төр “мөхөх үү?”

Тэртээ 1998 онд найруулагч Ч.Найдандорж найруулан, үзэгчдэд анх хүргэж байсан Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгээр УДЭТ-ийн “Түүхэн жүжгийн сар” үргэлжилж байгаа билээ.

“Монголд олигтой жүжгийн зохиолч алга” гэж Ч.Найдандорж найруулагч ярилцлага өгөхийг нь сонссон зохиолч Б.Лхагвасүрэн эл жүжгээ бичсэн гэдэг. Анх тайзнаа тавигдахад нь гол дүр Арчугт хааны дүрд Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай тоглож байсан юм. Түүнийг бурхан болсны дараа Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэг удаа “Миний “Тамгагүй төр” жүжиг энэ хүнтэй хамт авслагдлаа. Энэ хүн зүрхээ гаргаад гар дээрээ барьж тоглодог сайхан жүжигчин” гэснийг түүний охин Ж.Оюундарь дурссан байдаг.

Түүнээс хойш Арчугт хааны дүрийг Гавьяат жүжигчин Г.Равдан бүтээж байгаа бөгөөд энэ удаад ч гэсэн тэр тус дүрд тогложээ. Нэг хэсэг “Энэ дүрийг олигтой бүтээж чадахгүй байна” гэсэн шүүмжлэл  сонсч байсан Г.Равдан гуай сая бол сайн тоглосон.

Тайзан дээр анх тоглогдсоноосоо хойш 17 жил өнгөрч байгаа жүжгийн найруулгыг нь шинэчлэх, хөгжмийг нь солих хэрэгтэй юм шиг. Учир нь хөгжмийн зохиолч Х.Булган агсны бичсэн хөгжим үнэндээ авцалддаггүй юм. Хүннүгийн үеийн их хаан, төр улс хэрхэн мөхөж байгааг харуулсан түүхэн эмгэнэлт жүжигт тохиромжтой бус. Нэг тийм олон ангит хайр дурлалын кино, эсвэл сэтгэл гэгэлзүүлсэн поп дууны хөгжим шиг сонсогдоно. Тэгээд ч талийгаач эстрадын хүн байсан нь үүнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Үүн дээрээс нь 1980-аад оноос тухайн жүжигт тусгайлсан хөгжим бичүүлээд чимэглэл хөгжим огт ашиглахаа байсны муу үр дагавар нь илэрч, тусгайлан жүжигт бичсэн хөгжмүүдээс хамгийн муу нь энэ байлаа гэхэд хилсдэхгүй байх.  

Мөн тайзны шийдэл нь хэтэрхий сонгодог. Хурц, хурц өнцөгтэй. Арчуг хаан хатнаа “Цацартаа очиж амар” хэмээн хэлэх боловч тайзны засалт нь европын сонгодог жүжгийг санагдуулам аж.  Хөгшин, залуу хоёр хатнаас нь нэгэн зэрэг нуган үр төрж, их хатнаас нь төрсөн хүүхэд нь хааны туслах Эгэрэгийн хүү байх бөгөөд өөрийн хүүгээ хаан ширээнд суулгах, төрийн тамга, хаан сэнтийний төлөө бүхий л зүйлийг хийж байгааг харуулсан уг жүжгийн зөрчил нь үнэндээ огцом, хурц гэхээсээ илүүтэй хоорондоо орооцолдсон, нэг тийм бөөрөнхий ч гэж хэлж болмоор. Харин тайзны засалт нь энэ бүхнийхээ эсрэг байлаа.    

“Тамгагүй төр” жүжгийн гол дүрийн нэг болох Эгэрэгт Ардын жүжигчин Б.Цэрэндагва тоглосон. Анх тоглосон цагаас нь эхлэн тус дүрийг бүтээж байгаа тэрээр энэ удаад ч өөрийн авьяас билгээрээ үзэгчдийнхээ хайр хүндэтгэлийг дахин хүлээж, хэр “зангараг”-тай жүжигчин бэ гэдгээ нотоллоо. Хэдийгээр хориод жил өнгөрсөн ч тайзан дээр жүжгийн хурц зөрчлийг илэрхийлэх огцом хөдөлгөөнийг залуу жүжигчдээс дутуугүй хийж байлаа.

Эцэст нь хэлэхэд, УДЭТ-ийн жилийн орлогын багагүй хэсгийг дангаараа бүрдүүлдэг уг түүхэн жүжгийн найруулагчийг нь сольж үзвэл ямар вэ? Хэрэв ингэвэл энэ жүжгийн цаашид наслах насыг уртасгаж болмоор санагдана. Үнэхээр ч энэ байдлыг урьдчилан хараад жүжгийн зохиолч маань “Тамгагүй төр” жүжигчин Л.Жамсранжав агсантай хамт авслагдлаа” хэмээн хэлсэн байж болох.

Т.ДЭЛХИЙ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж