Ажлын хэсгийнхэнтэй хамтарч нягтална

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийнхэнтэй хамтарч нягтална

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хийж байгаа болон Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулсан саналынх нь талаар тус хорооны дарга Н.Лувсанжавтай ярилцлаа.

-Сонгуулийн санал хураалтыг автомат­жуу­ла­хад зориулж энэ оны төсөвт 24 тэрбум төгрөг тусгасан. Энэ хүрэлцээтэй мөнгө үү?

-Энэ оны төсөвт тусгасан 24 тэрбум төгрөг бол зөвхөн сонгуулийн санал хураалтыг автоматжуулахад зориулсан мөнгө. Харин үүний цаана тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд шаардагдах  гаалийн татвар болон шаардлагатай бол зөвлөх үйлчилгээнд төлөх мөнгө хэрэгтэй болно. Мөн саналын хуудас хэвлэх зэрэг зардал дээрх мөнгөнд ороогүй байгаа. Тиймээс 24 тэрбум төгрөг бол техник авахад л гарах цэвэр зардал бай­гаа юм. Сонгуулийн үеэр олон хүний хөдөлмөр шаардагддаг. Эдгээр хүний үйл ажиллагааг хангах зардал, зайлшгүй шаардлагатай шуу­дан, тээвэр холбоо, бичиг хэрэг, байр тохижуулах зэрэг зардал гарах нь мэдээж. Тиймээс үүнийг 2012 оны төсөвт тусгах байх.

-Дээрх мөнгөөр санал ху­раал­тыг автоматжуулах тоног төхөөрөмж авч хүрэлцэхгүй байх магадлал өндөр учир са­нал хураалтын төхөөрөмжөө та­нилцуулсан гад­ны компаниуд сон­гуулийн үеэр төхөөрөмжөө тү­рээслүүлээд, сон­гууль дууссаны дараа буцааж авах санал тавьж байсан. Энэ хэр ашигтай санал вэ?

-Ер нь мэдээллийн технологи маш хурдацтай хөгжиж байгаа өнөө үед маргааш гэхэд ямар шинэ тоног төхөөрөмж бий болохыг хэн ч мэдэхгүй. Тухайлбал, энэ сонгуулиар хэрэглэх төхөөрөмжийг хамгийн боловсронгуй  нь гэж бодож байтал дараагийн сонгууль гэхэд яаж ч өөрчлөгдөж мэдэх талтай юм. 24 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Тиймээс энэ мөнгийг үр ашигтай зарцуулах үүднээс бодож үзэн, тоног төхөөрөмжөө танилцуулсан компаниудад бүтээгдэхүүнийг нь түрээслэх боломжтой эсэх талаар бид асуулга тавьсан юм. Зарим улс түрээслэх аргаар асуудлаа шийддэг зэргийг харгалзан үзсэн л дээ. Гэхдээ ингэлээ гээд түрээслэж авахаар  шийдсэн гэсэн үг биш. Ер нь бид бололцоотой бүх л боломжийг судалж үзэж байна.

-Одоогоор хэдэн компани тоног төхөөрөмжөө танилцуулсан юм бэ?

-Одоогийн байдлаар дөрвөн ком­пани төхөөрөмж танилцуулсан байна. Үүнд АНУ-ын хоёр, Венесуэль улсын нэг, Өмнөд Солонгосын хамтарсан хоёр компани багтаж байгаа.

-Танилцуулга хийсэн компа­ниудын төхөөрөмжөөс онцолсон нь байна уу?

-Сонгуулийн ерөнхий хороо аль компанийн ямар төхөөрөмжийг авах нь хүмүүст их сонин байдаг юм шиг санагдаад байгаа. Сонгуулийн ерөнхий хороо аль нэг компанийг онцолж сонгочихоод байгаа гэх хардлага ч гадуур байгаа юм шиг байна билээ. Үнэн хэрэгтээ танилцуулгыг нээлттэй зохион байгуулж ирсэн. Төхөөрөмж та­нилцуулах үеэр УИХ-ын гишүүд болон хэвлэл мэдээллийнхэн биечлэн оролцдог. Энэ үеэр компанийн тө­лөөллүүдээс асууж тодруулах зүйлс­тээ газар дээр нь хариулт авсан. Үүнээс гадна тоног төхөөрөмжийнх нь ажиллах горимыг ч биеэрээ туршиж үзэж байсан. Харин одоогоор аль улсын ямар төхөөрөмжийг сонгох нь тодорхойгүй байхад танилцуулга хийсэн компаниудын тэр нь сайн, энэ нь муу гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Бидний үүрэг бол манай нөхцөлд тохирох,  хамгийн баталгаатай, үнэ нь боломжийн техник технологийг сонгох юм. Сонголтыг хэний орол­цоотой, ямар хэлбэрээр хийх вэ гэдгийг жичдээ ярих юм. 

-Дээрх компаниудаас гадна тоног төхөөрөмжөө танилцуулах санал тавьсан компани байна уу?

-Тийм ч олон компани санал хураалтын тоног төхөөрөмж хий­дэг­гүй юм билээ. Одоогийн байдлаар дээрх компаниудаас өөр ямар нэгэн компани төхөөрөмжөө танилцуулах шинэ санал ирүүлээгүй л байна. 

-Танай хорооноос Сонгуулийн тухай хуулийн төсөлд санал хүргүүлж байгаа. Голдуу ямар саналууд хүргүүлсэн бэ?

-Сонгуулийн ерөнхий хороо УИХ-д өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд өнгөрсөн жилээс эхлээд санал хүргүүлсэн. Өнгөрсөн жилийн тавдугаар сар гэхэд 70 шахам төрлийн санал өгсөн. Харин энэ сар гарсаар гурван ч удаа санал хүргүүлсэн байна. Манай хо­рооны зүгээс сонгуулийн үйл явцад янз бүрийн будилаан гаргахгүй байх талаас нь харгалзаж үзэж санал өгч байгаа. Голдуу технологи, зохион байгуулалтыг сайжруулах талаар гэхэд болно. Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаа хоорондоо уялдаа холбоотой, зөрчилгүй байх. Тех­нологийг нь ойлгомжтой байлгах. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг  ямар зохицуулалтаар гаргахыг то­дорхой болгох. Сонгуулийн үеэр маргаан гарсан тохиолдолд тоо­цох хариуцлага, сонгуулийн сур­талчилгааг боловсронгуй болгох талаар голдуу санал өгсөн. 

-Сонгуулийн ерөнхий хороо­ноос гаргасан саналуудыг хуулийн төсөлд хэрхэн тусгаж байна гэж бодож байна. Ер нь байнгын хороогоор хуулийн төслийг хэ­лэлцэх үеэр нэлээд маргаан гарсан?

-Манай саналын талаар УИХ-аас гарсан ажлын хэсэг дээр яриад, саналын томъёоллууд бэлтгэж Төрийн байгуулалтын байнгын хороогоор уржигдар оруулж, нэлээд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Гэхдээ тэр саналыг аваад, үүнийг нь унагаачихлаа гэсэн тодорхой мэдээлэл одоогоор ирээгүй. Ер нь Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан саналыг хуулийн төсөлд тусгаад явж байгаа. Саналыг хуулийн төсөлд тусгаж ч болно, тусгахгүй ч байж болно. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулсан бүх саналыг хэлэлцэж дуусаад хуулийг батлахад бэлэн болсны дараа УИХ-аас гарсан ажлын хэсгийнхэнтэй хамтарч нягтлахаар бид тохиролцсон. Ингэж байж хуулийн заалтуудын уялдаа холбоо, зөрчил нь ямар байна гэдгийг илрүүлэх боломжтой. Ер нь хуулийг бүхлээр нь харсны эцэст л уялдаа холбоогүй, зөрүүтэй зүйлийг нь залруулах боломжтой. Үүн дээр манай хороо ажиллана.

Р.САРАНГОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж