“Шинэ үе” продакшны жүжигчид ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт аялан тоглолт хийж явах үеэр автозамын осолд орсон талаар бид мэдээлсэн. Ослын улмаас жүжигчин Т.Билгүүн амь насаа алдаж, А.Энхжин эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэхүү ослын талаар албан ёсны мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Б.Болдоос тодрууллаа.
-Консулын газарт энэ талаар албан ёсны мэдээлэл ирсэн үү?
-Хөх хот болон Эрээн дэх Консулын газарт албан ёсны хариу ирээгүй байна.. Гэхдээ Эрээн дэх Консулын газрын ажилтнууд Шилийн гол аймгийн Ардын Засгийн газрын гадаад харилцааны газраас энэ асуудлаар тодруулсан гэсэн. Нэг иргэн амь насаа алдаж, хоёр иргэн гэмтсэн гэх хариуг өгсөн байна.
-Консулын газраас хэрхэн анхаарал тавих вэ?
-Ар гэрийнхэн нь эндээс явж таарна. Тэгэхээр Эрээнд байгаа Консулын газраас хүлээн авч, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч туслалцаа үзүүлнэ гэх мэдээллийг өглөө.
Мөн эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр жүжигчдийн сууж явсан автомашин ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Биеийн байдал нь хүнд байгаа хоёр жүжигчинг Шилийн гол аймгийн эмнэлэгт эмчлэн, эрчимт эмчилгээ хийж эхэлсэн байна.
Д.ЖАРГАЛ