Бин Ладен ”амилсан” гэдэгт тэд итгэсэн бололтой

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Бин Ладен ”амилсан” гэдэгт тэд итгэсэн бололтой

Төрийн “хар салхи” уул уурхайн салбарынхныг дайрав. УИХ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2009 онд баталсан. Гэвч ашиг сонирхлын бүлэглэлүүдийн уртаас урт сүл­жээ үүсгэсэн “Урт нэр­тэй” хууль төр, иргэн хоёрыг толхилцуулах нь тэр. Бүр нууц ажиллагаа явуулж, төрийн нүд, чих болдог тагнуулынхан гэгээн цагаан өдөр уурхайчдын “омог” руу дайрцгаав. Үгүй, энэ чинь юу болж байна вэ. Тэд өнгөрсөн долоо хоногт Заамар тийш дайлаар мордож, хамаг эд хөрөнгийг нь олзолсон бол өчигдөр, уржигдархан Сэлэнгэ, Шарын голынхныг сэтгэл зүйн хямралд оруулжээ. Уул уурхайн компанийн захирлуудыг “Уурлаад бай­на уу, үгүй юү. Аятайхан байгаарай” гэж гэнэ. Харин ажилч­дыг нь харцаараа хө­дөлгөж, номхон зогсоосон юм байх. Тэгмэгцээ хамаг эд агуурсыг нь түгжиж, хаалга, үүдийг нь янгинатал лацадсан гэж байна, цаана чинь. Ер нь энэ төрийн дээрэм үү, хууль хэрэгжүүлэгчдийн бүрэн эрх үү. Аль эсвэл тагнуулынхны найруулсан адал явдалт кино юу. Тэнд Осама Бин Ладены монгол хувилбар бий гэдэгт тэд арай итгэчихсэн юм биш биз. Америкчууд ¹1 дайснаа пакистанчуудтай хүч хавсран устгасан гэдэг. Пакистаны тал үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч олон улсын өмнө эвгүй байдалд орсон. Тэгвэл УИХ “Урт нэртэй“ хууль баталж, Засгийн газрыг “хамтрагч“-аараа тодруулсан билээ. Тиймээс балаг тарьсныхаа горыг хууль санаачлагч эрхэм гишүүн, салбар хариуцсан сайд хоёрын хэн нь эхэлж амсах нь сонирхол татаж эхлэв.  

“Урт нэртэй” хууль урт “зам” туулахгүй нь тодорхой боллоо. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Эрхэм гишүүд өнгөрсөн мягмар гарагт уршиг дагуулсан хуулиа өөрчлөх эсэхийг хэлэлцэх байсан ч хойшлуулчихлаа. Ардын намын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг Ардчилсан намынхан “Жич хэлэлцэнэ” гэсэн учраас энэ. Тиймээс хууль санаачлагчид тус намаас томилогдсон ажлын хэсгийнхэн санал, дүгнэлт гаргахыг хүлээхээс өөр аргагүй болов. Гэвч энэ хооронд өр нэхүүлж, үүдээ цоожлуулсан уул уурхайн салбарынхан давшилт хийж эхэлжээ. Монгол, Оросын хамтарсан “Шижир алт” тэргүүтэй зарим компанийнхан Ерөнхий сайд С.Батболдод хандлаа. Хам­гийн сонирхолтой нь тэд Сүхбаатарын талбайд цугласангүй. Бас Төрийн орд­ныг гороолсонгүй. Дипломат зантай Ерөнхий сайдад дип­ломат утгатай албан бичиг л хүргүүлэв.

 Ингэхэд тэд Ерөнхий сайдад юу гэж гомдоллосон бол. “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Лхагвадорж ингэж бичжээ. “Заамар дахь алтны үйлдвэр маань Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан төрийн өмчийн “Монголросцветмет” нэгдлийн 51 хувийн оролцоотойгоор 1995 онд анх үүдээ нээсэн. Ингэснээр Монгол Улсын төсвийн бүрдүүлэлтэд 32.424.800 мянган төгрөгийн хөрөнгө оруулж, гэнэтийн ашгийн 68 хувийн татварт 12.891.820.6 мянган төгрөгийг шударгаар төллөө. Харин энэ сарын 18-нд уурхай дээр ирж, хяналт шалгалт хийх удирдамжгүй ажилласан Тагнуулын ерөнхий газрын дөрвөн ажилтан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын гурван байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж, олборлох тоног төхөөрөмжийг лацадсан. Тэд компанийн үйл ажиллагааг зогсоох болсон шалтгаанаа “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд алт олборлож байгаа” гэж тайлбарласан ч энэхүү хамгаалалтын бүсийг хаагуур ямар солбилцолтой тогтоосон талаар ажлын хэсгийн гишүүд ямар нэгэн тайлбар, ойлголт өгөөгүй. Бид энэхүү бүсэд тусгай зөвшөөрлийн талбайн ямар хэсэгт орсон талаар одоо болтол мэдэгдээгүй” гэж. Тэрбээр тагнуулынхан Заамарт “боевик” ажиллагаагаа хэрхэн явуулсан талаар цухасхан дурьдаж, эцэст нь уурхайг нээх шийдвэр гаргуулахыг хүсчээ. Төр хэрэгжүүлж мэдэхгүй, харин иргэн ойлгохгүй… “Урт нэртэй” хуулийг өнгөцхөн өөнтөглөхөд ийм аж. Ямартай ч уул уурхайн салбарынхан тийш шидсэн төрийн “зүү” хамтарсан Засгийн газар руу чиглэлээ. 

С.БАТТУЛГА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж