“Давос”-ыг Улаанбаатарт урилаа

Хуучирсан мэдээ: 2015.01.26-нд нийтлэгдсэн

“Давос”-ыг Улаанбаатарт урилаа

“Давос”-ыг Улаанбаатарт урилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч М.Земаны урилгаар 2015 оны нэгдүгээр сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийж, мөн сарын 21-24-нд Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго бүхий хараат бус, бие даасан олон улсын байгууллага юм. Профессор Швабын санаачилгаар 45 жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн тус чуулга уулзалт нь жил бүр чуулж дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцдэг билээ.

Энэ удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон албаны хүмүүс,хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүн оролцлоо.

Монгол Улс тус чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч оролцож ирсэн. Дэлхийн болон бүсийн чуулга уулзалтад оролцохын зэрэгцээ Улаанбаатар хотноо 2010, 2011, 2014 онд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний уулзалтыг, 2011, 2014 онд "Авлигын эсрэг түншлэл” салбар хуралдаан”, “Монгол орны усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь”, “Монгол Улсын усны нөөц-хөгжлийн хурдасгуур” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж байсан юм. Монгол Улс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас санаачилсан Авлигын эсрэг түншлэлийн санаачилгад нэгдэн, Авлигын эсрэг түншлэлийн Монголын сүлжээг байгуулсан. Өнгөрсөн онд Гадаад хэргийн яам Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, манай улсын хөгжлийн чиг хандлага, хэтийн төлөвийг тодорхойлсон судалгааны төслийн хүрээнд “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалын хүрээнд нэгдүгээр сарын 21-нд “Уул уурхай металлург болон дэд бүтцийн үйлдвэрлэл”-ийн хамтарсан хуралдаан, “Дэлхийн 2015 оны Усны хөтөлбөр” хуралдаан, Уул уурхай, металлургийн бодлогын хуралдаануудад оролцож, үг хэллээ. Мөн  Дэлхийн эдийн засгийн удирдагчдын “Стратегийн өрсөлдөөн-дэлхийн дахины шинэ нөхцөл байдалд” сэдэвт уулзалт болон Дэлхийн эдийн засгийн удирдагчдын “Эрчим хүчний геополитик-дэлхий дахины шинэ нөхцөл байдалд” сэдэвт албан бус уулзалтуудад оролцсон юм.

Түүнчлэн айлчлалын сүүлийн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид профессор Клаус Шваб бараалхсан байна. 45 жилийн тэртээ дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлох хэмжээний чуулганыг санаачлан өнөөдрийг хүртэл  зохион байгуулж байгаа профессор Шваб уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус чуулганд өндөр ач холбогдол өгөн хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлээд, “Монгол улс бидний сэтгэл зүрхэнд ойр, асар сайхан ирээдүйтэй гайхамшигтай ард түмэн. Бид цаашдаа хамтдаа хүн төрөлхтөний сайн сайхны төлөө асар их зүйлийг бүтээх болно” гэдгийг онцолжээ. Харин энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Давос зүүн хойд Ази” хуралдааныг Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулах санал тавьж байгаагаа илэрхийлсэн байна.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж