Монгол түмний уламжлалт баяр цагаан сар хаяанд иржээ. Өвлийн сүүл сарын шинийн 7-ны өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд 20 гаруйхан хоногийн дараа нийтээрээ сар шинийн баяраа тэмдэглэх гээд хөдөө, хотгүй хөл ихтэй байна. Яг л ийм үед сайны хажуугаар саар болон зэрэгцдэг “урт гартнууд” ажилдаа шамдан орсныг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
Бууз, баншаа алдсан иргэд олон
Монголчууд түүхий мах болоод боловсруулаагүй бүтээгдэхүүн хулгайлах нь бүү хэл үдэш оройн цагаар гэртээ оруулахад “Улаан махны бузар болно” гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үед энэ үгийн үнэ цэнийг хүмүүс мартжээ. Хүйтний улирал, идэш хоолны цагаар малын хулгай ихэсдэг бол цагаан сар дөхөөд ирмэгц бууз, банш, ууц шүүсний хулгай нэмэгдэж байгааг анхааруулж байна. Хөдөө, хотын алинд нь ч “Хүнсний зүйл алдагдлаа” гэсэн дуудлага тасрахгүй байгаа бөгөөд хөлдөөсөн бууз, банш, ууц, хөлдүү мах, гурил, будаа, цагаан идээ гээд хулгайч нарт авахгүй зүйл үгүй ажээ. Тиймээс малчид малаа хариулга маллагаатай байлгахын дээр хотын иргэд орон гэрээ хулгайчийн саварт өртөхөөргүй цоож цуургатай байлгахыг цагдаагийн байгууллагаас сануулж байна. Орон сууцны айл өрхүүд орцны жижүүртэйгээ хамтран ажиллаж, хөршийн холбоогоо сайжруулах нь хулгайч нарын урт гарт өртөхөөс сэргийлэх нэг арга гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Захуудад хулгай ихэсчээ
Цагаан сарын бэлтгэлээ базаахаар хүмүүс Нарантуул болон бусад худалдааны төвүүдийг зорьдог. Тэр дундаа улирал бүхэнд хүний хөл тасардагүй Нарантуул худалдааны төвд баяр ёслолын үеэр хулгайн хэрэг нэмэгддэг. Тиймээс Улаанбаатар хотын цагдаагийн газраас иргэдэд хандан зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ мөнгө төгрөг, гар утас, эд зүйлсээ хулгайчид алдахаас сэрэмжлэхийг сануулж байна. Түүнчлэн хөдөөнөөс хотыг зорин ирсэн иргэд худалдан авсан эд зүйлсээ алдах тохиолдол элбэг байдаг ажээ. Нутаг руугаа явахаар яарсандаа худалдан авсан зүйлсээ мартах, хулгайд алдахын дээр машиныхаа тэвшин дээрээс ачаагаа алдсан тохиолдол ч цөөнгүй гэнэ.
Хулгайн гэмт хэрэг нийслэлд төдийгүй хот суурин газруудад ч буурахгүй байна. Саяхан л гэхэд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Дархан хотын Марс төвийн үнэт эдлэлийн лангууyнаас 50 ширхэг бөгж хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн. Хөвсгөл аймгийн иргэн А гэгч бусадтай бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдсэн бөгөөд Улаанбаатар хотод ирж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байр хөлслөн амьдарч байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад баригджээ. Хулгайч нар 22-28 насны залуучууд /гурав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй/ бөгөөд бүгдээрээ нэг нутгийнхан гэж мэдүүлжээ.
Бохь зарах гэж ирээд утсыг нь авчээ
Цайны газар, зоогийн газар, баар рестораны алинд ч "Эгч ээ, ах аа бохь авах уу", "Сэтгүүл авах уу", "Салфетик авах уу" гэж гар дээрээс худалдаа хийдэг хүүхдүүд цөөнгүй таардаг. Тэдгээр хүүхдүүд амжиргаагаа залгуулах гэж наймаа хийхээсээ илүүтэй хулгай хийж байгааг Улаанбаатар хотын Цагдаагийн газраас анхаарууллаа. Тус газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 15 хүүхдийг мөрдөн шалгаж байгаа ажээ. Тэд хулгайлж авсан гар утсаа хуучин утасны ченжүүдэд өгдөг гэнэ. Нэг хүүхэд л гэхэд 20-50 гаруй гар утас хулгайлсан байжээ. Гар дээрээс жижиглэн наймаа эрхэлдэг хүүхдүүдийн дийлэнх нь сургуульд сурдаггүй, аав ээж нь архидан согтуурдаг, гэр оронгүй болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна.
М.СУРА