-Үнэндээ өрийн хязгаарыг нэмэхгүйгээр Монгол улс энэ жилээ давж чадахгүй гэдэг хясал дээр тоглож засагт хамтарсанаа нуух гэсэн ядмаг улс төр сүүлийн хэд хоногт явлаа-
Ойрын хэдэн сардаа монголчууд 58.3 гэсэн тоог мартахааргүй болтол УИХ-ын гишүүд давтлаа. Энэ тоо бол энэ онд Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 58.3 хувьд байна гэдгийг илэрхийлж байгаа юм. Жирийн айл өрхөөр авч үзвэл та энэ энэ жил 20 саяын орлоготой ч энэ чинь танай гэр бүлийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй учраас та айл саахалтаас мөнгө зээлэх шаардлагатай, гэхдээ энэ өр чинь 20 саяынхаа 58.3 хувиас илүү байлгаж болохгүй гэсэн үг.
Өрийн тааз гэж нэрлээд байгаа энэ тоо яагаад бий болов, энэ тоо ямар ид шидтэй тоо вэ? УИХ 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулийн дагуу хэд хэдэн шинэ нөхцөл шаардлагыг төсөвт тавьж, эхнийхийг 2013 оноос мөрдөж эхэлсэний жил болгоны өрийн ДНБ-д эзлэх хувийг хуульчилж өгсөн явдал юм. Хуулийн 19-ийн гуравт “Энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн бодит хэрэгцээ, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтаас төсөвт оруулах орлого, тэдгээр орд ашиглалтын урьдчилгаа төлбөрийн боломж, өмнөх жилүүдэд авч ашигласан гадаад зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай уялдуулж, үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” хэмээн заажээ.
Харин өнөөгийн бодит нөхцөл байдлаар 2015 онд өрийн тааз яавч 40 хувийн хязгаараа барьж чадахгүй болоод байгаа юм. Тиймээс хууль зөрчихгүйн тулд аргаа барахдаа энэ хуулинд өөрчлөлт оруулъя гэсэн саналыг Засгийн газар тавьсан.
Өрийн таазыг Монгол Улсын Засгийн газар ДНБ-ий 60 хувьд хүргэх санал оруулсан ч эрхэм гишүүд шүүн хэлэлцсэний эцэст 58.3 хувиар өнгөрсөн Мягмар гаригт баталлаа. Засгийн газрын санал болгосон 60 хувь, гишүүдийн баталсан 58.3 хувийн хоорондох 1.7 хувь нь төгрөгөөр илэрхийлвэл 460 тэрбум болж байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэлснээр Засгийн газар өрийн таазыг 2015 онд 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2016 онд 40 хувь барих санал өргөн барьжээ.
Өрийн таазыг хэлэлцэх явцад Монгол Улсын өр яг хэд хүрсэнийг үнэндээ ойлгосонгүй. Шинэ болоод хуучин Сангийн сайдын өгсөн өрийн хэмжээ хоорондоо зөрлөө. УИХ дахь МАН-ын болоод Ардчилсан намын бүлгийн дарга нарын амнаас гарсан тоонууд бүгд зөрөөтэй. Өнгөрсөн аравдугаар сард ажлаа өгсөн Сангийн сайд асан Ч.Улаан “Ажил хүлээлцэх үед улсын өр ДНБ-ий 49 хувьтай тэнцэж байсан” гэсэн бол шинэ Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Намайг ажил авахад улсын өр ДНБ-ий 53 хувьтай тэнцэж байсан” гэлээ. Харин эрхбиш засаг барихаар хамтарсан юм болохоор УИХ дахь Ардчилсан намын болон МАН-ын бүлгийн дарга нар 58.3 гэдэг дээр ам нийлэв. Гэвч МАН энэ тоог зүгээр ч хүлээн зөвшөөрсөнгүй. “МАН Засгийн газарт хамтраад ажил автал хууль зөрчсөн байтугай, маш хүндрэлтэй байдал үүссэн байсан. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар улсын өр 55.2 хувь гэсэн тоо гарсан. УИХ-аас батлагдсанаар гадаадаас авсан зээл тусламжийг оруулан тооцож үзэхэд 58.3 хувь гэсэн тоо гарч байгаа” хэмээн мэдэгдлээ. Мөн тэрбээр улсын нийт өнөөдрийн үнэлгээгээр 13 их наяд 920 сая болоод байгаа гэлээ. Харин Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар МАН-ын засагт хамтрах нэг гол нөхцөл болсон төсвөөс гадуурх бондын мөнгийг нэг төсөвт багтаах гэсэн шаардлагын дагуу тооцож үзсэний улмаас өрийн тааз ийнхүү 58.3 хувьд хүрээд байгааг учирласан. “Түүнээс биш нэмж өр тавьсан асуудал байхгүй” хэмээн Б.Гарамгайбаатар хэлсэн. МАН гуйгаад байхаар нь засагт ороод иртэл тэнд болж бүтэж байгаа юм байхгүй юм байна, данс улайчихсан юм байна, бид молигодууллаа гэсэн мессеж түгээж байгаа бол Ардчилсан нам “та нар нэг төсөвтэй бол гэж шахаж шаардаагүй бол өрийн тааз цоорохгүй л байсан юм” хэмээн өөрсдийгөө өмгөөлөв. Гэтэл үнэндээ 2012 оноос хойш Монгол Улс албан ба албан бус хоёр төсөвтэй явсаар л байсныг бүгд мэдэж байсан шүү дээ. Харин ч гадныхан аль эртнээс энэ бол муу уршиг дагуулж мэднэ, хууль бус гэдгийг зөвлөсөөр ирсэн.
Үнэндээ энэ оны төсөв бол хуучин Сангийн сайд нь ажлаа өгчихсөн, шинэ сайд нь томилогдоогүй байх үед батлагдсан төсөв. Уг нь төсөв гэдэг бол мөнгө биш хөгжлийн бодлого байх учиртай. Тоогоор илэрхийлэгддэг учраас мөнгө гэж эрхэм гишүүд хараад байх шиг байна. Хуучин Сангийн сайдын хэлж байгаагаар энэ оны төсвийн төслийг өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн барихдаа Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 48 хувьтай тэнцүү байгаа учраас өрийн хязгаарыг 2015 онд 70 хувь болгож өсгөх хэрэгтэй гэсэн саналыг өргөн барьжээ. Харин УИХ энэ саналыг хүлээж авалгүй өрийн хязгаарыг 40 хувиас хэтрүүлэхгүй байх чиглэл өгсөний дагуу боловсрогдон орж ирж батлагдсаныг Ч.Улаан сайд сануулсан. “УИХ-ын гишүүд өөрсдөө чиглэл өгч боловсруулуулсан асуудлаа мартсан байна. Эдийн засгийн үзүүлэлтүүдийг хооронд нь уялдаа, зохицуулалттай, баланстай боловсруулдаг ийм зарчмаас гажуудаж, өөрсдийн санаанд тааруулан чиглэл өгчихөөд эргээд түүнийгээ эзэнтэй болгох гэж хэн нэгэнд нааж байгаа нь явуургүй, бусармаг үйлдэл” хэмээн хэвлэлд ярьсан. Үнэндээ өрийн хязгаарыг нэмэхгүйгээр Монгол улс энэ жилээ давж чадахгүй гэдэг хясал дээр тоглож засагт хамтарсанаа нуух гэсэн ядмаг улс төр сүүлийн хэд хоногт явлаа.
Гэтэл бодит байдал дээр 58.3 гэдэг тоо ч хангалтгүй байгаа. 58.3 гэдэг Засгийн газрын өр, Засгийн газрын баталгааны өр, Чингис, Самурай бондын төлбөр, 2015 онд хийх ажлын гүйцэтгэл, хүлээгдэж буй гүйцэтгэлүүд нийлээд мөргөж байгаа тоо юм. Засгийн газар үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд 900 тэрбум төгрөгийн бонд гаргахаас өөр аргагүй байгаа.
Д.НАРАНТУЯА
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин