Монголын волейболын залуучуудын холбооноос хэвлэл мэдээллийн салбарын дундах анхдугаар “Супер цом-2015” тэмцээнийг эдгээр амралтын өдрүүдэд ОБЕГ-ын “Аврагч” спортын зааланд зохион байгуулж байна. Тэмцээнд TV-5, TV-9, МҮОНРТ, ETV, “Зууны мэдээ”, “Монгол ньюс”, Масс, Ньюс агентлагууд зэрэг хэвлэл мэдээллийн салбарын 20 гаруй баг оролцож байна. Тэмцээнийг “Скайтель” компани, “Олимпус” спортын барааны дэлгүүр ивээн тэтгэж байгаа юм.
Тэмцээний медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр болж, "Супер цом 2015"-ын эзэд тодорно. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр оны төгсгөлд болох салбар бүрийн шилдгүүдийн өрсөлдөөнд оролцох хэвлэл, мэдээллийн “шилдэг тамирчид”-ыг зарлах юм.
Тэмцээнд оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж буй үзэг нэгт нөхөд маань спортлог гэдгээ харуулж, тоглолт бүр өрсөлдөөн дүүрэн болж байна. Өчигдөр хэсгийн 18 тоглолт болсон бөгөөд ихэнх тоглолт гурван сэт үргэлжилсэн байна. Тухайлбал,
Эрэгтэйчүүдээс:
"Монгол ньюс" – Лего МҮОНРТ – 2:1
LCNTV – TV-5 – 2:1
Олуулаа МҮОНРТ – TV9 -2:1
Масс – TV9 – 2:1
Эмэгтэйчүүдээс:
Масс – Монгол ньюс 2:1
Зууны мэдээ – Эмонг Монголиа 1:2
МҮОНРТ-ТV9 – 2:1
Масс-Зууны мэдээ 2:1 харьцаагаар өрсөлдөгчөө хожжээ.
Дашрамд, Монголын залуучуудын волейболын холбоо 2014 оны 6-р сард байгуулагдаж, олон арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хугацаанд http://volleyball.mn сайтыг ажиллуулж, “Медальд хүрэх зам” сургалтыг эхлүүлсэн бөгөөд одоогоор уг сургалтад 600 гаруй суралцагчид хамрагдаад байна. Харин энэ оны анхны олон нийтийг хамарсан тэмцээнийг хэвлэл, мэдээллийн салбарын дунд зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү шилжин явах “Супер цом”-ын тэмцээн жил бүр болох аж. Харин тус холбоо дараагийн тэмцээнийг ирэх тавдугаар сард үүрэн телефон оператор компаниудын дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Ч.БОЛОР